Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1062

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908002971036 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Авжынхан овогт ...гийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.... 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод оршин суух иргэн Л....ы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын тасдагч багаж, цахилгааны утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би сайн мэдэхгүй байна. Архи уусан байсан. Шар тасдагч мэдэхгүй байна. Өглөө орцонд сэрэхэд халаасанд 10.000 төгрөг байсан. Гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1908002971036 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л....ы: “2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манайд амьдардаг байсан ...гэх дүү ажлаасаа буугаад гэртээ орох гээд явж байхад хажуу айлын ... тасдагч багаж, цахилгааны утас зэргийг бариад өөрийнхөө хашаа руу орж байсан гэж надад хэлсэн. ...Би хашааны амбаараас багажаа авах гээд ортол миний багажнууд байхгүй байхаар нь ...ээс асуухад “танд өгөөгүй юм уу, 11 дүгээр сарын 21-ний өдөр бариад явж байсан” гэсэн. ...той уулзаад “миний багажийг яасан бэ, тохиролцвол тохиролц” гэж хэлтэл “би аваагүй цагдаадаа хэлэхгүй юу” гэж хэлсэн. Би нэн даруй хохирлоо барагдуулж авмаар байна.

...Намайг багажаа хураадаг өдөр машины араас гаргаад амбаарт хийх хооронд манай урд айлын ... байшин дээрээ гарч зогсоод хараад байсан. ...“манай урд айлын хүн намайг ирж байхад бариад явж байсан, би таныг өгсөн байх гэж бодоод хэлээгүй” гэж хэлсэн. Манай амбаар элдэв янзын хаалга үүдээ цоожилсон зүйл байдаггүй, өдөртөө хашаанд хүүхэд байдаг, оройдоо томчууд байдаг...” гэх мэдүүлэг /хх-7-8, 41-42/,

Гэрч Б....ийн: “2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ажлаа тараад гэр лүүгээ явж байтал хажуу талын хашаанд ээжтэйгээ хамт амьдардаг ах шар өнгийн тасдагч бариад манай хашаанаас гарч ирээд булан тойрох гээд явж байсан. Би тухайн үед тоолгүй ахаас тус тасдагчийг асуугаад аваад явж байгаа юм байх гэж бодоод гэр лүүгээ орсон. Ах байхгүй байсан. Тэр өдрөө тоолгүй өнгөрсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа ах ... гадаа ирчихээд “тасдагч багажаа аваад ир” гэхээр нь би “та хажуу айлын хашааны ахаас авсан юм уу” гэж асуусан чинь “юун хажуу хашааны ах, би хүнд юм өгөөгүй” гэсэн. ...Манай багаж аваад гарч явахыг нь би харсан. Ахын хашаанд байсан модон амбаарт уг багаж байсан....” гэх мэдүүлэг /хх-34-36/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.01.24-ний өдрийн 19/038 дугаар тодорхойлолтод: “суурин багаж 370.000, уртасгагч 125.000, нийт 495.000 төгрөг” гэжээ /хх-11/,

Шүүгдэгч Б....ын яллагдагчаар өгсөн: “...Би өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Би ганцаараа нэг шил архи гэртээ уучихаад гараад хажуу айлынхаа амбаар луу орж тасдагч багаж, цахилгааны утас авсан. Тэгээд би тэр тасдагч багажийг авч гараад таксины жолоочид 45.000 төгрөгөөр өгч зараад архи, тамхи авсан. Архиа уугаад түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Цахилгааны утсыг яасныг мэдэхгүй байна. Би архи уух гээд мөнгөгүй байсан болохоор тасдагч багаж, цахилгааны утсыг авсан байх. Хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-90-91/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.01.07-ны өдрийн 196 дугаар дүгнэлтэд: “1.Б.... нь “Тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг” өвчинтэй байна. 2. Дээрх сэтгэцийн эмгэг нь олдмол эмгэг юм. 3. Б....ын дээрх сэтгэцийн эмгэг нь 2006 онд автомашины осолд орсны улмаас үүссэн байх боломжтой. Одоо /Засрал сайжралын байдал/-д байна. 3. Б.... нь тухайн зөрчил үйлдэгдэх үед болон зөрчил үйлдэгдсэнээс хойш тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг, засрал сайжралын байдалтай байсан байна. 5. Б.... нь зөрчил үйлдэх үеийн өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан ” гэжээ /хх-50-53/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.07.29-ний өдрийн 926 дугаар дүгнэлтэд: “1. Б.... нь “Тархины гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг” засрал сайжралын байдалтай байна. 3.Б.... нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд “Тархины гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 4.Б....ын дээрх сэтгэцийн эмгэг нь эмийн эмчилгээний дэглэмийн үр дүнд засрал сайжрал өгөх боломжтой. 5.Б....ын дээрх сэтгэцийн эмгэг нь сэдэрсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулж болно. Харин засрал сайжралын үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломж багатай байна. 6.Б.... нь үнэн зөв мэдүүлэг чадвартай байна. 7. Б.... нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна. 8. Б.... нь хэрэг хариуцах чадвартай байна. 9. Б....од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 10. Б....ын дээрх эмгэг нь хэрэг үйлдэх үедээ засрал сайжралын байдалтай байсан. Мөн гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэжээ /хх-106-110/,

Шинжээч Б.Батхишигийн: “Б....ыг үзэхэд тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрөх үйлийн эмгэг өвчинтэй байсан. Энэ нь засрал сайжралын байдалтай олдмол өвчин байх боломжтой. Хэрэг үйлдэх үеийн өөрийн үйл явдлыг үнэн зөв ярьж зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн үг юм. Энэ хүн уулзан ярилцахад хэвийн байсан. Тухайн өвчний улмаас сэтгэцэд өөрчлөлт орсон тохиолдолд нийгэмд ямар ч үйлдэл хийж болно. Ер нь өөр хүнтэй харилцах харилцаанаас үүсэх үйлдэл нь ямар ч байж болно. Б.... үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай хүн...” гэх мэдүүлэг /хх-9-10/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018.11.28-ны өдрийн 18/129 дүгээр тодорхойлолтод “Төмөр тасдагч, хуучин 100.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-39-40/,

Асап сангийн мэдээлэл /хх-16-25, 64-76/, Г....ын зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэг /хх-46-48/, мөрдөгчийн тогтоол /хх-49, 104/, тасдагчийн гэрэл зураг /хх-58/, уг тасдагчийн үнийн талаар нэхэмжлэх /хх-59/, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-62/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/, шүүгдэгчийн данс эзэмшдэг эсэх лавлагаа /хх-81, 82/, прокурорын тогтоол /хх-84/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-86/, гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-94-95, 96/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хохирол төлсөн баримт, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, тэтгэврийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ыг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хэрэгт авагдсан баримтуудаас өмгөөлөгчгүй байсан гэх, бусад нотлох баримтыг няцаах үндэслэл хэлсэнгүй. Өөрийн хүсэл шаардлагаар л яриад байна. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргээ хүлээж байсан хэдий ч өнөөдөр илт худал мэдүүлэг өглөө гэж ойлгож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь зөрүүгүй байсан. Өмгөөлөгч солигдоод мартдаг болсон байна. Сэтгэцийн дүгнэлт буруу, эргэлзээтэй байна гэж амаараа үгүйсгэж байна. Зөрчлийн хэргийн хохирол дээр хохирогч гомдол гаргаад шалгагдсан. Сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадвартай гэдэг 2 өөр ойлголт. Нэвтэрсэн гэдэг тэр хүний орон зайд хууль бусаар нэвтэрч орсон. Хэргийн газрын үзлэгийг заавал хийнэ гэж байхгүй. Зөрчлөөр шалгагдаад зөрчлийн шийдвэр нь хүчингүй болоод өнөөдөр эрүүгийн хэрэг болон явж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Мөрдөн байцаалтын ажиллагаа буруу хийгдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Шүүгдэгч өвчтэй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй. Амбаар юм уу, гэр юм уу, амбаар байдаг юм уу гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй. Учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй. Үнэлгээг 2 шинжээч 2 өөрөөр гаргасан. Эхлээд 100.000 төгрөгөөр үнэлсэн. Дараа нь 495.000 төгрөгөөр үнэлсэн. 100.000 төгрөгөөр үнэлэгдсэн дүгнэлт хүчинтэй байгаа. Алийг нь үнэн гэдгийг тогтоох юм. Шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шинжээч, түүний дагуу тусгай зөвшөөрөлтэй эсэх зэрэг баримтыг хавсаргах ёстой. Иймээс үнэлгээ хууль ёсны биш. Шүүгдэгч сэтгэцийн талаар 80 хувь алдагдалтай, байнгын асаргаа шаардлагатай талаар 2 шинжээчийн дүгнэлт гарсан. Сэтгэцийн өвчтэй, олдмол гэсэн байгаа. Даамжирсан үедээ нийтэд аюултай үйлдэл хийх боломжтой, хэрэг хариуцах чадвартай гэсэн. Үүнд эргэлзэж байна. Ямар шалгуураар тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна. Шинжээч Батхишигийн мэдүүлэгт байгаа. Өнөөдрийн хуралд өгч байгаа мэдүүлгийг болон өөрийг нь харлаа. Дахин шинжээч томилж өгнө үү. Шүүгдэгч бичиг үсэг мэдэхгүй хүн, өмгөөлөгч томилуулаагүй. Өмгөөлөгч оролцуулаагүй.

Хавтаст хэргийн хэд хэдэн газарт өмгөөлөгч гарын үсэг зурсан байгаа ч хэдий үеэс оролцсон нь тогтоогдоогүй. Хэргийн материал танилцуулахдаа л оруулсан. Оролцуулсан бол байцаалтын тэмдэглэлд өмгөөлөгчийг бичсэн байдаг. Иймд өмгөөлөгчийг оролцуулаагүй. Энэ талаар ар гэр нь ч хэлдэг. Дахин шинжилгээ хийлгэхэд урьд орсон шинжээч ордоггүй. Үүнийг зөрчсөн. Шүүгдэгч өмнөх асуудлаа огт мэдэхгүй байгаа. 2 дахь дүгнэлт нь өмнөхтэйгөө хуудасны формат, бусад байдлаар яг адилхан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж өгнө үү. Эсхүл прокурорт буцааж байгаад энэ ажиллагааг хийж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар буцааж нэмэлт ажиллагааг хийж өгнө үү. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх прокуророос Б....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хэргийн зүйлчлэлийн хүндрүүлэх шинжийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж зөвтгөж шийдвэрлэсэн болно.

Учир нь “хүн байнга амьдрах зориулалттай орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно. Харин амбаар нь дээр дурдсан зориулалттай бус, зориулалтын хувьд эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах шинжтэй тул “тусгайлан хамгаалсан байр, агуулах”-д хамааруулан ойлгох нь хуульд нийцэж байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочины 4 дүгээр гудамж, 20 тоотод байрлах иргэн Л....ы эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч тасдагч багаж, цахилгааны утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Л....ы “......гэртээ орох гээд явж байхад хажуу айлын ... тасдагч багаж, цахилгааны утас зэргийг бариад өөрийнхөө хашаа руу орж байсан гэж надад хэлсэн. Би хашааны амбаараас багажаа авах гэтэл байхгүй байхаар нь ...ээс асуухад “Та өгөөгүй юм уу, 11 дүгээр сарын 21-ний өдөр бариад явж байсан” гэж хэлсэн. ...Хашаандаа байх амбаар дотор уртасгагч болон бусад ажлын багаж хэрэгсэлтэй хураасан...” гэх мэдүүлэг /хх-7-8, 41-42/, гэрч Б....ийн “...манай хажуу талын хашаанд ээжтэйгээ амьдардаг ах шар өнгийн тасдагч бариад манай хашаанаас гарч ирээд булан тойрох гээд явж байсан. ...Тус тасдагч багаж нь ах ...ы хашаанд байсан модон амбаарт байсан...” гэх мэдүүлэг /хх-34-36/, шүүгдэгч Б....ын яллагдагчаар өгсөн “...нэг шил архи гэртээ уучихаад гэрээсээ гараад хажуу айлынхаа амбаар луу орж тасдагч багаж, цахилгааны утас авсан. Тэгээд би тэр тасдагч багажийг авч гараад таксиний жолоочид 45.000 төгрөгөөр өгч, ...цахилгааны утсыг яасныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-90-91/, тасдагч багажны зураг /хх-59/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б....ын согтуурсан үедээ, нэмж архи уух зорилгоор хохирогч Л....ы амбаараас эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул Б....ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүх хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг /хх-41-42/, хохирогчийн гаргаж өгсөн “эд зүйл тасдах зориулалттай суурин багажийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шинээр нь, 370.000 төгрөгөөр худалдан авсан, уг багажны гэрэл зураг, үнийн талаарх баримт”-ыг тус тус үндэслэн “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.01.24-ний өдрийн 19/038 дугаар “эд зүйл тасдах зориулалттай, 2018 онд худалдаж авсан гэх суурин багаж 370.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-11/ нь шүүх хуралдаанаар дээрх байдлаар тогтоогдсон хэргийн жинхэнэ байдалтай бүрэн нийцэж байна гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Л....д 495.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, гэрч Алтанцэцэгийн өгсөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх мэдүүлэг, мөн үйлдсэн хэрэгтээ хандаж буй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаас өөр үндэслэлээр хүндрүүлэхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин шүүгдэгч сэтгэцийн өвчтэй, бичиг үсэг мэдэхгүйг онцгой нөхцөл байдал гэж үзэж болно. 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар багасгаж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хөрш айлын амбаарт байсан эд зүйлийг хулгайлсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд 495.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /тархины гэмтэл, үйлийн хямралын шалгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй, уг өвчний улмаас F07.8 оноштойгоор хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан, ар гэрийн байдал/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б....од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж ...болно” гэж заажээ. Мөн уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг тэмдэглэхийн зэрэгцээ шүүгдэгч Б....од тухайн зүйл, хэсгийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авжынхан овогт ...гийн ...ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б....ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б....од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР