Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 35

 

 

Д.*******олд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар шүүгчийн захирамжтай, Д.*******од холбогдох эрүүгийн 1736000000049 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг  үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй ******* ******* ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт буцаасан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана 9 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам, мөн хуулийн 17.5 дугаар зүйл зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам гэсэн заалтууд нь хууль хэрэглээний өөр өөр ойлголт байхад шүүхээс хуулийг буруу хэрэглэж прокурорт буцаасан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтын дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байтал хуулийн дээрх заалтыг зөрчиж захирамждаа хохирогч *******ийн гаргаж өгсөн хохирлын нотлох баримтын үндэслэлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул гэж хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч маань өнөөдөр хэвтрийн дэглэм сахиж хэвтэж байна.

Бидний зүгээс хохирлоо нэхэмжилж байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хохирогчид учирсан хохирлыг тогтоох ёстой. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

             Учир нь: Д.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* дугаартай “ Тоёото Карина “ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Ховд аймгийн прокурорын газраас Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Д.*******од холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хохирогч *******ийн гаргаж өгсөн хохирлын / 8432600 төгрөгийн /  нотлох баримтын үндэслэлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг  мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх “. . . гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

            Шүүх Д.*******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүх хуралдаанаар хэлэлцэж  хохирогч *******ийн гаргаж өгсөн хохирлыг нотлогдсон баримтын хэмжээнд нь шийдвэрлэх, мөн шийдвэрлэх боломжгүй бол иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэх боломжтой байтал хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хуульзүйн үндэслэлгүй болжээ.

            Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т “ Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно”, мөн зүйлийн 3-т “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь  нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж тус тус заасан байна.

             Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  шүүхэд шилжиж ирсэн хэргийн хувьд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжгүй бөгөөд мөн зүйлийн 5 дугаар зүйлд зааснаар шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн цагаатгах, эсхүл шийтгэх тогтоол гаргахаар хуульчилсан байна.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол Д.*******од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧИД                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                    Б.ДАМБА