| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1071/Э |
| Дугаар | 1072 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1072
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогч Н....,
шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908045121435 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эмээ, дүү, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хайтал овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын ...тоот хашааны гадна 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н....тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүнийг цохин биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, эрүү, хүзүү, зүүн бугалга, хоёр шуу, баруун даланд цус хуралт, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Нэг алгадсан, бугуйнаас нь барьсан. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү” гэв.
Хохирогч Н.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 8 дугаар сарын 26-нд айлд бид 2 таарсан. Ууж байгаад маргалдаад би нилээд согтсон байсан. ... намайг 2 алгадсан. Би сайн санахгүй байна. Таяггүйгээр явж чаддаггүй” гэв.
Эрүүгийн 1908045121435 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н....гийн: “2019 оны 8 дугаарын сарын 26-ны өдөр 34 дүгээр байрны арын гүүрээр хойшоо гэр лүүгээ алхаж байгаад ...тай таарсан. Бид хоёр байрны гадаа 0,5 литрийн пиво нэг, нэгийг уучихаад ...гийн гэрт ирсэн. Бид гурав 0,75 литрийн архи уугаад сууж байхад ... миний ярьсан зүйлийг үгүйсгээд хэрүүл хийгээд байхад ... “та хоёр гарч хэрэлд, манайх нялх нойтон хүүхэдтэй” гэхэд ... бид хоёр гарахад “машинд орж сууя” гэж хэлсэн. Бид хоёр ...гийн машинд суугаад маргасан. Миний дургүй хүрээд машинаас буугаад хашаанаас гарах гээд явж байхад ... араас шилэн хүзүүнээс базаад татахаар нь “зүгээр бай” гэж хэлээд гарыг нь тавиулахад хоёр гараараа хоолой боогоод зүүн, баруун талын шанаан тус газар гараа атгаж байгаад тус бүр нэг удаа цохисон. Би тухайн үед айгаад зугтах гэхэд гарын бугуйнаас татаад зүүн гарын булчин руу хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Тэр үед эсрэг талын гудамжны хашаанаас нэг залуу гарч ирж харагдахаар нь би тэр залуугаас тусламж гуйгаад “энэ залуу намайг зодоод байна, цагдаад дуудлага өгөөч” гэж хэлсэн. Би ...д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-12-13, 15-16/,
Насанд хүрээгүй гэрч О....ын: “2019 оны 8 дугаар сарын 26-ны ...орой ээж гэртээ ирэхгүй утас нь холбогдохгүй болохоор нь дүү ...ийг “... гэж айлын гэрт очоод ээж байна уу, харчихаад ир” гэж хэлсэн. Манай дүү явчихаад 20 минутын дараа буцаж гэртээ ирээд “ээж согтуу хүнд зодуулсан байна, хамт явъя” гэсэн. ...гийн гэрийн хаалгаар ороход ээж нүүр гараа угаагаад зогсож байсан. Ээж намайг харчихаад “... намайг зодчихлоо” гэж хэлээд уйлаад байсан. Ээж нилээн согтуу, зүүн хөмсөг нь сэтэрсэн, өмсөж явсан пудволкний зүүн мөр цус болсон, зүүн шанаа хацар, уруул нь хавдсан, хоёр гарын шуу булчин хөхөрч алаг цоохор болсон байсан. Баруун бөөрний арьс нь 2-3 см нарийн хадаасаар урсан мэт зулгарсан байсан” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.27-ны өдрийн 10395 дугаар шинжилгээний хэсэг газрын үзлэгт: “Зүүн хөмсөгт босоо байрлалтай 1x0,2см зах ирмэг тэгш бус шархтай, зүүн нүдний дээд зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Зүүн шанааны доод хэсэгт 8x1 см улаан ягаан, эрүүний баруун дээд хэсэгт 5х4см, хүзүүний урд дээд хэсэгт Зх2см, баруун дээд хэсэгт 5х5см, зүүн бугалганы гадна доод хэсэгт 10х9см, зүүн шууны гадна дээд хэсэгт 5х4см, дунд хэсэгт 9хЗсм, доод хэсэгт 4х2см, 6хЗсм, баруун шууны гадна дээд хэсэгт 5х4см, гадна дунд хэсэгт 1x1 см хэмжээтэй 4 ширхэг, гадна доод хэсэгт 6х6см, баруун даланд 10хЗсм хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Духны зүүн дээд хэсэгт 4х4см бүдэг хөх өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй. Зүүн өгзөгний гадна дээд хэсэгт 4х0,6см зөв биш хэлбэртэй улаан хүрэн өнгийн зулгаралттай, орчны эд хавдсан”,
дүгнэлт хэсэгт: “1. Н....-н биед зүүн хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, эрүү, хүзүү, зүүн бугалга, хоёр шуу, баруун даланд цус хуралт, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/,
Шүүгдэгч Б....гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ...... ирэхдээ 0,5 литрийн архи, 2,5 литрийн пиво авч ирсэн. ... над руу агсраад миний гар утсыг шалгасан бололтой “чи намайг хүндэлсэнгүй, өөр эмэгтэй хүнтэй харилцаа үүсгэлээ” гэж дайрч давшилсан. ... уурлаад “гэр оронд хэрэлдлээ, та хоёр гарч хэрэлд” гэхээр нь ... бид хоёр гараад хашааны үүдэнд хэрэлдэж маргахад ... таягаараа миний нуруу руу цохиж, өмсөж явсан фудболкноос татаж байгаад өөрөө хөл алдаад газар унасан. ... газар уначихаад босохгүй өөрийнхөө үснээс хоёр гараараа зулгаагаад, орилж чарлахаар нь би болиулах гээд бугуйнаас нь хоёр гараараа барихад намайг ойртуулахгүй, орилж чарлаж хашгираад, уйлаад, өөрийнхөө үснээс зулгаагаад, нүүр лүүгээ суга таягаа хоёр гартаа барьж байгаад цохиод байхаар нь би болиулах санаатай нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-33-36/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, хохирогчийн “......д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-50/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэх шинжийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь “онц харгис хэрцгийгээр” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож биед нь олон тооны гэмтэл учруулсан байхыг ойлгоно. Энэ хэргийн хувьд хэдийгээр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.27-ны өдрийн 10395 дугаар шинжилгээний дүгнэлтээр хохирогч Н....гийн хөмсөг, дух, зовхи, шанаа, эрүү, хүзүү, бугалга, дал хэсгүүдэд шарх, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдсон хэдий ч шүүгдэгч өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул хохирогчид олон тооны шарх учруулсан үйлдлийг нь онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэхгүйгээр шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 8 дугаар гудамж, 14 тоот хашааны гадна иргэн Н....г зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь насанд хүрээгүй гэрч О....ын “...Ээж намайг харчихаад “... намайг зодчихлоо” гэж хэлээд уйлаад байсан. ...ээж нилээн согтуу зүүн хөмсөг нь сэтэрсэн, өмсөж явсан пудволкний зүүн мөр нь цус болсон, зүүн шанаа хацар, уруул нь хавдсан, хоёр гарын шуу булчин нь хөхөрч алаг цоохор болсон байсан. Баруун бөөрний арьс нь 2-3 см нарийн хадаасаар урсан мэт зулгарсан байсан” гэх мэдүүлэг /хх-22-23/, шүүх эмнэлгийн 10395 дугаар “1. Н....-н биед зүүн хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, эрүү, хүзүү, зүүн бугалга, хоёр шуу, баруун даланд цус хуралт, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-25/, шүүгдэгч Б....гийн яллагдагчаар өгсөн “...... ...өөрийг нь болиулах гээд бугуйнаас нь хоёр гараараа барихад намайг ойртуулахгүй, орилж чарлаж хашгираад, уйлаад, ...байхаар нь би болиулах санаатай нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-33-36/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б....гийн согтуурсан үедээ хохирогч Н....г биеэ хамгаалах чадваргүй болохыг /зам тээврийн осолд орсны улмаас 2 таяг тулж явдаг, группт байдаг гэх/ мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах, 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж биед нь халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....г 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Хайтал овогт ...ын ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохоор мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....г 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин ... болтол Б....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР