Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 62

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч Д.Сүрэнхор,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О , өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч А.Ч , өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир, өсвөр насны шүүгдэгч Ч.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Х д холбогдох эрүүгийн 2015000140016 дугаартай, 163/2020/0058/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 16 нас 8 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 6, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Ч ын Х.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ч.Х г 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн ...ы сургуулийн байранд тус сургуулийн сурагч Б.А г “заал авахгүй” гэснээс үүдэлтэй маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Х н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Ч ын өгсөн: Энэ хэрэг дээр ямар нэг маргах зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О ийн өгсөн: Хохирлыг төлөх хугацаа их байсан боловч төлөхгүй байгаа. Хүүхэд болохоор эмчилгээний зардал нь хөнгөлөгдөөд бага гарсан. Хохирлыг төлөх талаар сэтгэл гаргаж санаа тавихгүй байна. Би хүүхдийнхээ эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000140016 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн ...ы ерөнхий боловсролын дунд сургуулийн 11Б ангийн сурагчид болох Ч.Х , Б.А  нар нь хичээл тарсаны дараа дахин заал авч тоглох талаар санал зөрж, маргах явцдаа Ч.Х  нь Б.А г зодож түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь насанд хүрээгүй хохирогч Б.А гийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сургууль дээрээ хичээлдээ орж байтал хамгийн сүүлийн цаг буюу 12 цаг 35 минутаас 13 цаг 15 минутын хооронд биеийн тамирын хичээл орж биеийн тамирын хичээл дээр доод үе буюу 10 дугаар ангийн хүүхдүүдтэй ундааны бооцоотой тоглосон. Ингээд дуусгаад хувцсаа солих гээд ангидаа ороод байж байтал манай ангийн Х  гэх хүүхэд дахиад цаг аваад зааланд тоглоё гэхээр нь би “үгүй ээ” гэж хэлтэл Х  “заал авчихаач, яасан сүртэй юм” гэхээр нь “авахгүй гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл Х  над руу дайраад намайг боож унагаагаад 2 удаа алгадаж, өвдгөөрөө дээрээс дараад 2-3 удаа нүүр лүү цохисон. Тэгээд салахдаа юугаар цохисныг мэдэхгүй байна, ямар ч байсан миний хамар луу цохиж цус гаргасан.

…Бид хоёр зааланд үргэлжлүүлж тоглох, тоглохгүйгээс болж маргалдаж Х  намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/, насанд хүрээгүй гэрч А.Наранчимэгийн өгсөн: “...Х , А  хоёр хувцасаа сольж байх хооронд өдөр дахиад заал авах талаар ярилцаж байтал А  “би заал авахгүй, чадахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Х  А г “надтай хамт заал авч тоглосонгүй” гээд уурлаад А г 2 удаа алгадаад заамдаж аваад газар унагаагаад дээр нь өвдгөлсөн байсан. Тэгээд Х , Ж  хоёр салгах гэж оролдсон боловч салгаж дийлээгүй. Х  үргэлжлүүлэн нүүр лүү нь гараараа удаа дараа цохисон. Тэгэхэд Ж , Х гийн гарнаас татаад салгах хооронд А гийн нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд зодоон дууссан...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/, насанд хүрээгүй гэрч Э.Ж гийн өгсөн: “...Х , А г “яачихаад тоглохгүй байгаа юм” гэж асуутал А  “надад мөнгө байхгүй, ар гэртээ ажилтай байна” гэж хэлтэл Х  би “мөнгийг чинь даая хамт тоглоё” гэтэл “үгүй би тоглохгүй” гэж хэлээд ангиас гарах явцад Х , А г хаалганы хажуу тал руу түлхээд А г заамдаж унагаасан. Тэгэхээр нь би Х ын хамтаар салгаад хоёр тийш нь болгосон. Тэгтэл Х  хувцасаа тайлаад А  дээр очоод зааланд хамт тоглох уу гэж дахин асуусан. Харин А  “үгүй” гэж хэлсэн. Тэгээд Х  А г заамдаж унагаагаад хоёр удаа алгадсан. Дараагаар нь босохдоо нүүр лүү нь өшиглөөд буцаад дахин нэг удаа бөөр лүү нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/, насанд хүрээгүй гэрч У.Энхзулын өгсөн: “...тэр хоёрыг хэсэг маргалдаж байх зуур би хойд өрөөндөө очоод буцаад гараад ирэхэд Х  хувцасаа тайлаад А г унагаагаад 2-3 удаа алгадаад дараа нь нүүр лүү нь цохисон.

Тэгтэл Х , Ж  хоёр салгах гэж Х гийн хоёр гарнаас барьсан. Х  босохдоо А гийн нүүр лүү нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/, насанд хүрээгүй гэрч О.Н ийн өгсөн: “Х  хөвгүүдээсээ заал авах талаар асуутал А  “авахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Х  “яагаад, мөнгөгүй юм уу” гэж асуутал А  “тиймээ, би мөнгөгүй, заал авахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Х  уурлаад “чи надтай заал авна гэхээр дургүй байгаа юм уу” гэж асуутал А  “үгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд Х  гэнэт уурлаад А г заамдаж унагаагаад дээр нь суугаад алгадаад нүүр лүү нь гараараа цохиход Х , Ж  хоёр салгах гэтэл босохдоо миний харснаар цээж хэсэг рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.О ийн өгсөн: “...Миний хүү А  Х д зодуулсаны улмаас хамар нь мурийж цөмөрсөн, энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээнд 300000 гаруй төгрөг зарцуулсаны 251200 төгрөгийн зардал нь нотлох баримттай байгаа. Унааны зардалд 70250 төгрөг гарсан ба нотлох баримт байгаа. Х гаас нийт 321400 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч А.Ч ын өгсөн: “...Би төрсөн хоёр хүүхэдтэй. Х  бол миний охин Байгальмаагийн том хүү. Би өөрийнхөө нэр дээр авсан юм. Намайг иргэний хариуцагчаар татаж байгааг ойлгож байна, би А  гэдэг хүүхдийг эмнэлэг рүү авч явахдаа өөрийн машинд 20000 төгрөгөөр бинзен хийсэн. Мөн 60000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан. Цаашид эмчилгээний мөнгө нэхэмжилсэн тохиолдолд төлнө. ...” гэх мэдүүлэг /хх-20 тал/, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “хохирогч Б.А гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын дотор салстын цус хуралт тусдаа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, бусад гэмтэл тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 889 дугаартай дүгнэлт /хх-36-37 тал/,

өсвөр насны шүүгдэгч Ч.Х н яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед Булган аймгийн ...ы бүрэн дунд сургууль дээр ангийн хүүхэд А тэй биеийн тамирын хичээл дээр сагс тоглож байхдаа тоглоомноос болж жаахан муудалцаад анги руугаа хэрэлдэж яваад анги дотор миний уур хүрээд А г гараараа 2 удаа алгадаад хөл рүү 4-5 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.А гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь өсвөр насны шүүгдэгч Ч.Х н үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.О  нь хэргийн 8-11 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд эмчилгээний зардлын 251200 төгрөг, унааны зардлын 70250 төгрөг, нийт 321400 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч А.Ч  нь хохирлыг 2020 оны 4 дүгээр сарын өндөр насны тэтгэвэрийн орлогоос төлөхөө илэрхийлсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Ч.Х н үйлдэл идэвхтэй, хохирогч Б.А гийн амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ч.Х н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Ч.Х н хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Ч.Х  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-49-60 тал/-ыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ болон өсвөр насны шүүгдэгч Ч.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн Булган аймгийн ...ы Ерөнхий боловсролын сургуулийн 11Б ангид суралцаж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид ...хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Ч.Х д ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Х цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Г овогт Ч ын Х гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Ч.Х д ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтзааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Х д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-дзаасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч А.Ч аас  321250 /гурван зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.О т олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Х  цагдан хоригдоогүй, эд мөрийнбаримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Ч.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД