Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 0604

 

 

2016 оны 5 сарын 03 өдөр

     Дугаар 142/ШШ2016/00604

Орхон аймаг

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Урт цагаанд байрлах Капитал банкны Орхон салбар

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 9 дүгээр баг Шанд 25-07 тоотод оршин суух

Боржигон овогт Халтарын Эрдэнэсайхан /ФМ:85051697/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 9 дүгээр баг Шанд 25-07 тоотод оршин суух

Цэцэг овогт Намжилын Тунгалаг /ЖЭ:82103107/

8 773 127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашмаа, хариуцагч Х.Эрдэнэсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Халтар овогтой Эрдэнэсайхан, Намжил овогтой Тунгалаг нар нь тус банктай 2014 оны 07 сарын 27-ны өдөр 2035039596 тоот данстай 47-286 тоот зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Зээлдэгч Халтар овогтой Эрдэнэсайхан, Намжил овогтой Тунгалаг нар нь гэрээний хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй 2015 оны 12 дугаар сарын 15-наас хойш өнөөдрийг хүрч байгаа тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байна. Халтар овогтой Эрдэнэсайхан, Намжил овогтой Тунгалаг нар нь үндсэн зээл 7 719 737 төгрөг, хүү 1 033 000 төгрөг, торгуулийн хүү 20 390 төгрөг, нийт 8 773 127 төгрөг төлөгдөөгүй байгаа мөн улсын тэмдэгтийн хураамж 155 466 төгрөгийг Х.Эрдэнэсайхан, Н.Тунгалаг нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг баруун задгай 25-р гудамж 07 тоот хашаа байшингаас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Х.Эрдэнэсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Капитал банкны салбарын нэхэмжлэлтэй Х.Эрдэнэсайхан надад хариуцагдах нэхэмжлэлийн шаардлагын гэрээ цуцлах гэсэн хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь  би зээл авсан цагаасаа хойш үндсэн зээл, хүүнд нийт 7 937 400 төгрөг төлсөн байгаа бөгөөд 2016 оны 4-р сараасаа эхлээд зээлийн төлбөрөө төлөөд эхлэнэ. Иймд:Гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Н.Тунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Тунгалаг надаас Капитал банкны Орхон аймаг дахь салбар зээлийн төлбөрт 8 773 127 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа учир зээлийн гэрээ цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Хариуцагч Х.Эрдэнэсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Банкны нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрнө, харин хугацаанаас өмнө зээл цуцлахыг зөвшөөрөхгүй, банк шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдэгдлийг хариуцагч нарт өгсөн байна. Иймд хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар нь хариуцагч Х.Эрдэнэсайхан, Н.Тунгалаг нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 7 719 737 төгрөг, зээлийн хүү 1 033 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 390 төгрөг, нийт 8 773 127 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нар нь нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрнө, хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Хариуцагч Х.Эрдэнэсайхан, Н.Тунгалаг нар нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Капитал банкны Орхон салбартай 47-286 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 26.40 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Баруун задгай 25 дугаар гудамж 7 тоотод байрлах Ү-2101014775 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 102,5 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 650 м.кв талбайтай Г-2101003653 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар нь хариуцагч Х.Эрдэнэсайхан, Н.Тунгалаг нарыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 15-наас хойш төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргийг зөрчиж байгаа тул зээлийн гэрээний дагуу зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 8 773 127 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.Эрдэнэсайхан, Н.Тунгалаг нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийг төлөхийг зөвшөөрч байна, хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Х.Эрдэнэсайхан, Н.Тунгалаг нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8 773 127 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Талуудын хооронд хийгдсэн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.11, 8 дугаар зүйлийн  8.3-д зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй,  зээлийн болон барьцааны гэрээний заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг дуусгавар болгохоор талууд тохирсон байна. Хариуцагч нар дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь Капитал банкнаас зээлдэгчид хүргүүлж байсан 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн мэдэгдэл болон зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр тэдний хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээг цуцлах үндэстэй байна.

Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар нь 47-286 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч нартай  барьцааны гэрээ байгуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Баруун задгай 25 гудамж 7 тоот Ү-2101014775 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 102,5 м.кв хувийн сууц, Г-2101003653 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 650 м.кв  газрыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зээлийн ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч Н.Тунгалагт шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар, хариуцагч Х.Эрдэнэсайхан, Н.Тунгалаг нарын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 47-286 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Х.Эрдэнэсайхан, Н.Тунгалаг нараас 8 773 127 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Баруун задгай 25 дугаар гудамж 7 тоотод байрлах Ү-2101014775 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 102,5 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 650 м.кв талбайтай Г-2101003653 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 466 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 155 466 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ