| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1051/Э |
| Дугаар | 1051 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1051
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Х.Нарангуа,
хохирогч Н....,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
шүүгдэгч О.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908037471241 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Боловсролын их сургуулийн нийгмийн ажилтны 1 дүгээр дамжаанд суралцдаг гэх, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Мах ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ангараг овогт ...гийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч О.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н....той хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож, түүний хоншоор яс, баруун нүдний ухархайн доод гадна ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн урд ар ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, баруун хацар, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой өмнө нь муудалцсан байсан. Дахиж ийм ёс суртахуунгүй үйлдэл гаргахгүй” гэв.
Хохирогч Н.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Н.... би 21 настай. Монголын Үндэсний дээд сургуулийн архитектурын 2 дугаар курсийн оюутан байсан. Төлбөр төлөх боломжгүйн улмаас Солонгос Улсад гэрээгээр ажиллахаар бэлтгэж хэлний сургалтанд сууж байх үедээ зодуулсан. Одоо түр зөөгчийн ажил хийж байгаа. Ам бүл 2. Миний эх өндөр насны тэтгэвэрт байдаг. 2019 оны 7 дугаар сарын 14-ний орой сагсны шийдэн дээр найзтайгаа тоглож байсан. ... халамцуу ирж зодолдъё гэж өдсөн. Би үгүй гээд шийд рүү бөмбөг шидээд зогсож байтал араас ирж боосон. Цус нөжиндөө хутгалдаж гэртээ хариад гэрийнхэндээ хэлж 24 цагийн дотор гэмтэлд үзүүлсэн. Баруун талын хоншоор яс нүдний ухархайн доод гадна хануудын нийлмэл хугарал, баруун хоншоорын урд хана 1.9 см өргөн, 0,3 см цөмөрсөн, арын хана 1,8 см өргөн 0, 8 см гүн цөмөрсөн, ар хэсгээр зөрүүтэй хугарсан, баруун хэсгийн ухархайн доод хана 1,0x1,7 см хэмжээтэй хоншоорын хөндий рүү 0,3-0,4 см цөмөрсөн, гадна хана зөрүүгүйгээр хугарсан, эдгээр хугарлуудын улмаас баруун хоншоорын хөндиид өтгөн шингэн хурж, агааржилт буурсан, баруун доод эрүү хоншоор орчмын болон нүдний доод хэсгийн зөөлөн эд хавантсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд мохоо зүйлээр олон дахин давтан үйлдсэн үйлдлийн улмаас олон жилийн хүнд урхагтай хүндэвтэр гэмтэл гэж тогтоогдсон байсан санагдаж байна. Эдгээр гэмтлийн улмаас Улсын Клиникийн 1 дүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолой, нүдний доод талын ухархайг тэгшлэх мэс засал 3 удаа тодорхой хугацааны зайтайгаар хийлгэх шаардлагатай болсон. Эхний хагалгаа буюу эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч Болдоор ахлуулсан мэс заслыг 2019 оны 7 дугаар сарын 24-нд хийлгэсэн. 29-нийг хүртэл тус тасагт хэвтэж эмчлүүлсэн. 8 дугаар сарын 12-нд 1 дүгээр эмнэлгийн дэргэдэх Люкс мед эмнэлгийн компьютер томографийн шинжилгээгээр дараах гэмтлүүд надад үлдсэн байсан. Баруун талын нүдний ухархайн доод хана бага зэрэг зөрүүтэй хугаралтай, баруун талын гайморын хөндийн өмнөд хана дотогш цөмөрсөн тухайн түвшинд ясанд бэхэлгээтэй, баруун гадаа хажуу хана 3,0 мм орчим бага зэргийн зөрүүтэй хугаралтай, баруун талын гаймор хөндийн салст зузаарсан, хана дагасан нэмэх 24 HU нягтралтай шингэн үүссэн, зүүн талын гайморын хөндийн хананд 1,0х0,9 см хэмжээтэй нэмэх 26 HU нягтралтай шингэн үүссэн, хамрын таславч дунд хэсгээр баруун тийш бага зэрэг мурийсан хамрын 2 талын дунд болон доод намалдагийн салстууд бага зэрэг зузаарсан гэсэн дүгнэлт гарчээ. Одоогийн байдлаар хамар битүүрч, нөж гардаг. Байнга толгой өвдөж, өвчин намдаах эмээр дарж, сэтгэл санааны хүнд дарамт, стресний байдалтай, бүрэн нархозтой орсных ч юм уу ихэд мартамхай болсон байна. Дүүргийн харъяаллаар эмчилдэг болсны дагуу чих хамар хоолойн хагалгааг Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгээр 10 дугаар сарын 8-ны өдрийн эмч нарын зөвөлгөөнөөр орох гэж байна. Хагалгаанд орох бэлтгэл ажил, бас дахин КТГ шинжилгээ хийлгэх, 8 төрлийн урьдчилсан шинжилгээ өгөх шаардлага гарч байна. Эхний хагалгааны зардлыг ...ын талынх өгсөн. Гэвч тэдний талынхнаас ганц гэрч болох найзыг маань дарамтлах, өдөж зодуулахыг оролдох, гэр орных нь зүгээс манай гэрийг зааж өгөхийг шаардах, төлбөрийн баримтыг худал мэдүүлээд байна хэмээн хардах хараах зэрэг зохисгүй үйлдэл удаа дараа гаргаж байсан. Тайлбар хэлэхэд Болд эмч байнга хагалгаанд ороод завгүй байдаг тул яг хагалгаанд орсон өдрөө баримтыг авч чадаагүй. Миний ээж Наран нь өндөр насны тэтгэврийн зээл авч миний сургалтын төлбөрийг төлж байсан. Цаашид төлөх боломжгүй болсон учраас манай сургуулиас жилийн чөлөө авч намайг Солонгос Улс руу гэрээт ажилчнаар явуулахаар болсон байсан. Яг тэр үед би зодуулсан болно. Үүний улмаас миний ирээдүйн амьдрал бүрхэг болж удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагтай, дараа нь хэзээ ч гарч ирж мэдэх өвчтөн болж хувирлаа. Миний үеийн хүүхдүүд сургуульдаа явж бас Солонгос Улс руу явах бэлтгэлээ хангаж байхыг хараад хөлдөө таягтай, нүүрээрээ дүүрэн хавантай, улаан мөнгөгүй болоход ганц муу ээжээсээ нуугдаад уйлж байсан өдөр надад олон байсан. Ээж бид хоёр нэг өрнөөс нөгөө өрийн хооронд амьдарч арга буюу түр орон тоон дээр зөөгчөөр ажил хийхээр ажилд орсон боловч байнга толгой өвдөж, хүмүүсийн захиалгыг мартаж байна. Зүв зүгээр эрүүл саруул явж байсан миний хувьд ядаж 60-70 хувийн эдгэрэлтэй болж байж миний гомдол барагдаж магадгүй юм. Миний эрүү нүүрний мэс засал хийлгэхэд нийт 1.754.000 төгрөгийн зардал гарсныг ...ын талынхнаас авч эмчлүүлсэн. Одоо дахиад нүдний ухархайн доод ясыг татуулах, хамрын салст муруйлт засуулах, эрүүнд суулгасан төмөр ялтас авахуулах гээд 3 удаагийн хагалгаанд орох шаардлагатай. Үүнд ойролцоогоор 1.500.000-2.000.000 төгрөг шаардлагатай болно. Энэ мөнгийг би нэхэмжилж байна. Одоо төлөх боломжтой бол энэ мөнгийг авч өгөх, эсвэл тухайн үед нь надад олгуулахаар шийдвэртээ тусгаж өгнө үү. Өмнө нь гарсан бодит зардал болох кипстэй үед эмнэлэгт нааш цааш хүргүүлсэн таксины зардал 90.000 төгрөг, Солонгос Улсад гэрээгээр явж ажиллах болоод сургалтанд сууж байсан төлбөр болох “Пи эй ти консалтинк”-ийн Цэцэн тархи сургалтанд зарцуулсан 420.000 төгрөг, бүгд 510.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв би Солонгост очиж ажилласан бол ядуугийн зовлонгоос бүрэн гарах байсан. Энэ гарцыг энэ хүмүүсийн хар балгаас болж бүрэн хаагдсан. Өрнөөс гарч амьсгаа авах боломжоо алдаж бүр их өр ширэнд орж миний амьдрал бүр бүрхэг харанхуй болов. Тийм ч учраас өнөөдөр өмгөөлөгч ч авч чадахгүй байж байна. Хэрэв өмгөөлөгч авсан бол өнөөдөр арай дээрч байх байсан юм билүү. Ийм учраас миний бие ирээдүйд гарах харанхуй бүрхэг амьдралыг тоцоолж үзээд сэтгэл санааны хохиролд 4.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Эрүүгийн 1908037471241 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н....ийн: “2019 оны 7 дугаар сарын 14-ний 23 цагийн орчимд ...ганцаараа бөмбөг шидээд байж байтал ... 4 найзтайгаа хамт сагсны талбай дээр ирээд надтай хамт тоглосон. ... тоглохоо болиод сандал дээр суугаад хамт ирсэн найзуудыгаа дуудсан. Тэгснээ намайг дуудаад “манай 2 дүүтэй зодолдох уу” гэхээр нь би “үгүй” гэсэн. Тэгсэн “надтай зодолдох уу” гэхээр нь “яасан ч яахав дээ” гээд сууж байтал ... миний нүүр лүү гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Би газар гараа тулаад тогттол хамт явж байсан хүүхдүүд болиулсан. Би босоод ...т “Хоёулаа зодолдвол зодолдъё” гэтэл намайг дахиад цохих гэж дайрахаар нь би бултаад ...ын нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь газар уначихсан босож ирэх гээд байхаар нь нүүр лүү нь өшиглөх гэтэл гараараа хаагаад миний хөлнөөс барьтал хамт явсан найз ... нь ирээд “больцгоо” гээд салгахад нь би газар уначихсан чинь ... босож ирээд миний толгой руу өшиглөж байснаа болихоор нь би босоод цусаа арчаад зогсож байтал ... “одоо гэртээ харь, намайг уучлаарай” гэхээр нь би яваад өгсөн. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Гэрч Ж....ын: “2019 оны 7 дугаар сарын 14-ний 19 цагийн орчимд ..., Банзрагч бид 3 ...сааданд 2,5 литрийн пиво гурвыг хувааж уучихаад 27 дугаар хорооны урд байдаг сагсны талбай дээр очоод... Намайг ... гээд дүүтэй юм ярьж байтал ... ... 2 хоорондоо муудалцчихсан зогсож байсан. Тэгснээ гэнэт ... ...ийн нүүр лүү нэг мөргөөд, гараараа 2 цохисон. ... ...ыг зөрүүлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохитол ... газар унахдаа ...ийн зүүн хөлнөөс барьчихсан. Тэгсэн ... гүйж очоод ...ийн цамцнаас татаж газар унагаасан. ... босоод ...ийн толгой руу гараараа нэг удаа цохиод бөөр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-19/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.17-ны өдрийн 8693 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Н....ийн биед хоншоор яс, баруун нүдний ухархайн доод гадна ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн урд ар ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, баруун хацар, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-24/,
Шүүгдэгч О....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 14-ний 23 цагийн орчимд ......, ..., ...нарын хамт юм яриад сууж байсан. Талбай дээр ... ганцаараа шийдэн дээр бөмбөг шидэж байхаар нь би очоод ...той маргалдаж эхэлсэн. Ямар шалтгаанаас болж маргалдсанаа мэдэхгүй, санахгүй байгаа. Би ...ийн нүүр лүү гараараа 2 удаа цохиод, газар унагаад татаж босгоод ...оос уучлалт гуйсан. ... миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж газар унагаад нүүр лүү нэг удаа өшиглөсөн. ... ...ийг “боль” гэж хэлээд татаж газар унагаагаад дээр нь дарчихсан байсан. Би босож очоод больцгоо гээд холдуулаад би ...оос уучлалт гуйгаад салцгаасан” гэх мэдүүлэг /хх-36-39/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Н....ийн өргөдөл /хх-3/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, Асап сангийн мэдээлэл /хх-42/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, эд хөрөнгө “бүртгэлгүй” лавлагаа /хх-46/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-47/, тээврийн хэрэгсэл “бүртгэлгүй” лавлагаа /хх-48/, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны тодорхойлолт /хх-49/, банкны шилжүүлгийн баримт /хх-50-52/, хохирлын баримтууд /хх-56-59/, яллах дүгнэлтийн хавсралт /хх-68/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой 9 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Улсын яллагч “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Цаашид гарах эмчилгээний зардал 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж өгнө үү. Харин бусад хохирлын 510.000 төгрөгийг гаргуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Солонгос хэлний сургалтын талаарх баримт тодорхойгүй, сургалтдаа суусан, суугаагүй талаар баримт алга бөгөөд энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна.” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.... согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н....ийг зодож, хоншоор яс, баруун нүдний ухархайн доод гадна ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн урд ар ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, баруун хацар, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н....ийн “...... миний нүүр лүү гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. ...миний толгой руу өшиглөж...” гэх мэдүүлэг /хх-8-9/, гэрч Ж....ын “...бид гурав 2.5 литрийн хэмжээтэй пиво гурвыг хувааж уусан. ... ...ийн нүүр лүү нэг мөргөөд, гараараа 2 цохисон. ...... босоод ...ийн толгой руу гараараа нэг удаа цохиод бөөр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-19/, шүүх эмнэлгийн 8693 дугаар “1. Н....ийн биед хоншоор яс, баруун нүдний ухархайн доод гадна ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн урд ар ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, баруун хацар, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-24/, шүүгдэгч О....ын яллагдагчаар өгсөн “...Би ...ийн нүүр лүү гараараа 2 удаа цохиод, газар унагаад, татаж босгоод ...оос уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-36-39/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Н....ийн өргөдөл /хх-3/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О....ын согтуурсан үедээ хохирогч Н....ийг мөргөж, гараар цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч 1.352.734 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс шүүгдэгч 1.634.000 төгрөг төлсөн нь банкны шилжүүлгийн баримт /хх-50-52/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Солонгос хэлний сургалтын төлбөр 420.000 төгрөг, шатахууны зардал 90.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардал 90.000 төгрөгийг төлөгдсөн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 1.352.734 төгрөгийг 1.634.000 төгрөг болгон төлсөн буюу илүү төлсөн мөнгөн дүнд оруулж тооцон төлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин түүний “Пи Эй Ти” ХХК-ийн “Цэцэн тархи” сургалтын төвд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн сурч байсны төлбөр 420.000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. Тухайлбал уг сургалтын төвд хэдийгээс хэдий хүртэл суралцах байсан, суралцсан эсэхийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй энэ талаар тооцоо гаргах бололцоогүй байх тул холбогдох нотлох баримтаа, түүнчлэн цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Мөн “Сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд хохирогчид учирсан эд хөрөнгийн бус хохирлыг хэрхэн нөхөн төлөх тухайд Иргэний хууль болон бусад хуульд тусгайлан зохицуулаагүй байгаа тул хангах үндэслэлгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ажил хийж учруулсан хохирлоо төлсөн, оюутан болохыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О....т 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хуулийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч өсвөр насны, төлөвшлөө олж чадаагүй байсан. Ээж, 2 дүүтэйгээ амьдардаг. Ажил эрхэлдэг, орлого олдог баримт хэрэгт байхгүй. Иймээс торгох ял оногдуулах үндэслэлгүй байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, гудамж, олон нийтийн газар шалтгаангүйгээр, хохирогчийг зүй бус зүйлд өөрөөр хэлбэл “Манай 2 дүүтэй зодолдох уу” эсхүл “хоёулаа зодолдох уу” гэх зэргээр өдөөн хатгаж улмаар түүний эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд 1.634.000 төгрөг төлсөн, хор уршиг бүрэн арилаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /хөдөлмөр эрхэлдэггүй, мөн тодорхой орлого олдоггүй, оюутан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ...хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж, мөн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаас дүгнэхэд шүүгдэгч О....ыг “өсвөр насны шүүгдэгч” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ангараг овогт ...гийн ...ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг О....т 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.... урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хохирогчийн “Сэтгэл санааны хохиролд 4.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой мөн цаашид гарах эмчилгээний нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР