Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 0642

 

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2016/00642

Орхон аймаг

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Гачууртын дунд төгөлийн эхэнд оршин суух Заландай овогт Мэгдийн Навчмаа /ШГ: 63081901/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-8-60 тоотод оршин суух Байлгас овогт Хуушааны Ганчимэг /ТГ: 68040800/

773 300 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг  2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Навчмаа нь 2014 оны 09 дүгээр сарын 23-нд ногооны ченж Х.Ганчимэгт 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 50 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэл нэхэж шаардаж байж бэлнээр 282 000 төгрөг, дансаар 1 709 000 төгрөг, үүнээс 455 000 төгрөг 65 хоногийн хүүнд өгч, 1 536 000 төгрөг, үндсэн мөнгөнд авсан. Үндсэн мөнгөний үлдэгдэл 464 000 төгрөгийг буцааж өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Х.Ганчимэг нь 2 газар ногооны лангуутай, ногооны ченж. Улаанбаатар хот, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас ногоо бөөндөж зардагийг нь мэддэг байсан. Өдөр шөнөгүй утасдаад мөнгөний хэрэг гараад байна, мөнгө орохоор өгье гээд байхлаар нь итгээд зээлдүүлсэн. Мөнгөө нэхэхээр удахгүй өгнө. Хүү мөнгө нь хэд болж байна гэдэг байснаа сүүлдээ залгаад утсаа авахгүй, ногоо бөөндөж байхаар нь хайж олоод уулзахлаар яг одоо мөнгөө аваад өгнө. Хэдэн минут хүлээж бай гэчихээд утсаа хаагаад зугтчихдаг болсон. Тэгээд аргаа бараад 2015 оны 7 сард шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч тэр үед нь Х.Ганчимэг гэмтэл бэртэл авч хотод эмчлүүлж байх үе нь таарч Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №4994 тоот захирамжаар хаягандаа байхгүй, утасаа авахгүй байхаар нь хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнээс хойш олон сар өнгөрч өвчин зовлон нь гайгүй болсон гээд 3 сарын 15-нд утасаар ярихад хуучин 99675244 номерийн утсаа авч хуучин байрандаа байсан. Бие нь зүгээр болсоноор барахгүй миний үлдсэн мөнгийг өгөхгүй гэж утсаар ярьж байна. Х.Ганчимэг нь мөнгө авчихаад одоо болохоор үлдсэн мөнгийг чинь өгөхгүй гэж харааж загнаж байгаад маш их гомдож байна. Ийм учир Х.Ганчимэгээс үндсэн мөнгөний үлдэгдэл 464 000 төгрөг, 50 хоногийн хүү 77 300 төгрөг, алданги 232 000 төгрөг, нийт 773 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Навчмааг төлөөлж шүүх хуралд орж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ганчимэг нь ногооны бизнес хийж амьдардаг. Урантогоод нэг лангуу аваад өөрөө наймаа, бизнестэй явж, нэг айлын охин суулгадаг байсан тэр охиноор хүнсний захын Даяа гэдэг хүнд оруулж өгөөд бай гэж хэлсэн тэгээд асуухаар тэр охин маань 2 удаа үлдсэн байж магадгүй гэдэг тийм учир данс банкны хуулбараа авчирч тулга гэж хэлсэн боловч өөрөө тулгаагүй. Ингээд байж байтал би хүнд зодуулаад Улаанбаатар хот яваад эмчилгээ хийлгэж байгаад ирээд сар болж байна. Эрдэнэтэд 4 хоног ухаангүй, Улаанбаатар хотод 3 хоног ухаангүй байсан одоо арай гайгүй болоод байна. Тэр хүмүүсээ цагдаагаар шүүлгэж байгаа. Тийм учир намайг шүүхэд дуудах нааш цааш явуулахыг би зөвшөөрөхгүй байна. Одоо харин хөл дээрээ дөнгөж гишгэж явж байгаа. Данс тооцооныхоо хуулгыг үзнэ гэхээр хүнээр хураалгаж авдаг байсан болохоор би тооцохгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

               

Нэхэмжлэгч М.Навчмаа нь хариуцагч Х.Ганчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 773 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Х.Ганчимэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч М.Навчмаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Х.Ганчимэг нь 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөгийг 50 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж аваад 282 000 төгрөгийг бэлнээр, 1 709 000 төгрөгийг дансаар өгсөн. 1 709 000 төгрөгөөс 455 000 төгрөгийг 65 хоногийн хүүнд 1 536 000 төгрөгийг үндсэн мөнгөндөө тооцож авсан. Иймд үндсэн мөнгөний үлдэгдэл 464 000 төгрөг, 50 хоногийн хүү 77 300 төгрөг, алданги 232 000 төгрөг нийт 773 300 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

            Хариуцагч Х.Ганчимэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Данс банкны хуулгаа авчраад тулга гэсэн боловч ирээгүй, хүнээр хураалгадаг байсан тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

            Нэхэмжлэгч М.Навчмаа нь хариуцагч Х.Ганчимэгт 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөгийг 50 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн 1 991 000 төгрөгийг данс болон бэлнээр авсан одоо үндсэн мөнгөний үлдэгдэл болон хүү алданги нийлээд 773 300 төгрөг нэхэмжилж байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч М.Навчмаа шаардах эрхтэй.

            Хариуцагч Х.Ганчимэг нь 2 000 000 төгрөг авсан эсэх болон буцаан төлсөн талаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба зээлж авсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул түүнийг М.Навчмаагаас 2 000 000 төгрөг зээлж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар хариуцагч Х.Ганчимэг нь ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж дүгнэлээ.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан ба нэхэмжлэгч М.Навчмаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаж ирүүлээгүй тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байна.

Иймд Х.Ганчимэгээс бэлэн болон дансаар буцааж авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн нийт 1 991 000 төгрөгийг М.Навчмаа нь Х.Ганчимэгээс авсан байх тул 9 000 /2 000 000–1 991 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Ганчимэг нь шүүх хуралдааны товыг авсан боловч хүндэтгэн үзэх шлтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагч Х.Ганчимэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 23 232 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ганчимэгээс 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Навчмаад олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232,6-д заасныг баримтлан хариуцагч Х.Ганчимэгээс 9 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Навчмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 764 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  23 232 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ганчимэгээс 4 550 төгрөг гаруулан нэхэмжлэгч М.Навчмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ