Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1068

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,  

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,  

шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт Э....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010891 дүгээр хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Бигэр суманд “...” ХХК-ийн алтны уурхайд ажилладаг гэх, ам бүл 2, эмээгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух бүртгэлтэй,

 урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Бичээч овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.... нь 2017 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ...тоот хашаанд байсан Г....ын ... улсын дугаартай Истима маркийн тээврийн хэрэгсэл дотроос ...тоот данстай “Хаан банк”-ны виза картыг авч картнаас нь 600.000 төгрөг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчийн нөхөр согтуу, машин бариад өгөөч гэхээр нь барисан. Картны дугаараа хэлж архи, ундаа авахуулсан. Картнаас нь 600.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Гэмшиж байна” гэв.

Эрүүгийн  201726010891 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г....ын: “Би 2017 оны 4 дүгээр сарын 19-ний 20 цагийн орчим “Истима” маркийн машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-ны ...тоот гэртээ ирсэн. Машинаа хашаандаа оруулж тавиад, Хаан банкны виза картаа жолоочийн хажуу талын хайрцган дотор хийгээд гэр лүү орсон. Би тухайн үед машинаа түгжээгүй онгорхой орхисон. 20-ны өглөө ...миний утсанд мессеж ирчихсэн байсан. Унштал Хаан банкны ...дугаар данснаас шөнө 01 цаг 35 минут, 36 минут, 37 минутанд гүйлгээ хийж, 100.000 төгрөгөөр 1 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа, 300.000 төгрөгөөр 1 удаа, нийтдээ 600.000 төгрөг авчихсан байсан. Би гайхаад машиндаа картаа үзтэл тухайн газраа байсан. Би банкин дээр очиж картаа шүүлгэж камер үзтэл манай хөрш айлынд ирсэн байсан зүс таних залуу ... шөнө миний машинаас карт авч уншуулчихаад буцаагаад хийчихсэн байсан. Тэр залуу миний картны пин кодыг яаж мэдснийг мэдэхгүй байна. Манай нөхөр 2-3 удаа машиндаа бензин авахдаа ...ыг дагуулж явсан байдаг. Бензин авчихаад миний картыг уншуулж байсан. Тэгээд л ... миний картны нууц дугаарыг мэддэг болчихсон юм” гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрч Л....ын: “...Би эхнэрийнхээ картыг ...ад өгөөд “дэлгүүр ороод ундаа авчих” гэхэд ... ундаа, архи 2 авчихсан гарч ирсэн. ... надад картыг буцааж өгөхөөр нь би хашаандаа очоод машиндаа тавиад гэртээ орж унтсан. Харин ... архиа аваад явсан. Маргааш буюу 2017 оны 5 дугаар сарын 20-ны өглөө бостол эхнэр “миний картнаас 600.000 төгрөг уншуулж авсан байна, чи авсан юм уу” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Камер шүүтэл ... уншуулж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-32/,

Эд зүйлийн үнэлгээнд: “Хохирлын дүнг 600.000 төгрөг” гэжээ /хх-20/,

Шүүгдэгч Э....ын яллагдагчаар өгсөн: “...Би гэртээ унтаж байтал шөнө 00 цагийн орчим Ганхуяг ахын хөрш айлын ... гэдэг ах над руу залгаад намайг “гараад ир” гэхээр нь тэдний гэрийн үүдэнд очсон. ...... ах надад Хааны картаа банкны виза картаа өгөөд картныхаа кодыг хэлээд ...би дэлгүүр лүү ороод 0,75 литрийн архи, 1 ундаа авсан. Картыг ахад буцааж өгсөн. ...Тэгээд ... ах машинаа хашаа руугаа оруулсан бөгөөд хашаан дотор нь орж байгаад архиа уусан. Тэгээд тасарчихсан бөгөөд нэг мэдсэн хороололд Тааз нэртэй буудал дотор ганцаараа архи авах гээд зогсож байсан. ...Тэгээд би халаасаа үзтэл 450.000 гаруй төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх-48/,

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-8/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/, гэрч Ц.Ганхуягийн мэдүүлэг /хх-31/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрсийг бэхжүүлсэн CD-ийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.... нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол төлөгдөөгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй тул тайлбар байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасныг үндэслэн прокуророос Э....ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.... согтуурсан үедээ 2017 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ...тоот хашаанд байсан иргэн Г....ын ... улсын дугаартай “Истима” маркийн тээврийн хэрэгсэл дотроос “Хаан банк”-ны виза картыг авч картнаас нь 600.000 төгрөг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г....ын “...Хаан банкны виза картаа жолоочийн хажуу талын хайрцган дотор хийгээд гэр лүү орсон. ...Миний данснаас шөнө 01 цаг 35 минут, 36 минут, 37 минутанд гүйлгээ хийж, 100.000 төгрөгөөр 1 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа, 300.000 төгрөгөөр 1 удаа уншуулж, нийтдээ 600.000 төгрөг авчихсан байсан. ...камер үзтэл манай хөрш айлынд ирсэн байсан зүс таних залуу болох ... шөнө миний машинаас карт авч уншуулчихаад буцаагаад хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-30/, гэрч Л....ын “...камер шүүтэл ... уншуулж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-32/, эд зүйлийн “Хохирлын дүнг 600.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-20/,  шүүгдэгч Э....ын яллагдагчаар өгсөн “...... ах надад Хааны картаа банкны виза картаа өгөөд бас картныхаа кодыг хэлээд ...би дэлгүүр лүү явж ороод 0,75 литрийн архи, 1 ундаа авсан. ...Тэгээд тасарчихсан ...миний халаасанд 450.000 гаруй төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх-48/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрсийг бэхжүүлсэн CD, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Э....ын хохирогч Г....ын банкны виза картыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, картнаас 600.000 төгрөгийг захиран зарцуулсан санаатай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г....д 600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх-20/-ээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч Э....аас 600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.... /Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ...тоот, РД-ИЭ81032063/-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар Э....ад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. 100 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар торгох ялаас хасаж тооцох саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч 100 хоног цагдан хоригдсон. 12.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, танилын харилцааны итгэлийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 600.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас удаа дараа оргон зайлж, саад учруулж байсан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу гэмшихгүй байгаа, хохирол төлөх талаар санаачилга гаргаагүй/ зэргийг харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэн шүүгдэгч Э....ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “...Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Э.... нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 63 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 37 хоног, нийт 100 хоног цагдан хоригдсоныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, түүнд оногдуулсан торгох ялыг эдэлсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг гарахгүй гэх СD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Бичээч овогт ...ын ...ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Э....ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 /тавь/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.0000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т тус тус зааснаар шүүгдэгч Э....ын урьдчилан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, Э....ыг 12.000.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э....аас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Г.... /Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ...тоот, РД-ИЭ81032063/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э....ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э....ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР