Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 0636

 

 

 

2016 оны 5 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2016/00636

Орхон аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                      

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбар

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-65 тоотод оршин суух Өндөрийнхөн овогт Халтарын Жавхлантөгс  /ФА:79102874/

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-65 тоотод оршин суух Цагаан гэрүүд овогт Бирабазарын Отгонзаяа  /ФЖ:82050704/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 17 766 431.09 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдсайхан, хариуцагч Х.Жавхлантөгс, хариуцагч Б.Отгонзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нар нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс ЗГ14/364 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг сарын 2.3 хувийн /жилийн 27.6 хувь/ хүүтэй 24 сарын хугацаатай Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байр 65 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2101004147 дугаарт бүртгэгдсэн, 18м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, телевизор, хөргөгч, угаалгын машин, плиткыг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ14/364 тоот барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 15 516 078.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8 204 913.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 253.94 төгрөг, нийт 23 727 246.47 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 7.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/364 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 14 483 921.04 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 2 792 817.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 234 188.00 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд улсын тэмдэгтийн хураамж           245504.63 төгрөг, нотариатын төлбөр 10 000 төгрөг, нийт 17 766 431.09 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Жавхлантөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 03 дугаар сарын 28-нд Хаан банкны Орхон аймаг дахь салбараас жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг зээлийг HOWO маркын машиныг эгч М.Соёлмаатай хамтран худалдаж авсан. Сар бүрийн төлөлтийг эгч М.Соёлмаа хийдэг байсан. Тиймээс зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа талаар мэдээгүй бөгөөд надад мэдэгдэл өгч байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дансны хуулбарыг гаргуулж шүүж үзлээ. Нийт төлбөр 23 727 246 төгрөг төлсөн байх ба 2015 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар үндсэн зээл 15 657 698 төгрөг төлөх, хүү 8 062 493 төгрөг төлөх байжээ. Гэтэл банк 2016 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар 8 204 913.57 төгрөгийн хүү төлсөн байна гэжээ. Илүү хүү тооцон авсан байна. 142 420 төгрөгийн хүү илүү авсан байна. Бид үндсэн зээл 15 658 498 төгрөг төлсөн, одоо 14 342 295 төгрөгийн үндсэн зээл, хүү 1 800 006 төгрөг төлөх үүргийг гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүлээсэн. Уг зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний 2.1.5-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой. Иймд банкны зээлийн хүү 2 792 817 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Би өөрөө ажилтай тул сар бүр 1 000 000 төгрөгийг төлөөд явж чадна гэв.

Хариуцагч Б.Отгонзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Отгонзаяа нь нөхөр   Х.Жавхлантөгсийн зээл авсан гэх баримт дээр банкнаас дуудахад очиж гарын үсэг зурсан нь үнэн. Уг зээл төлөгдөөгүй байгаа талаар мэдээгүй. Нэг удаа 2 сарын хүү төлөөгүй байгаа талаар мэдэгдэл авсан. Уг зээлийг төлнө гэж байсан эгч М.Соёлмаад хэлж байсан. Үүнээс хойш төлөгдөөд явж байгаа гэж бодож байсан. Учир нь банк дахин надад юу ч мэдэгдээгүй. Гэрт ирж нэг удаа мэдэгдэл гэх бичиг дээр гарын үсэг зурсан. Нөхөр Өмнөговь аймагт ажиллаж байсан болохоор зээлийн талаар сайн мэдээгүй. Надад М.Соёлмаа эгч зээл төлж байгаа гэж байсан гэжээ.

Хариуцагч Б.Отгонзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Банк хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах боломжгүй юм. Учир нь энэ талаар хуульд тодорхой зохицуулсан байх ба нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэс бүрдээгүй байна. Зээлдэгч нар энэ зээлийг хүсэж аваагүй, зориулалт нь юунд хэрэглэгдэх талаар банк өөрөө сайн мэдэж байсан. Тийм ч учраас зээлийг хариуцагч нараас биш М.Соёлмаагаас нэхэж байсан байдаг. Нэгэнт л төлөх төлбөр үүссэн тул сар бүр 1 000 000 төгрөг төлөөд явах боломжтой байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нарт холбогдуулан 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ 14/364 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, холбогдон гарах зардал нийт 17 766 431.09 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-65 тоот хаягт байрлах Ү-2101004147 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18 м.кв нэг өрөө орон сууц, телевизор, хөргөгч, угаалгын машин, плитка зэргийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ 14/364 дугаартай зээлийн гэрээнд үндэслэн зээлдэгч нар гэрээгээр төлөх төлбөрөө хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тул зээлийг гэрээнд заасан хугацаанаас өмнө цуцлах хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад зээлийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарладаг.  

Хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Зээлийг хугацаанаас өмнө цуцлах боломжгүй, мэдэгдэлийг Х.Жавхлантөгсөд өгөөгүй. Зээлийг М.Соёлмаа төлж байсан бөгөөд банк өөрөө энэ талаар мэддэг, түүнээс шаарддаг байсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваариас харвал 39 866 501 төгрөг төлөхөөс 23 727 246 төгрөгийг төлсөн байна. Иймд банкны илүү мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нар нь хувийн хэрэгцээний зориулалтаар 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны Орхон салбартай ЗГ 14/364 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  барьцааны гэрээ байгуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-65 тоотод байрлах Ү-2101004147 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18 м.кв нэг өрөө орон сууц, зурагт, хөргөгч, угаалгын машин, плитка, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нараас үндсэн зээлийн төлбөрт 14 483 921.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 792 817.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 234 188.00 төгрөг, холбогдон гарсан зардал буюу нотариатийн үйлчилгээний төлбөрт 10 000 төгрөг нийт 17 520 926.46 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг 39 866 501 төгрөг, гүйцэтгэсэн үүрэг 23 727 246.47 төгрөг байтал нэхэмжлэгч илүү мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн  8.2-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг шаардах, зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй талаар талууд тохирсон байна.

Хариуцагч нар дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь Хаан банкнаас зээлдэгчид хүргүүлж байсан 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээл төлөх мэдэгдэл, Х.Жавхлантөгсийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл, хугацаандаа төлөөгүй мөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл түр хойшлуулах тухай Хаан банкинд гаргасан өргөдөл болон зохигчийн тайлбараар нотлогдож байх ба ийнхүү хүсэлт гаргаж байсан нь түүнийг зээлийн хугацаа хэтэрсэн талаар мэдээгүй, банк мэдэгдээгүй гэсэн тайлбарыг үгүйсгэж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байна. Зээлдэгч Х.Жавхлантөгс нь зээлийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан боловч үр дүн гараагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг болон улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нэхэмжилсэн 245 504.63 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь зээлдэгч нартай ЗГ 14/364 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр  заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс дутуу төлсөн 1 277.51 төгрөгийг нөхөн гаргуулж, урьдчилан төлсөн 245 504.63 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 245 554,63 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нараас нийт 17 520 926.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хаан банкны Орхон салбар хариуцагч нарын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ 14/364 дугаартай зээлийн гэрээг цуцлах, болон 245 504.63 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-65 тоот хаягт байрлах Ү-2101004147 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18 м.кв нэг өрөө орон сууц, телевизор, хөргөгч, угаалгын машин, плиткийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245 504.63 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1 277.51 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 245 554.63 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ