Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0633

 

 

2016 оны 04 сарын 14 өдөр

       Дугаар 142/ШШ2016/00633

                             Орхон аймаг

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 26-4 тоотод оршин суух Ноосгон овогт Хүүхээгийн Оюунгэрэл /ОЛ:66030461/

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1983 оны 6 сарын 1-нээс 1986 оны 10 сар хүртэл аавтайгаа малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн тодорхойлолт, холбогдох нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ноосгон овогт Хүүхээгийн Оюунгэрэл нь ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Х.Оюунгэрэл нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сар хүртэл Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд аавтайгаа хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Х.Оюунгэрэлийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, 1983 оноос 1986 оны Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн Баянзүрх бригадын цалингийн баримтыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй гэсэн Увс аймгийн Засаг Даргын Тамгын Газрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай архивын лавлагаа, гэрч Ц.Чулуунбаатарын Х.Оюунгэрэл нь 1983-1986 онд аавтайгаа хамт Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг гэрчилж чадна гэсэн тодорхойлолт нь түүнийг тухайн он цаг үед хамт ажиллаж байсныг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолттой нийцэхгүй /1987-1989 онуудад Сагил сумын Ялалт нэгдэл Баянзүрх бригадад ажиллаж байсныг нотолсон/ байх тул гэрчийн тодорхойлолтыг үнэлэх боломжгүй байна.

Х.Оюунгэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө баримтаар нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тул шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ноосгон овогт Хүүхээгийн Оюунгэрэлийн Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 10 дугаар сар хүртэл аавтайгаа хамт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

                 ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ