Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1049

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,  

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

шүүгдэгч Ц.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ц.Чулуунбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808033061180 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж, 15 тоотод оршин суух,

урьд Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ял шийтгэгдсэн, Газарчин овогт Цэндээгийн Чулуунбаатар /РД:ПЗ66031514/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.Чулуунбаатар нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 12 дугаар гудамжны 11 тоотод оршин суух иргэн И.Алтантуяагийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж Самсунг маркийн 32 инчийн зурагт, шинэ цагийн хөөрөг, усны тэрэг, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 207.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Чулуунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж зөвшөөрч байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1808033061180 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч И.Алтантуяагийн: “...2018 оны 7 дугаар сарын 09-ний өглөө 08 цагт гэрээ цоожлоод гарсан. Ажлаа тараад 22 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоожны даруулга татаад онгойлгосон, гэрээс эд зүйлс алдсан. ...Манай өөдөөс харсан айл болох Чулуунбаатар манай гэрээс алдсан хөөргийг Хархорин зах дээр авч явсныг зүс таних ах хэлсэн. 2019 оны 4 дүгээр сард хохирлын мөнгө 250.000 төгрөг өгсөн. Одоо надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-29-31, 32/,

Гэрч Д.Мөнхбатын: “...2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр сайн санаж байна. Маргааш баяр эхлэнэ гээд ярьж байсан. Чулуунбаатар 1 ширхэг цагаан өнгөтэй, нимгэн хавтгай шовгор хөөрөг бариад явж байсан. Надад хэлэхдээ “найзынхаасаа хулгай хийсэн” гэсэн. Тэгээд уг цагаан өнгөтэй хөөргөө энгэр лүүгээ хийж аваад зарах гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-42-43/,

“Дамно” ХХК-ийн 2018.07.19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний СХ3-18-370 дугаар тайланд: “Samsung брэндийн 32 инч зурагт 128.000 төгрөг, шинэ цагийн хөөрөг 30.000 төгрөг, усны тэрэг 39.000 төгрөг, орны бүтээлэг 10.000 төгрөг, зах зээлийн үнэлгээгээр нийт 207.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-55-56/,

Шүүгдэгч Ц.Чулуунбаатарын яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сар шиг санагдаж байна архи авч уугаад нилээд согтчихсон байсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад зүс таних айл буюу манай хажуу гудамжны эхнэр нь Туяа гэх айлын гэрийн хаалга нь цоожтой байсан. Ил цоожтой байхаар нь би  хаалгыг татсан чинь онгойчихсон. Тэгээд зурагт, хөөрөг авч, Хархорин зах дээр очоод бүгдийг нь нийлүүлээд үл таних хүнд 40.000 төгрөгөөр зарчихсан. ...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-93-94/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-17/, гэрч Д.Эрдэнэдаваагийн мэдүүлэг /хх-44-45/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-71/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /хх-68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-69/, гэрлэлтийн “бүртгэлтэй” лавлагаа /хх-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75, 76/, хохирогчийн “...Чулуунбаатар 250.000 төгрөгийн хохирлоо барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-79, 80/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Чулуунбаатар согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамж, 11 тоотод байрлах иргэн И.Алтантуяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Samsung маркийн 32 инчийн зурагт, шинэ цагийн хөөрөг, усны тэрэг, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч И.Алтантуяагийн “...гэртээ ирэхэд хаалганы цоожны даруулга татаад онгойлгосон, гэрээс эд зүйлс алдсан байсан. ...Чулуунбаатар хулгайлсныг цагдаагийн байгууллага олж тогтоосон...” гэх мэдүүлэг /хх-29-31, 32/, гэрч Д.Мөнхбатын “...Чулуунбаатар 1 ширхэг цагаан өнгөтэй, нимгэн хавтгай шовгор хөөрөг бариад явж байсан. Надад “найзынхаасаа хулгай хийсэн юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-42-43/, шүүгдэгч Ц.Чулуунбаатарын яллагдагчаар өгсөн “...Архи авч уугаад нилээд согтчихсон байсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад зүс таних айл буюу манай хажуу гудамжны эхнэр нь Туяа гэх айлын гэрийн хаалга цоожтой байхаар нь хаалгыг татсан чинь онгойчихсон. Тэгээд зурагт, хөөрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-93-94/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст иргэн И.Алтантуягийн гаргасан өргөдөл /хх-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-17/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Чулуунбаатарын хохирогч И.Алтантуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. 

Гэмт хэргийн улмаас хохирогч И.Алтантуяад 207.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 4 дүгээр сард хохирлын мөнгө болох 250.000 төгрөг өгсөн. Одоо надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-32/, “...Чулуунбаатар 250.000 төгрөгийн хохирлоо барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-80/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч хохирлоо төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.Чулуунбаатарт 2 жил 1 сарын хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн, хохирогч “гомдолгүй” гэсэн, шүүгдэгч эрүүл мэндийн хувьд сонсгол муутай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж буй, 53 настай, биеийн эрүүл мэндийн байдал/ болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ц.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Ц.Чулуунбаатарын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Чулуунбаатар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Газарчин овогт Цэндээгийн Чулуунбаатарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Чулуунбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чулуунбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чулуунбаатарын урьдчилан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.   

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Чулуунбаатар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Чулуунбаатарын эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чулуунбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР