| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2016/0067/Э/ |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-11-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Айнагүл |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 36
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогч *******, шүүгдэгч *******, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолтой, *******д холбогдох эрүүгийн 1736000360020 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй *******овогт *******ийн Сэржпүрэв нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******овогт *******ийн Сэржпүрэвийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******овогт *******ийн Сэржпүрэвийг 450 /дөрвөн зуун тавь / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг, хохирогчнь эмчилгээний баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн хөргөгч битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн *******гийн хөлийг гэмтээж хүндэвтэр гэмтэл учруулж шүүхээс 450 цагийн нийгэмд тустай хөдөлмөр хийх шийтгэл авсан гэтэл 15 дугаар цэцэрлэгт ажилд орох өргөдөл өгсөн юм. Миний өмнөх шийтгэлийг торгууль болон өөр төрлийн шийтгэлээр сольж өгөхийг хүсэж байна гэв.
Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* бид хоёр найзууд надад гомдол байхгүй харин эмчилгээний хэдэн төгрөг гаргаад өгвөл шүүгдэгчид заавал ял оногдуулах шаардлагагүй гэж бодож байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр торгуулийн ял төлж чадахгүй нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэлт гаргасан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн “ . . .Би иргэн *******гийн хөлийг гэмтээж хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт шүүхээр шийтгүүлж 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл авсан.Гэтэл 15-р цэцэрлэгт ажилд орох өргөдөл өгч слесарь, жижүүрийн ажилд орсон. Иймд миний өмнөх шийтгэлийг торгууль болон өөр төрлийн шийтгэлээр сольж өгөхийг хүсэж байна “гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь:Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсны зэрэгцээ төлбөр хохирлоо төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Б.ДАМБА