Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1066

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Ө.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ө....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908021420998 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, талбайн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын ...тоотод оршин суух,

урьд Архангай аймгийн шүүхийн 1985 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Архангай аймгийн хэсгийн ардын 2-р шүүхийн 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Орхон аймгийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн, Ургийн овог тодорхойгүй, ...ийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ө.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, ...тоотод байрлах иргэн Ө....ийн хүн байнга амьдрах, түргэн үйлчилгээний цэгийн зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, Самсунг Нөүт-4 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, 129.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ороход орон дээр утас байхаар нь авсан. Гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна. Өдий насандаа хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908021420998 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ө....ийн: “2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 10 цаг 30 минутын үед өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ...тоотод байрлах амьдардаг ТҮЦ-ээсээ гараад, модны цех ороод 5-10 минут орчим болоод буцаад гэр лүүгээ орсон чинь орон дээр байсан Самсунг нөүт-4 загварын гар утас алга болсон байсан. Би түр гэрээ цоожлоогүй гарсан юм. Цагдаагийн байгууллагад хандсан. Удалгүй цагдаа нар ирээд миний алдсан гар утсыг надад бүрэн бүтэн хүлээлгэн өгч, хулгайчийг саатуулсан. ...Миний амьдардаг хашаан дотор хяналтын камертай. Бичлэг шүүж үзэхэд 50 орчим насны нэг эрэгтэй хүн ороод гарсан байсан. Өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэгэн гомдол саналгүй болно” гэх мэдүүлэг /хх-18-19, 22-23/,

Гэрч Б....ийн: “...Намайг дуудлагатай явж байхад “Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн ...тоотод гар утсаа хулгайд алдлаа” гэх дуудлага хэлтсийн жижүүрийн дуудлага мэдээлэл хүлээн авагчаас ирсэн. Гар утас алдсан гэх эмэгтэйтэй уулзахад “гэрээ би цоожлоогүй гараад, утсаа орон дээр үлдээгээд явсан” гэж хэлсэн. Хохирогчтой хэлтэс рүү явах гэж байхад ... гэх хөгшин хүрээд ирсэн. Тухайн үед ...н биеэс гарч ирсэн гар утсыг ...т үзүүлэхэд “миний гар утас мөн” гэсэн. Камерийн бичлэг үзэхэд ... хохирогчийн хашаанаас гарч яваа бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-27/,

Шүүгдэгч Ө....н яллагдагчаар өгсөн: “...гар утсыг нь өгөх гээд очсон. ТҮЦ-ний нэг эмэгтэй гарч ирээд “өө миний гар утас энэ байна шүү дээ” гээд надад хэлээд гар утсаа авсан. ...ТҮЦ нээлттэй байсан. Гар утас орон дээр байхаар нь тоглоод, айлгана гээд гар утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-49-50/,

“Дамно” ХХК-ийн 2019.06.10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний СХД3-...дугаар тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө /Samsung Note4 маркийн гар утас/ нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2013.04.15-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 129.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ. /хх-35-36/,

Сонгинохайрхан дүүргийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-5/, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх-6/, эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-10/, эд зүйл, бичиг баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт /хх-78/, хохирогч Ө....ийн “Гар утсаа алдаад эргүүлж олж авсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-79/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

гэмт хэрэг үйлдэх үеийн дүрсийг бэхжүүлсэн CD-г,

мөн шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбарыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ө.... согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамж, 04 тоотод байрлах иргэн Ө....ийн түрээслэн амьдарч байсан түргэн үйлчилгээний цэгт нэвтэрч, Samsung Note4 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ө....ийн “...амьдардаг ТҮЦ-ээсээ гараад, буцаад ...орсон чинь орон дээр байсан Самсунг нөүт-4 загварын гар утас алга болсон байсан. ...Бичлэг шүүж үзэхэд 50 орчим насны нэг эрэгтэй хүн ороод гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19, 22-23/, гэрч Б....ийн “...гар утас алдсан гэх эмэгтэйтэй уулзахад “гэрээ би цоожлоогүй гараад явсан байсан, гар утсаа орон дээр үлдээгээд явсан” гэж надад хэлсэн. ...... гэх хөгшин хүрээд ирсэн. Тухайн үед ...н биеэс гарч ирсэн гар утсыг үзүүлэхэд “миний гар утас мөн” гэсэн юм. Тэр үед камерын бичлэг үзэхэд ... хохирогчийн хашаанаас гарч яваа бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-27/, “Дамно” ХХК-ийн СХД3-...дугаар “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2013.4.15-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 129.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх шинжилгээ. /хх-35-36/, шүүгдэгч Ө....н яллагдагчаар өгсөн “...ТҮЦ дээр очиход нээлттэй байсан. Гар утас орон дээр байхаар нь тоглоод, айлгана гээд гар утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-49-50/, Сонгинохайрхан дүүргийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-5/, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх-6/, эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-10/, эд зүйл, бичиг баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн дүрсийг бэхжүүлсэн CD, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ө....н хохирогч Ө....ийн түрээслэн амьдрах түргэн үйлчилгээний цэг /орон байр гэдэгт хүн байнга, эсхүл түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн сууц, байшин, гэр, урц гэх мэт газрыг ойлгоно/-ийн байранд хууль бусаар нэвтэрч, гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ө....т 129.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-18-19/, “Гар утсаа алдаад эргүүлж олж авсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-79/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч согтуугаар, орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан, бусдад төлөх төлбөргүй, өмнө нь 4 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Урьд ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Хохирол нь 129.000 төгрөг байгаа, орон байр гэдгээр л хүндрээд байгаа. Нас, хохирлыг харгалзана уу...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /129.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж буй, 55 настай/ болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ө....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө....н 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ийн ...г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө....г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө....н цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.... бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө....н эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө....д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР