Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1043

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Ж.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908034641200 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” түүхий эдийн цэг ажиллуулдаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс гудамж, ... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт ...гийн ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ж.... нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй түүхий эд авах цэгийн хашаанд иргэн С....ийг “надтай сонин харилцлаа, худлаа баашиллаа” гэх ялих шалихгүй зүйлээр шалтаглан түүнийг өөрийн барьж явсан төмөр таягаар цохиж, баруун мөр бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалганд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээж, гэмшиж байна. Ажлын шаардлага тавихад тайлбар хэлэхээр нь зодсон. Дахин хэрэгт холбогдохгүй байж чадна” гэв.

 

Эрүүгийн 1908034641200 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С....ийн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би ачааны машин дээр төмөр ачиж байгаад чиргүүл дээрээс унаад Гэмтлийн эмнэлгээр явж байгаад ирсэн чинь “...”-ийн захирал ... согтуу ирсэн байсан. Тэгээд намайг “худлаа баашиллаа” гээд тулж ирсэн таягаараа миний биеийн баруун тал руу нилээн хэдэн удаа цохисон. ...эд зодуулснаас болж баруун гарын бугалга, мөр, толгой гэмтсэн. Надад эмчилгээний мөнгө гэж 1.000.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.03-ны өдрийн 8026 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С....ийн биед баруун мөр, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалганд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-14/,

Шүүгдэгч Ж....ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн түүхий эдийн цэг дээр сууж байсан чинь ... ирсэн. Би “яагаад ажил таслаад байна, яагаад ирэхгүй байна” гээд хэдэн үг хэлсэн чинь миний урдаас тайлбар тавиад хэрэлдэхээр нь би ...ийг барьсан байсан таягаар цээж, гар хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

тээврийн хэрэгсэл “бүртгэлтэй” лавлагаа /хх-28/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд “төлбөргүй” тодорхойлолт /хх-29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-32/, эд хөрөнгө “бүртгэлтэй” лавлагаа /хх-33/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-34-76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-82/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-84/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.... согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй түүхий эд авах цэгийн хашаанд иргэн С....ийг төмөр таягаар цохиж, баруун мөр, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалганд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С....ийн “...... согтуу ирсэн байсан. ...таягаараа миний биеийн баруун тал руу нилээн хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-8/, шүүх эмнэлгийн 8026 дугаар “1.С....ийн биед баруун мөр, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалганд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-14/, шүүгдэгч Ж....ийн яллагдагчаар өгсөн “......ийг барьсан байсан таягаар цээж, гар хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-24-25/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан иргэн С....ийн өргөдөл /хх-4/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж....ийн хохирогч С....ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас төмөр таягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...... надад эмчилгээний мөнгө гэж 1.000.000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, ажил олгогч бөгөөд тодорхой орлоготой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж....ийг 1000 нэгжээр торгох ял оногдуулж, хуулийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...”

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй. Өмнөх ялын хугацаа дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж байгааг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, өөрийн ажилтан буюу хохирогчийг төмөр таягаар болон гараар хэд хэдэн удаа цохиж зодон гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа түүхий эд авах цэг ажиллуулж, орлого олдог /хх-34-76/-ийг үндэслэн шүүгдэгч Ж....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ...гийн ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж....ийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж....эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР