Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 0564

 

2016 оны 4 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2016/00564

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-21-41 тоотод оршин суух Бууч овогт Буяннэмэхийн Оюун /НН:61112067 /

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Б.Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Буяннэмэх овогтой Оюун миний бие нь 1961 оны 11 сарын 20-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн ба 1970-1978 онд тус сумын ерөнхий боловсролын сургуульд, 1978-1980 онд Улаанбаатар хотын Хүнсний ТМС-д суралцаж төгсөн Баруунтуруун суманд хувиарлагдан очиж тэжээлийн цехэд Баруунтурууны САА-н даргын 1980 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183 тоот тушаалаар томилогдон ажилласан юм. 1980 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Миний бие нь амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод шилжин ирж Октябрийн районы 78-р цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тасралтгүй 2 жил ажилласан болно. Тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх бичиг баримт болох “Хөдөлмөрийн дэвтэр”-ээ үрэгдүүлсэн юм. Баруунтуруун сумын архив гал түймэрт шатсаны улмаас Баруунтурууны САА-н даргын 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 88 тоот тушаал нь аймгийн архивын газарт байхгүй учир архивын лавлагаа гарахгүй байна. Октябрийн районы 78-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалууд нь нийслэлийн болон дүүргийн архивт ороогүй тухайн цэцэрлэг дээрээ хадгалагдаж байгаа учир архивын лавлагаа гарахгүй байна. Иймд Увс аймгийн Баруунтуруун суманд 1980 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, Улаанбаатар хотын 78-р цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Бууч овогт Буяннэмэхийн Оюун нь ажиллаж байсан байдлаа  тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Оюун нь 1980 оны 08 дугаар сарын 01-нээс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймаг дахь Баруунтурууны Сангийн аж ахуйд Тэжээлийн цехийн ажилчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 16-наас 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Октябрийн районы 78 дугаар цэцэрлэгт яслийн ангийн сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Увс аймаг Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай тушаал, Увс аймаг дахь Баруунтурууны сангийн аж ахуйн даргын 1980 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183 дугаартай тушаал, Октябрийн районы 78 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай тушаал, Октябрийн районы 78 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай тушаал, Б.Оюунд олгосон талархалын хуудас, 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сум Сангийн аж ахуйн намын хорооноос олгосон талархал, 1984 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн баярын бичиг, 1984 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1982 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн баярын бичиг, 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн баярын бичиг, 1980 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 803982 дугаартай гурил багсармал тэжээлийн дөрөвдүгээр зэргийн мэргэжилийн үнэмлэх, гэрч П.Пүрвээгийн хамт ажиллаж байсан тухай тодорхойлолт нь түүний тухайн цаг үед  Б.Оюунтай хамт ажиллаж байсан болохыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус батлагдаж байна.

Иймд Бууч овогт Буяннэмэхийн Оюуныг 1980 оны 08 дугаар сарын 01-нээс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймаг дахь Баруунтурууны Сангийн аж ахуйн Тэжээлийн цехэд ажилчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 16-наас 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Октябрийн районы 78 дугаар цэцэрлэгт яслийн ангийн сувилагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Бууч овогт Буяннэмэхийн Оюуныг 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймаг дахь Баруунтурууны Сангийн аж ахуйн Тэжээлийн цехэд ажилчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Октябрийн районы 78 дугаар цэцэрлэгт яслийн ангийн сувилагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Оюуны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

                  ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ