Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1046

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, 

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч, хохирогч С...., Ч.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С....ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт Ч....ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808046921338 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуурын хэсэгт монтёр ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алаг адуун овогт ...ын ... /РД:.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Яллагдагч С.... нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч....тай маргалдан харилцан зодолдох явцдаа түүний баруун ядам хурууны савх ясны зөрөөтэй хоёрлосон ташуу далд хугарал, дух, баруун мөрөнд цус хуралт, зулгаралт, зүүн шуу, хүзүү, хуйх, хоёр бугуйнд зулгаралт, баруун бугалга, цээжинд цус хуралт, 1 шүдний сулрал, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

яллагдагч Ч.... нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцааны улмаас иргэн С....тай маргалдан харилцан зодолдох явцдаа түүний нүүрэн хэсэгт гараараа 4 удаа цохиж, 1 удаа өшиглөн баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хамрын нуруу, хүзүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч, хохирогч С.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Найзаасаа уучлалт гуйж байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч Ч.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа. Гомдолгүй, уучлалтйгуйж байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1808046921338 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ч....ын: “2018 оны 10 дугаар сарын 07-ны 16 цагийн орчимд манай ангийнхан ...ынд уулзахаар тохирсон. ......ын гэрт ..., ..., ... бид нар эхнэрүүдийн хамт цугласан. ...23 цагийн орчимд бид ууж идэж дуусаад явцгаахаар болоод эхлээд ... эхнэртэйгээ яваад, араас нь ... эхнэрийн хамт яваад, би араас нь хувцсаа өмсөөд гарч явсан. Энэ үед хэрүүл маргаан юу ч болоогүй. Намайг гарч явтал араас ... дуудсан. “Яасан хөгшөөн” гэтэл “хамт явъя” гэхээр нь би “за тэгье” гээд бид 2 хамт явцгаасан. ... бид 2 алхангаа замдаа жоохон юм яръя гээд “Төгөлдөр” дэлгүүрийн ойролцоо явж байгаад ... над руу агсам тавиад бид 2 маргалдаж эхэлсэн. ... миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон. Тэгээд хоорондоо нилээн маргалдаж, зодолдож эхэлсэн. Тэгсэн хажуугаар өнгөрсөн нэг ах бид 2-ыг больцгоо гээд ...салаад явцгаасан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Хохирогч С....ын: “...Бид нар хоол цай хийж идэцгээгээд 2-3 шил 0,75 литрийн хэмжээтэй архийг эрчүүд нь хувааж ууцгаасан. ...Би гэрээс гараад зогсож байтал ... “хамт харих уу” гэхээр нь би “за тэгье” гээд би эхнэртээ “чи түрүүлээд харьж бай, би араас чинь очъё” гэж хэлээд ... бид 2 хамт алхсан. “Төгөлдөр” дэлгүүрийн харалдаа явж байгаад ... бид 2 юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа юм. Хоорондоо барьцалдчихсан ... намайг цохиж байсан. Би зөрүүлж цохиод бид 2 зодолдож эхэлсэн. Хажуугаар өнгөрч явсан ах бид хоёрыг салгаад “цагдаа дуудлаа” гээд байхаар нь бид 2 салаад явцгаасан. ...... гараараа нүүр лүү 4 удаа цохиж, хөлөөрөө 1 өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.10.11-ний өдрийн 12128 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С....ын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хамрын нуруу, хүзүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-43/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.10.17-ны өдрийн 12320 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ч....ын биед баруун ядам хурууны савх ясны зөрөөтэй, хоёрлосон, ташуу далд хугарал, дух, баруун мөрөнд цус хуралт, зулгаралт, зүүн шуу, хүзүү, хуйх, хоёр бугуйнд зулгаралт, баруун бугалга, цээжинд цус хуралт, 1 шүдний сулрал, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-46/,

Гэрч Ч....гийн: “...... шөнийн 02 цагийн орчимд нүд, ам нь хөхөрчихсөн, хамраас нь цус гарчихсан гэртээ орж ирсэн. Би юу болсон талаар асуутал юм хэлээгүй, унтлаа гээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь дахиад юу болсон талаар асуутал ...тай жоохон маргалдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-40/,

Шүүгдэгч Ч....ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 07-ны 16 цагийн орчимд манай ангийхан ...ын гэрт нь уулзахаар тохирсон. ...Бид хэд мах чанаж идээд 0,75 литрийн хэмжээтэй архи 3 шилийг бүгд хувааж ууцгаасан. 23 цагийн орчимд явцгаахаар болоод ...би ...ыг “хамт харих уу, замдаа жоохон юм ярьж явъя” гэтэл ... “тэгье” гээд хамт гарцгаасан. ...“Төгөлдөр” дэлгүүрийн ойролцоо явж байгаад ... над руу агсам тавиад бид 2 маргалдаж эхэлсэн. ... миний нүүр лүү гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон. Тэгээд нилээн маргалдаж, зодолдож эхэлсэн. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Ямар ч байсан миний нүүрнээс цус гарчихсан бид 2 газар унаад ноцолдож зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-59-62/,

Шүүгдэгч С....ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчимд ......ын гэрт цуглацгаасан. ...Тэгээд бид нар хоол цай идэцгээгээд 2-3 шил 0,75 литрийн хэмжээтэй архийг хувааж ууцгаасан. ...Тэгээд “Төгөлдөр” дэлгүүрийн харалдаа явж байгаад ... бид 2 юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа, хоорондоо заамдалцаад ноцолдоод ...ын нүүр амнаас нь цус гарчихсан, намайг цохиж байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохиод, бид 2 зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-68-71/,

шүүгдэгч С....ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-97/, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-78/, “...” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тодорхойлолт /хх-81/, депозит дансны хуулга /хх-82-96/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-101/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-107/, шүүгдэгч Ч....ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-116/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-108/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-115/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-117/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-118/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-119/, депозит дансны хуулга /хх-120-125/, хохирогч нарын хүсэлт /хх-126-127/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.... согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч....тай маргалдан зодолдож, баруун ядам хурууны савх ясны зөрөөтэй хоёрлосон ташуу далд хугарал, дух, баруун мөрөнд цус хуралт, зулгаралт, зүүн шуу, хүзүү, хуйх, хоёр бугуйнд зулгаралт, баруун бугалга, цээжинд цус хуралт, 1 шүдний сулрал, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

шүүгдэгч Ч.... согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С....тай маргалдан зодолдож, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хамрын нуруу, хүзүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.  

Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С...., Ч.... нар согтуурсан үедээ, харилцан зодолдож, шүүгдэгч С....ын хохирогч Ч....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Ч....ын хохирогч С....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Ч....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд тэдний шүүх хуралдаанд өгсөн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар харилцан зодолдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүйг тус тус харгалзан шүүгдэгч С....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжээр торгох ял оногдуулах, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Ч....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч С.... “Найзаасаа уучлалт гуйж байна” гэж,

шүүгдэгч Ч.... “Түлээ нүүрс авах, охинтойгоо амьдардаг байдлыг харгалзан 700.000 төгрөгийг багасгаж өгнө үү. Найзаасаа уучлалт гуйж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С...., Ч.... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, таарамжгүй харилцсаны улмаас харилцан зодолдож гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч С....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Ч....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан, хохирогч нар харилцан “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч С.... эрхэлсэн тодорхой ажилтай, шүүгдэгч Ч.... хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч С....т 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ч....т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч С....ыг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Ч....ыг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С...., Ч.... нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуун овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С....ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч....ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С....ыг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Ч....ыг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С...., Ч.... нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С...., Ч.... нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С...., Ч.... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.            

          

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л. БААТАР