Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 0603

 

 

  

 

   2016 оны 5 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2016/00603

                        Орхон аймаг

  

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 18-02 тоотод оршин суух Ямбыхан овогт Төмөр-Очирын Заяа /ПЮ:72063061/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 01-34 тоотод оршин суух Боржигон овогт Энхтөрийн Төмөрхуяг /ГЙ:91060319/

1 770 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Заяа, хариуцагч ЭТөмөрхуяг, иргэдийн төлөөлөгч Т.Долгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Заяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Э.Төмөрхуяг нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 04-67 ОРО улсын дугаартай Sonata-6 маркийн машинаараа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан охин Б.Удвалыг /З.Сүндари/ минь мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болно. Төмөрхуягийн энэ үйлдэл нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 15-ны өдрийн 110 дугаартай магадлалаар гэм буруутай гэдэг нь тогтоогдсон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Э.Төмөрхуяг нь ял шийтгэл авалгүй үлдэж, учирсан хохирлыг барагдуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэн авах эрхтэй гэсэн шийдвэр гарсан. Охины минь бие өнөөдрийг хүртэл бүрэн эдгэж илааршаагүй давтан оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа тул энэхүү ослоос үүдэлтэй эмчилгээтэй холбоотой шүүхийн тогтоол гарснаас хойшхи гарсан зардал болох 1 569 700 төгрөгийн хохирлыг барагдуулахаар Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч Э.Төмөрхуяг нь тухайн хаяг дээрээ байхгүй, гадаад руу гарсан гэсэн хуурамч тодорхойлолт өгсөн тул хохирогч би дахин хүсэлт гаргаж Тахарын албаар эрэн сурвалжлуулж тухайн хаяг буюу Булаг баг 1-34 тоотод амьдарч байгаа нь тогтоогдсон болно. Төмөрхуяг нь элдэв арга заль хэрэглэн ослын хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж байсан бөгөөд одоо ч хэргээс бултан зайлж эхээрээ худал мэдүүлэг өгч, Булаг багийн засаг даргаар хуурамч тодорхойлолт гаргуулан хууль бус үйлдэл буюу залилан хийж хохирогч бидэнд удаа дараа эдийн засаг, сэтгэл санааны хохирлыг байнга үзүүлж байгаад асар их гомдолтой байна. Хохирогч би Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг бөгөөд энэхүү хэргээр Эрдэнэт Дархан хооронд олон удаа явах, ажлаас чөлөө авах зэргээр байнга хохирч байна. Иймд хууль Э.Төмөрхуягт тохирох шийтгэлийг өгч охины минь эмчилгээтэй холбоотой зардал 1 770 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нотлох баримтаар 1 784 100 болсон хэдий ч өөрийн хайхрамжгүй алдааны улмаас 1 770 100 төгрөг нэхэмжилсэн хохиролын мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

      Хариуцагч Э.Төмөрхуяг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Төмөрхуяг миний бие иргэн Т.Заяагийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Т.Заяа нь надаас 1 770 100 төгрөг гаргуулахыг хүсэн нэхэмжилсэн бөгөөд миний бие Э.Төмөрхуяг нь энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа болно. Учир нь Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар Шийтгэх тогтоолоор эмчилгээний зардалд 8 251 897 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу миний бие нь уг нөхөн төлбөрийг өөрийн эзэмшилд байсан машинаа зарж байж бүрэн барагдуулсан байгаа. Дээрхи 8 251 897 төгрөгний хохирол нь бүрэн гүйцэд батлагдаж нотлогдоогүй бөгөөд хуурамч нотлох баримт бүрдүүлж эмчилгээний зардалыг өсгөн мэдүүлж авсан болно. Жишээ нь: Хужирт рашаан сувилалд хохирогчын ээж Т.Заяа нь өөрийн охины хамт явж сувилуулсан хэмээн надаас 2 340 500 төгрөг нэхэмжилсэн байсныг шалгаж үзэхэд зөвхөн охин З.Удвалдаа 360 600 төгрөг тушааж явсан байсан. Мөн хичээлийн хоцрогдолд 690 000 төгрөг төлсөн гэх баримтын дагуу шалгахад 240 000 төгрөгөөр компьютерийн хичээлд суусан баримт гарч ирсэн бөгөөд өөр ямар нэг мөнгө төлөөгүй суралцаа ч үгүй байсан. Надад хамааралгүй зардал болох Дарханаас Эрдэнэт рүү нүүсэн зардал 173 000 төгрөг нь эрүүгийн хэргийн шууд хохиролд хамааралгүй байсан. Хохирогчын ээж Т.Заяа нь Улаанбаатар хотын “Ачтан” эмнэлэгт ажилладаг байсан ба уг эмнэлэгт хүүхдээ үзүүлсэн гэж эмчилгээ сувилгааны зардлуудыг тодорхойлуулсан бас Солонгос руу эмчилгээнд явна хэмээн бүх зардал мөнгө, эм тариа, эмчилгээ сувилгааны мөнгийг өөрийн танил тал гадны нөлөөтөйгөөр хуурамч баримт нотолгоо цуглуулсан байсныг шүүх ханган шийдвэрлэсэн. Батлагдаж нотлогдоогүй баримт мөн үнэн бодит зардлыг хэт их өсгөж хохирогчын ээж Т.Заяа нь өөрийн танил тал, ажил үүргээ ашигласан байсан. Гэвч миний бие Э.Төмөрхуяг нь дээрхи тогтоолын дагуу хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж бүх нэхэмжлэлийг төлж барагдуулсан байгаа. Хохирогч охины бие шүүх эмнэлэгийн дүгнэлтээр баруун шилбэний тахилзуур ясны үзүүр хэсэг нь сэтэрсэн хугарал, тархины доргилт гэсэн гэмтэл учирсан. Энэхүү гэмтэл нь одоо 2 жилийн хугацаанд бүрэн эдгэрсэн бөгөөд З.Удвал нь одоо эрүүл саруул эрүүл мэндийн хувьд надаас шалтгаалах ослын ямар нэг гэмтэлгүй явж байгаа болно. Гэтэл ээж нь аль болох надаас мөнгө авах гэж улаан цайм охиноороо бизнес хийж байгаад гомдолтой байна. Одоо надаас нэхэмжилж байгаа 1 770 100 төгрөгийг миний бие Э.Төмөрхуяг нь барагдуулах чадваргүй болно. Учир нь дээрхи нөхөн төлөлтөөс үүдсэн хүнээс зээлж авсан хүүтэй мөнгөний төлөлт дуусаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэг төлөлт хийх үнэхээрийн боломжгүй байгаа тул дээрхи бүс асуудлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Т.Заяа нь хариуцагч Э.Төмөрхуягт холбогдуулан гэм хорын хохиролд 1 770 100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Э.Төмөрхуяг нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшилийн 04-67 ОРО улсын дугаартай соната-6 маркийн машинаараа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан охин Б.Удвалыг /З.Сүндари/ дайрч, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Охины бие бүрэн эдгэж, илааршаагүй, давтан оношлогоо, эмчилгээ,  нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа тул энэхүү ослоос үүдэлтэй эмчилгээний зардал, нэхэмжлэгч би Дархан-Уул аймагт амьдарч ажилладаг тул энэхүү хэргээр олон удаа явах, ажлаас чөлөө авах зэргээр хохирч байна. Иймд эрүүгийн шүүх хурлаас хойш баримтаар 1 784 100 төгрөгийн зардал гарсан боловч нэгтгэж бодохдоо алдаа гаргасан тул нэхэмжилсэн үнийн дүн болох 1 770 100 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг.

            Нэхэмжлэгч Т.Заяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар охин Б.Удвалыг /З.Сүндари/ шүүхэд бүрэн төлөөлөх эрхтэй, хууль ёсны төлөөлөгч мөн болох нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 371 дугаартай ургийн овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай захирамжаар батлагдаж байна. Тус захирамжинд Хамилган овогт Баяраагийн Удвалыг Ямбыхан овогт Заяагийн Сүндари гэж  2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өөрчилсөн байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор эмчилгээний зардалд 8 251 897 төгрөг гаргуулахаар  шийдвэрлэсэн ба уг төлбөрийг бүрэн барагдуулсан. Энэ төлбөр нь бүрэн батлагдаагүй, нотлогдоогүй бөгөөд өөрийн танил тал, ажил үүргээ ашиглаж бүрдүүлсэн хуурамч нотлох баримт байсан. Хохирогч охины баруун шилбэний тахилзуур ясны үзүүр хэсэг нь сэтэрсэн хугарал, тархины доргилт гэсэн гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь 2 жилийн хугацаанд эдгэрсэн бөгөөд одоо надаас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх чадваргүй байна гэж тайлбарладаг.

            2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Э.Төмөрхуяг нь 04-67 ОРО улсын дугаартай, соната-6 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа хохирогч Б.Удвалыг /З.Сүндари/ гарцаар зам хөндлөн гарч явахад нь мөргөж баруун шилбэний тахилзуур ясны үзүүр хэсгийн сэтэрсэн хугарал, тархины доргилт гэсэн хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд осол болон гэмтэл учирсан дээрх үйлдэлд, хариуцагч Э.Төмөрхуяг гэм буруутай эсэх талаар талууд маргаагүй байна.

            Нэхэмжлэгч Т.Заяа нь охин З.Сүндарийгийн эрүүл мэндэд учирсан хохиролд Интермед эмнэлэгт хийлгэсэн шинжилгээ эмчийн үзлэгийн зардал, эмний зардал, хот хооронд болон тээврийн үйлчилгээний зардал, нотариатын үйлчилгээний зардал, Хужирт рашаан сувилалд эмчлүүлсний зардал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал, зочид буудлын зардлыг асран хамгаалагчийн зардлын хамтаар нийт 1 770 100 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан дээрх зардлуудтай холбоотой санхүүгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

            Нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримтаас хохирогчийн гэмтэлтэй шууд хамааралгүй  дараах баримтуудын дагуу хохиролыг гаргах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Үүнд: Интермед эмнэлэгт З.Сүндари 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр СТ үзүүлсэн байх ба уг баримтаар хохирогч нь гэмтэл бүхий хөлөө үзүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байх тул үүнтэй холбоотой гарсан зочид буудал, тээврийн зардлыг мөн гаргуулах боломжгүй байна. Нэхэмжлэгч Орхон аймагт амьдардаг албан ёсны хаягтай, Дархан-Уул аймагт ажиллаж байгаа нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд холбоогүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д нэхэмжлэгч өөрийн сонгон авсан газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба уг эрхийн дагуу Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбоотой болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой  Дархан-Уул, Орхон аймагт зорчсон тээврийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардлыг тус тус хасч тооцсон болно.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно гэж заасан байх ба ийнхүү олгоогүй талаар холбогдох баримтийг шүүхэд ирүүлээгүй байна. 

З.Сүндари нь иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай тул түүний хууль ёсны төлөөлөгч эх Т.Заяагийн Хужирт рашаан сувилалд хамт явж 10 хоног амарсаны зардлын 50 хувь буюу 200 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Учир нь сувилалын 10 хоногийн зардалд эмчилгээ сувилгааны төлбөр бүгд багтсан байх тул Т.Заяад уг үйлчилгээ хамааралгүй юм.     

Иймд Хужирт рашаан сувилалд хэвтэж эмчлүүлсэний зардалд төлсөн 600 900 төгрөг, уг рашаан сувилалд явахтай холбоотой хот хоорондын тээврийн үйлчилгээний зардалд төлсөн 151 200 төгрөг /18 300х4+17 000+18 000х2+ 25 000/, нотариатын үйлчилгээний зардалд төлсөн 1 000 төгрөг, эмийн зардалд төлсөн 331 250 төгрөг /127 100+121 650+82 500/ нийт 1 084 350 төгрөгийг хариуцагч Э.Төмөрхуягаас  гаргуулан нэхэмжлэгч Т.Заяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 685 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч Э.Төмөрхуягаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Э.Төмөрхуягаас гэм хор учруулсаны хохирол төлбөрт нийт 1 084 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Заяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 685 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Заяа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Төмөрхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 30 575 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ

 

                  ШҮҮГЧИД                                Б.БЯМБАСҮРЭН

 

                                                                                              Б.ХИШИГДАВАА