Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1067

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,  

улсын яллагч С.Мөнхтулга,  

шүүгдэгч Б.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908030071033 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн ... сум, ...дугаар багт оршин суух бүртгэлтэй,

урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/1080 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдсэн, Б  овогт Б.Д /РД:..../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .... хэсэг .... гэх газар иргэн Д.Ц бор зүсмийн, нас гүйцсэн, зөв талын гуян дээрээ нар, саран тамгатай, зөв талын чих нь цуулбар имтэй нэг тооны адууг хулгайлан авч, 990.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .... хэсэг ... гэх газар оршин суух иргэн Д.Б ы гэрийн гаднаас чөдөртэй байсан загал зүсмийн 2 гуян дээрээ хас тамгатай, засмал дэлтэй, нас гүйцсэн нэг тооны адууг ногт, чөдрийх нь хамт хулгайлан авч, 970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэгт байж байгаад ...  гэх газар очсон. 23 цагийн үед С  ахынд очсон. Унтсан бололтой байсан. 2 эмээл, хазаар авсан. Зөв чих цуурхай бор зүсмийн морийг унаад зүүн тийш 500 метр орчим явж байтал замд загал зүсмийн 1, хонгор адуу 1 бэлчиж явахад нь ногт, чөдрийг нь солиод унасан. Н гэх танил айлд очсон. Би С  ахын малыг маллаж байсан. Гэм буруугаа ухаарч, гэмшиж байна. 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлж дууссан. Дахиж үйлдсэн өөр хэрэг байхгүй. Загал морийг зарчихъя гэж бодсон. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Эрүүгийн  1908030071033 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч Б.Онь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ...  хэсэг, ....гэх газраас иргэн Д.Ц бор зүсмийн, нас гүйцсэн, зөв талын гуян дээрээ нар саран тамгатай, зөв талын чих цуулбар имтэй нэг тооны адууг хулгайлан авч, 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч М.Д гийн: “2019 оны 6 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн үед сэрээд хашаанд байсан үхрээ гаргахад хашаанд сул явж байсан морь алдагдсан байсан. Ойр орчмоор харсан боловч байхгүй байсан. Малчны цоожгүй өрөөнд байсан төмөр бүүргэтэй, цэрэг эмээл, хазаар алга болсон байсан. Миний алдсан морийг цагдаагийн байгууллага олж надад өгсөн. Надад санал хүсэлт болон гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17-20/,

Гэрч Д.П ийн: “...Өнөөдөр өглөө 06 цаг 10 минутын үед босоод гадаа гарахад хашаанд байсан морь байхгүй байсан. Малчин ажилтай Г аас “морь харсан уу” гэж асуухад “мэдэхгүй” гэхээр нь үхрийн байрны урд талын өрөөнд байсан эмээл, хазаарыг очиж шалгахад дээр нь байсан чөдрийг газар унагаад эмээл хазаарыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-22-24/,

Гэрч Ш.Н ийн: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэрийг мэдэхгүй, зүс танихгүй өрөөсөн нүд нь онигор хардаг, 20 гаран насны, дотуураа хар савхин хувцастай, гадуураа ногоон өнгийн дээл өмссөн, өндөр тахтай, хромон гутал өмссөн, цайвар өнгийн далбагар малгайтай, эрэгтэй хүн манай хашаанд орж ирээд ...“Өлзийт хорооллоос Батсүмбэр суманд очиж хүнтэй уулзах гэж явна, унаж яваа морь эцээд явдаггүй, өглөө эрт гарсан, Өлзийт хороололд Өлзий гэх хүний 4 адуу тэжээж байгаа” гэж хэлсэн. Тэгээд “миний бор морь явахаа больчихлоо, энд орхиод маргааш ирээд авъя, би Батсүмбэр сум орж хүнтэй уулзаад ирнэ” гэж хэлээд 20 цагийн орчим манай гэрээс загал морио эмээллэж унаад явсан. Бор морио улаан хамартай, ремэнэн ногтоор ногтлоод хашаан дотор уяад орхисон. Тэгээд нөгөө залуу холбоо бариагүй, 2 хоносон. 2 хоногийн дараа цагдаа, морь үлдээсэн залууг дагуулж ирээд бор зүсмийн адууг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-25-27/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 687 дугаар тайланд: “Нас гүйцсэн, загал зүсмийн эр адуу 970.000 төгрөг” гэжээ /хх-34-36/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019.06.20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 701 дүгээр тайланд: “Хуучин, орос эмээл 15.000, хуучин хазаар 5.000, нийт 20.000 төгрөг” гэжээ /хх-40-42/,

Шүүгдэгч Б.О ын яллагдагчаар өгсөн: “...намайг ДавааС  ахын фермерийн гадаа очиход байшин гэрэлгүй хүмүүс унтчихсан байхаар нь эзэнгүй онгорхой байдаг байшингийн өрөөнд байсан 2 төмөр бүүргэтэй Орос хуучин эмээл, ремэнэн дан хазаарыг олж аваад хашаан дотор үхэртэй хамт сул явж байсан бор зүсмийн морийг хазаарлаад, байшингаас авсан эмээлийг тохоод морийг унаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ 500 орчим метр явж байтал...” гэх мэдүүлэг /хх-49-51/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-13/, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-32/,

2. Шүүгдэгч Б.Онь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ...  хэсэг, .... гэх газраас иргэн Д.Б ы ногт, чөдөртэй загал зүсмийн, 2 гуян дээрээ хас тамгатай, нас гүйцсэн нэг тооны адууг хулгайлан авч, 970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Д.Б ы: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 05 цагийн орчим босоод 2 морио харахад байхгүй байсан. Хашааны хаалганы түгжээг буцаад түгжчихсэн байсан. Тэр хавиар хайж үзэхэд хонгор зүсмийн морь нь гэрээс баруун хойно айлын адуу бараадаад өрөөлтэй, ногтыг хүзүүнд нь тооно тушаад зүүгээд тавьчихсан байсан. Загал зүсмийн морио олоогүй. Хонгор моринд байсан ногт, чөдөр нь сайн, шинэ байсан болохоор загал зүсмийн морины ногт чөдөртэй солиод аваад явсан байсан. ...Миний алдсан гэх загал зүсмийн, нас гүйцсэн морь, чөдөр, ногтыг бүрэн олж надад өгсөн. Надад санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-66-69/,

Гэрч Ч.Б ийн: “...Өнөө өглөө 5 цаг 40 минутын үед гарч харахад морьд байхгүй байсан.  Хонгор зүсмийн морь айлын адуу дагаж явахаар нь авчирсан. Загал морины ногтыг хонгор морины хүзүүнээс уяж чирүүлэн орхисон байсан...” гэх мэдүүлэг /хх-70-72/,

Гэрч Д.Б ын: “2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байх 05 цагийн орчимд Завхан аймгийн гаралтай, зүс таних О  гэж дууддаг О  ганцаараа ирсэн. Бие засах гээд гарахад манай хашааны гадаа эмээлтэй, загал зүсмийн морь чөдөртэй харагдсан. Гэртээ ороод юу хийж байгаа талаар асуухад “айлын уядаг адуу харж байгаа” талаар хэлээд 2-3 цаг манай гэрт унтсан. Тэр хооронд морио хашаанд оруулаад чөдөрлөсөн. Хэсэг унтаж байгаад босоод миний утсаар хүн рүү залгасан боловч тэр утас нь холбогдохгүй байсан. Би “хотын төв орчихоод ирье” гэхээр нь “тэгвэл чи мал зовоогоод яах вэ, мориныхоо эмээлийг аваад хашаан дотор чөдөрлөөд яв” гэж хэлсэн. Явахдаа “би орой ирээд морио аваад явна” гэж хэлээд явсан боловч ирээгүй. Тэрний маргааш цагдаатай хамт ирээд морио аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-76-78/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 686 дугаар тайланд “Нас гүйцсэн бор зүсмийн адуу 950.000 төгрөг” гэжээ /хх-82-84/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019.06.20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 702 дугаар тайланд “Хуучин ногт 15.000, хуучин чөдөр 5.000, нийт 20.000 төгрөг” гэжээ /хх-86-88/,

Шүүгдэгч Б.О ын яллагдагчаар өгсөн: “...Замд загал зүсмийн саарал ремэнэн ногттой, алаг ремэнэн чөдөртэй адуу, хонгор зүсмийн хур дэлтэй алаг ремэнэн чөдөртэй, алаг ремэнэн ногттой адуу 2 адуу бэлчиж байсан. Би тэр хоёр адууны чөдөр, ногтыг хооронд нь солиод унаж явсан бор морио унаад загал зүсмийн адууг хөтлөөд явсан. Хонгор адууг байсан газар нь үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-49-51, 95-97/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-56-59/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-62/, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-63/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-79-80/,

 шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-130/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-105-112, 114-118/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн ялын тооцоог тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Онь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ...  хэсэг, ....гэх газраас иргэн Д.Ц бор зүсмийн, нас гүйцсэн, зөв талын гуян дээрээ нар, саран тамгатай, зөв талын чих нь цуулбар имтэй нэг тооны адууг хулгайлан авч, 990.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ...  хэсэг, .... гэх газар оршин суух иргэн Д.Б ы гэрийн гаднаас ногт, чөдөртэй байсан загал зүсмийн 2 гуян дээрээ хас тамгатай, засмал дэлтэй, нас гүйцсэн нэг тооны адууг хулгайлан авч, 970.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.О ын хохирогч Д.Ц , Д.Б  нарын хоёр тооны адууг хулгайлсан 2 удаагийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц т 990.000 төгрөгийн, хохирогч Д.Б д 970.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14, 63/, хохирогч Д.Ц “...морийг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн. Надад санал хүсэлт болон гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-19-20/, хохирогч Д.Б ы: “Миний алдсан гэх загал зүсмийн, нас гүйцсэн морь, чөдөр, ногтыг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн. Надад санал хүсэлт болон гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-66-69/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол биет байдлаар төлөгдсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Мал хулгайлах гэмт хэргийг дахин дахин үйлдэж байгаа, хорих ял эдэлж байгаа, гэмшсэн дүгнэлт хийсэн зүйл харагдахгүй байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О ад 3 жилийн хорих ял оногдуулах, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 8 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялыг 3 жил 8 сар 27 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Энэ үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн учир Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрт дурдаагүй байх...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч тус бүрт 990.000, 970.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг биет байдлаар төлөгдсөн, хохирогч нар “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд мал хулгайлах болон хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/ зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэн шүүгдэгч Б.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Онь урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх боловч уг ялыг биелүүлсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаас дүгнэхэд Б.О ад энэ тогтоолоор оногдуулсан хорих ял болон урдах Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой байх тул шүүх ял нэмж нэгтгэн эдлүүлэх талаар тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.     

Түүнчлэн шүүгдэгч Б.Онь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/1080 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 8 сар 27 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.О ын биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сар 27 /хорин долоо/ хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 230 дугаар захирамжид Б.О ад 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн ялын тооцоонд Б.О ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгосон байх тул Б.О ын урьдчилан хоригдсон хоногийг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 32 /гучин хоёр/ цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв /хх-144/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Охэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б  овогт Б.О ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О ад энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/1080 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.О ын биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сар /27 /хорин долоо/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.О ын урьдчилан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Обусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О ын эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР