Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0607

 

 

 

 

2016 оны 5 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2016/00607

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум  Оюут баг 2-25а-6 тоотод оршин суух Булгадар овогт Сандагын Отгон /ФД:66030848/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр суманд байрлах Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, орон сууц цалингийн зээлтэй холбогдон гарах хохиролыг барагдуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Хонгорзул, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, гэрч Д.Ганболд, Ч.Зандан, Г.Наранбаатар, Д.Отгонбаатар, Ц.Батбаяр, А.Ариунзаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Отгон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 14-нд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай танайд нэхэмжлэл гаргаж байсан боловч 2015 оны 12 дугаар сарын 16-нд хариуцагч тушаалаа үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон. Энэ хугацаандаа би нэхэмжлэлээсээ татгалзсан. Тэгтэл 2016 оны 01 дүгээр сарын 18-нд дахин үндэслэлгүй тушаал гаргасан учир 1. Ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлээ нөхөн гаргуулах, 2. Орон сууц цалингийн зээлтэй байгаа учир түүнтэй холбогдон гарах хохирлыг барагдуулах, 3. Үндсэн ажилдаа эргэн томилуулах хүсэлтэй байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Отгон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие орон сууц, цалингийн зээлтэй байгаа учир түүнтэй холбогдон гарах хохирол барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Үндэслэлгүй ажлаас халсан тул бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

      Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Хонгорзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд иргэн С.Отгоны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Отгон нь байгууллагын ажилтан, албан хаагчдын 2015 оны 11 дүгээр сарын цалинг санаатай хоцроосон. Шалтгаан нь, шаардлагатай цагийн тооцоо, ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаал зэргийг 2015 оны 11 дүгээр сарын 24-нд гаргаж өгсөн байтал хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн үйлчилгээний ажилчдын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байхад нь өөрийг нь үнэлсэн 61,5 оноо, онооны дагуу олгогдох ур чадварын 10%-ийн нэмэгдлийг бага байна гэж эсэргүүцэж, “Би нэмэгдлээ бүтэн авна, миний ур чадварын нэмэгдлийг 25%-иар бүтэн өгөхгүй бол би ажилтнуудын цалинг бодож олгохгүй” гэж хэлээд, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмерийн гэрээ, хууль тогтоомжинд заасны дагуу сар бүрийн 25-нд /2015 оны 11 дүгээр сарын 25-нд олгогдох ёстой/ олгох ёстой цалинг 2015 оны 12 дугаар сарын 03-нд олгож, хугацаанаас нь 7 хоногоор хоцроож, ажилтан албан хаагчдыг хохироосон. Тийм учраас хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/33 тоот “Арга хэмжээ авах тухай” тушаалаар Хөделмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын сануулах шийтгэл ногдуулсан билээ. Уг тушаалтай С.Отгон өөрийн биеэр танилцсан баримт нь байгаа.

Нэхэмжлэгч С.Отгон нь манай хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан бөгөөд үүнийг манай ажилтнуудаас гадна хамтарч ажилладаг байгууллагуудаас ирсэн гомдол нотолдог. Хэдий тийм боловч миний хувьд С.Отгонтой ганцаарчлан уулзаж, сануулж, анхааруулж олон удаа хэлж байсан болно. Нөгөө талаас С.Отгоны зан харьцаа, бусдыг үл хүндэтгэсэн байдал, ажпын байранд бусдыг зүй бус үгээр хэлэх, доромжлох зэрэг нь хэрээс хэтэрсэн байсныг манай ажилтнууд бүгд гэрчилнэ. Энэхүү үйлдлүүд нь хөдөлмөрийн сахилгын зөрчил байсан ба энэ болгоныг өөрт нь хэлж анхааруулж, тэр бүр шийтгэл ногдуулж байгаагүй билээ. Жишээ нь “Даргын тушаал гарсан байна цалингаа авъя” гэж хэлсэн байгууллагын ажилтнууд С.Отгонтой уулзахад, хэл амаар доромжилж, “та нарын цалинг олгохгүй ээ, хэлдэг газраа хэл” гээд огт хүлээж аваагүйн улмаас манай ажилтнууд аймгийн Засаг даргын тамгын газар, Санхүү төрийн сангийн хэлтэст С.Отгоны талаар өргөдөл, гомдол өгсөн байсан. Тус бичигт С.Отгоны ажлын чадвар, гүйцэтгэл, зан харьцаа, ёс зүйн талаар тодорхой бичсэн байсан, надад тус бичиг ирсний дагуу миний зүгээс ажил олгогчийн хувьд С.Отгонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан “...цалин хөлсийг хугацаанд нь тавьж, төсвийн зүйл ангитай холбоотой зардал бүрт хүчин төгөлдөр баримтыг сар сард нь бүрдүүлэн авсан байх”, үүргээ биелүүлээгүй гэж үзэж, сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болно.

Харин аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний 5/2837 тоот бичиг дэх сэлгэн ажиллуулах саналын дагуу “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг гаргасан боловч тушаал гарсны дараа ажлаа хүлээлцэлгүй, хаяж явсан, тушаалаар томилогдсон ажлын хэсгийнхнийг шаардлага тавихад, ажлын хэсгийн ахлагч бөгөөд, ахлах мэргэжилтнийг “ Юун төрийн ажил вэ? тоож харьцаагүй байхад, тосож бүү далбай, бөгс долоогч гэж өөрийгөө түмэнд зарлуулах өвгөн гуай” гэж хэл амаар доромжилж, “...баримт материалд хүрч өрөө онгойлгож орвол асуудал улам хүндрэх байх шүү” гэж сүрдүүлж, ажлаа хүлээлгэж өгөөгүй. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг үндэслэл муутай байсан тул өөрөө хүчингүй болгож “Тушаал хүчингүй болох тухай” 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/35 дугаар тушаал гаргаж, энэ тухай 2015 оны 12 дугаар сарын 16-нд С.Отгонд мэдэгдэж, 2015 оны 12 дугаар сарын 16-наас ажлаа хийж эхэлсэн. Гэтэл үүнээс хойш мөн л шалтгаангүйгээр 2016 оны 01 дүгээр сарын 04-нд 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 06-ний өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг тус тус ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/01 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргаж, ажлаас халсан юм. Нэхэмжлэгч С.Отгоныг байгууллагын зүгээс дэмжиж, 2013 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас салбарын ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцлөөр, /тухайлбал, хувь хүнээс урьдчилгаа 30% хувь авахгүй, барилгын гүйцэтгэгч компани 1 жилийн турш хүүг нь төлөх болон бусад хөнгөлөлттэйгээр / орон сууцны зээлд хамруулсан, С.Отгон зээлээ төлөх эсэх нь манай байгууллагаас хамаараагүй, харин өөрөөс нь хамаарсан, өөрөө банктай гэрээ байгуулсан тул манай байгууллага зээлийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.Отгон нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ажил тасалдаг сахилгын зөрчлийг өөрөө гаргаагүй бол ажлаас халагдахгүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч С.Отгоны хөдөлмөрийн сахилгын зөрчлийг байнга давтан гаргадаг үйлдэл, ажлаа хийдэггүй байдлаас болж, ажлаа хийхгүй мөртлөө цалин аваад яваад байж болдог мэт сэтгэгдлийг бусдад төрүүлж, хөдөлмөрийн сахилга бат гэж байдаггүй мэтээр харагдуулж байгаагийн зэрэгцээ байгууллага дотроо хөдөлмөрийн сахилга батыг сайжруулах нь миний үүрэг учраас би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан болно. Түүнчлэн С.Отгон нь байгууллагын ундсэн хөрөнгөнд бүртгэлтэй байдаг санхүүгийн СТS программ, уг программ бүхий ”Dell”  маркийн нөүтбүүк, санхүүгийн тэмдэг зэргийг авч яваад одоог хүртэл хүлээлгэж өгөхгүй байгаа бөгөөд, тэдгээрийг хууль бусаар ашиглаж байгааг үгүйсгэх аргагүй байна. Цаашид ийм ажлаа хийдэггүй, байнга ажил тасалж, хийдүүлдэг, бусдыг хэл амаар доромжилж, үл хүндэтгэдэг, сахилгын зөрчил давтан гаргадаг ажилтантай дахин ажиллах боломжгүй, нөгөө талаас энэхүү сахилгын зөрчлүүд нь хангалттай тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С.Отгон нь хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, орон сууцны зээл болон цалингийн зээлтэй холбогдон гарах хохиролыг барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба орон сууцны зээл болон цалингийн зээлтэй холбогдон гарах хохиролыг барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын  8.1.1, 10.1.1, 10.1.2, 10.1.3, Хөдөлмөрийн гэрээний 1.37, 2.2.4.Г, 2.2.4.Е, 2.3.А, 2.3.В дэх заалтуудыг тус тус үндэслэн нягтлан бодогч С.Отгонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

С.Отгон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Урьд нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан тушаалаа өөрөө үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон тул миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин үндэслэлгүй тушаал гаргасан. Ажил тасалсан гэх цагуудад харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж, баталгаажуулахаар гадуур явсан албаны ажлын цаг байсан, хүүхдийн дунд зохион байгуулах төсөл, арга хэмжээний мөнгөн хөрөнгийн зарцуулалт, тайлагналт аудитын зөрчил, актын асуудлаар нягтлан бодогчийн тавьсан санал, хүсэлт, шаардлагыг эс зөвшөөрч эрх мэдлээ ашиглан олон удаа үндэслэлгүй тушаал гаргасан гэж тайлбарладаг.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: Нягтлан бодогч С.Отгон нь 2015 оны 11 дүгээр сарын ажилчдын цалинг хоцроосон тул 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар түүний гаргасан зөрчилд нь сануулах шийтгэлийг ногдуулсан.  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 05-ны өдөр, 06-ны өдөр, 11-ний өдөр, 14-ний өдөр тус бүр  14 цагаас 18 цаг хүртэл ажил тасалсан нь тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. С.Отгон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг байнга давтан гаргадаг, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг хариуцлага алдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилсан байна.

Ажилтан сахилгын зөрчил гаргах нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан цуцлах үндэслэл болох бөгөөд энэ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ажилтанд оногдуулж байгаа хэлбэр юм.

Сахилгын зөрчил нь ажил олгогчид бий болгох хор уршиг, шинжээрээ жижиг, ялимгүй, ноцтой гэсэн олон янз байх бөгөөд зөрчил нь ажилтны идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байна.

Нэхэмжлэгч С.Отгоны 2015 оны 11 дүгээр сард ажилчдын цалинг хоцроосон буруутай үйлдэлд нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б/33 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба С.Отгон нь уг сахилгын арга хэмжээний талаар холбогдох байгууллага албан тушаалтанд гомдол гаргаагүй тул түүнд оногдуулсан сахилгын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэв.

Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан журмыг зөрчсөн тул давтан зөрчил гэж дүгнээд ажил олгогч, ажилтныг ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч, ажилтны хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба хуульд заасан гэрээний гол нөхцлийг тохирч, талууд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байна.

Дээрх хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.37-д Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн, ямар ч шалтгаангүй ажил таслах, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үндсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4.Г-д эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаварыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, итгэл алдсан, 2.2.4.Е-д ажил үүрэгтэй нь холбогдуулж тавьсан албан тушаалтны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, хүч хэрэглэсэн,  2.3.А-д хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, 2.3.В-д байгууллагын ажлын хэвийн жигд байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө материалыг хэмнэх, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, хөдөлмөрийн сахилгыг хатуу баримтлан ажил үүргийн тодорхойлолтоор хүлээх үүргийг хугацаанд нь чанартай биелүүлж, гүйцэтгэсэн ажлаа биечлэн хариуцах, эргэн мэдээлэх үүрэгтэй гэж тодорхойлсон байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байх ба уг журмын 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-д ажлын цагийн эхлэх, дуусах болон үдийн завсарлагын цагийг тодорхойлсон, хөдөлмөрийн сахилга буюу  албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, дотоод журам зөрчсөн ажилтанд хуульд заасан шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн сахилгын зөрчилд ямар үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох талаар заасан байна.

Нэхэмжлэгч С.Отгон нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор байгууллагын удирдлага үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, давтан зөрчлийг гаргаагүй гэж шүүх хуралдаанд мэтгэлцэж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацааны дотор харилцагч байгууллагуудтайгаа тооцоо нийлэх, төрийн сангийн гүйлгээ хийх зэргээр гадуур ажилтай байсан. Нягтлан бодогчийн ажлын онцлог нь нормчлогдоогүй цагаар ажилладаг, гадуур ажил хийхдээ байгууллагын машин унаа хэрэглэдэггүй тул нэг гүйлгээ хийхэд зарцуулагдах цаг хугацаанд ирсэн явсан цагийг тооцон үзэх учиртай гэж тайлбарлаж байна.

С.Отгон нь зарим тооцооны үлдэгдлийг  дээрхи ажил тасалсан цаг үед хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрдөг ч төрийн сангийн гүйлгээг байнга хийж байсан нягтлан бодогчийн ажил үүрэг нь өрөөндөө 8 цагаар суудаг ажил биш гэсэн тайлбарыг хариуцагч байгууллагын төлөөлөгч няцаагаагүй тул С.Отгоныг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Отгоны ажлын байрны тодорхойлолтонд байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, төсвийн хуваарилалтын зарцуулалтанд хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой дүн бүртгэл, тайлан балансыг  цаг хугацаанд нь үнэн зөв гаргах, хамт олонд мэдээллэх, санхүүгийн зөрчил дутагдал, өр авлагагүй ажиллахад орших ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу  ямар ч шалтгаангүй ажил таслах, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.6.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сарын хугацаанд нийлбэр дүнгээрээ 16 ба түүнээс дээш цагийн ажил тасалсан, ажилдаа хоцорсон, эрт явсан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан байх ба уг журмын үйлчлэх хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан байна.

С.Отгоны ажил тасалсан нийт цаг нь байгууллагын дотоод журамд заасан хэмжээнд хүрээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө энэ журмыг буцаан хэрэглэх боломжгүй, баталсан цагаас нь тооцвол нийт цаг 8 цаг болох юм гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Журмыг буцаан хэрэглэх талаар зохицуулалт байхгүй байна.

Хариуцагчаас С.Отгоны ажил тасалсан цагуудад зарим тооцоо нийлсэн актыг баталгаажуулаагүй, гүйлгээ хийгээгүй болохыг нотлох баримтаар нотлосныг нэхэмжлэгч үгүйсгээгүй хүлээн зөвшөөрч байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал С.Отгоныг ажил тасалсан гэх өдөр, цагуудад төрийн сангаар үйлчлүүлсэн тухай  Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээ аж ахуйн тасгийн дарга Ш.Энхбаярын тодорхойлолт, 2016 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Нийгмийн даатгалын байгууллагад ажилласан тухай нийгмийн даатгалын байцаагч Б.Эрдэнэчимэгийн тодорхойлолт болон 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 636 дугаартай албан тоот, Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/177 дугаартай албан тоот тодорхойлолтоос С.Отгоныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Отгоныг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1 704 780 /3 сарын дундаж цалин 1 666 083 төгрөг / 3 = 555 361 төгрөг, 555 361 / 21,5=25 830 төгрөг, 25 830 х 66 хоног= 1 704 780 / төгрөгийг хариуцагч байгууллагаас нөхөн гаргуулахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Отгон нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагч Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжинд 112 426 / 70 200+ 42 226 /төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх

 хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Отгоныг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 704 780 төгрөгийг хариуцагч Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч С.Отгонд олгосугай.

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх

олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Отгон нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжинд 112 426 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

  1. .   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,

119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ