Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0933/З |
Дугаар | 221/МА2021/0244 |
Огноо | 2021-05-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2021/0244
Ч.Д нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, нэхэмжлэгч Ш.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ннарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 92 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Д нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр:
“Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10, 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр 39.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Д, А.Э, Г.Б, Х.Б, Д.Г, Т.Ч, Ц.Н, Ш.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2019 оны 51 дүгээр тогтоолын 1 дэх заалтын Барилгын тухай хуулийн 34.1.4, 34.1.10 гэсэн хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ндээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Шүүх нэхэмжлэгч нарын болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй үндэслэлээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох субьектив эрхийн хүрээгээр хязгаарлагдаж байгаагаар тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан 10 чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аар гүйцэтгүүлж болохыг зөвшөөрсөн, харин энэхүү хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан чиг үүргүүд бүгд нэхэмжлэгч иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Харин хуулийн 34.1.4-д заасан “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах”, 34.1.10-д заасан “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох” чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” хэрэгжүүлснээрээ нэхэмжлэгч иргэдийн энэ чиглэлийн үйл ажиллагаанд нөлөөлж, тэдний хэвийн ажиллах боломжийг алдагдуулан хуулиар олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэстэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Тодруулбал шүүхийн шийдвэрийн энэхүү дүгнэлтэд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т Засгийн газар Барилгын тухай хуулийн 34.1.2, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг шилжүүлсэн нь хууль ёсны бөгөөд нэхэмжлэгч нарын субьектив эрхийг зөрчөөгүй, харин Барилгын хуулийн 34.1.4, 34.1.10-д заасан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т шилжүүлсэн Засгийн газрын шийдвэр нь нэхэмжлэгч нарын субьектив эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон гэх дүгнэлт нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэж заасан хууль тогтоогчийн хүсэл зоригийг буруу тайлбарласан болох нь “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол /Уг тогтоол Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсон/-оор нотлогдож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хяналтын шатны шүүхийн тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг шилжүүлж болох төрийн бус мэргэжлийн байгууллагад хамаарахгүй дүгнэж шийдвэрлэсэн зэрэг нь... Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10 дахь заалтууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон... шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дүгнэн “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг мэргэжлийн байгууллага мөн эсэх талаар шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлтийг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасан үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 92 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.
Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно”, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 34.1.2-34.1.4, 34.1.6-34.1.11, 34.1.13-34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно” гэсэнтэй нийцсэн, нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүхээс уг тогтоолын 1 дэх хэсгийн Барилгын тухай хуулийн “…34.1.4, …34.1.10…” гэснийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Өмнө нь Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг тус төвд олгосныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын ямар нэгэн шийдвэр гараагүй байхад сайдын тушаалаар шилжүүлсэн нь үндэслэлгүй болох талаар дүгнэсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолд ч энэ талаар дурдсан байна.
Шүүхийн 2020 оны 376 дугаар тогтоолд дээрхээс гадна “…Засгийн газраас эрх олгосны дагуу Барилга, хот байгуулалтын сайд “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн боловч бодит байдалд тус төв нь магадлал хийх ажлыг зохион байгуулах бус өөрөө магадлалын ажлыг гардан хэрэгжүүлж байна…” гэж, өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуульд заасан зарим чиг үүргийг шилжүүлэн авч хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон эрх хэмжээг хэтрүүлэн магадлал хийж байсныг хууль бус гэж дүгнэснээс бус Засгийн газрын 51 дүгээр тогтоол хууль зөрчсөн гэсэн дүгнэлт огт хийгдээгүй, иймд уг тогтоолыг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг зөрчсөн гэж үзэхгүй.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-ын үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдийн талаар дээрх шүүхийн тогтоолд нэгэнт дүгнэсэн тул энд дахин дүгнэлт хийх шаардлагагүй, гэхдээ хэрэгт авагдсан тус төвийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/141 дүгээр албан бичиг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоол гарснаас хойш Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 6.8.6-д “Энэ дүрмийн 6.14-т заасны дагуу зураг төслийн холбогдох хэсэг тус бүрд хийгдсэн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, дугаар олгож захиалагчид ажлын 3 өдөрт багтаан хүргүүлэх”, 6.15-д “Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна” гэж тус тус заасны дагуу магадлал хийхгүйгээр, зөвхөн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийсэн экспертүүдийн дүгнэлтийг нэгтгэн дугаар олгож, баталгаажуулах байдлаар магадлал хийх ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа, түүнчлэн 2017-2019 оны хооронд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж явуулаагүй болохоо тус тус илэрхийлжээ.
Гэхдээ одоо ч тус төвөөс магадлал хийх ажлыг зохион байгуулах хүрээнд нэхэмжлэгчдийн эрхийг зөрчих явдал байхыг үгүйсгэхгүй ч энэ нь Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд маргаан бүхий тогтоолыг гаргахдаа дээрх шүүхийн шийдвэрүүдээс гадна Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд тусгайлан эрх олгосон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг бизнесийн компани болох Барилгын хөгжлийн төвд ямар нэгэн өрсөлдөөнгүйгээр давуу эрх олгож шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэхдээ холбогдох олон хууль тогтоомж зөрчсөн гэж тайлбарладаг ч, тэдгээр “зөрчил”-ийн улмаас нэхэмжлэгчдийн эрх хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй, нэр бүхий нэхэмжлэгчдийн өөр өөрсдийн мэргэжлийн чиглэлээрх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг Засгийн газрын тогтоол огт хязгаарлаагүй, мөн зөрчөөгүй байна.
Тухайлбал маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгч нарын магадлал хийх эрхтэй адил эрхийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т олгоогүй, зөвхөн уг ажлыг зохион байгуулах, мөн магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг холбогдох сайдад зөвшөөрсөн байх тул тогтоол гаргахдаа нэхэмжлэгч нарт урьдчилан мэдэгдэх, сонсгох шаардлагагүй болно.
Түүнчлэн тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 251 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд заасан “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, …” гэснийг хассанаар нэхэмжлэгчдийн магадлал хийх эрхийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т шилжүүлж буй хэрэг огт биш, иймд 2008 оны 51 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгчдийн магадлалын дүгнэлт гаргах эрх хязгаарлагдахгүй.
Засгийн газрын 2014 оны 251 дүгээр тогтоолоор Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхээс гадна тухайн үед үйлчилж байсан Барилгын тухай хуулийн /2008 оны/ 13 дугаар зүйлийн 13.3, 25 дугаар зүйлийн 25.2.3-т заасан “хот байгуулалтын баримт бичиг”-т экспертизын дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлж ажиллахыг салбарын сайдад зөвшөөрсөн, гэтэл 2016 онд шинэчлэн найруулсан Барилгын тухай хуульд “хот байгуулалтын баримт бичиг” төдийгүй түүнд экспертизын дүгнэлт гаргах харилцааг зохицуулаагүй байх тул нэхэмжлэлд дурдсанаар энэхүү тогтоолтой Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол зөрчилдсөн гэж үзэх нь хэт өрөөсгөл дүгнэлт болно.
Үндсэндээ Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхийг иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх харилцааг маргаж буй Засгийн газрын тогтоол гарснаар огт хөндөхгүй, уг тогтоолд холбогдох хуулиас давсан буюу хууль зөрчсөн зохицуулалт тусгагдаагүй байна.
Харин уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд салбарын сайдын болон “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-ын аливаа шийдвэр, үйл ажиллагаа, үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол, нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүй, мөн шүүхийн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт Засгийн газрын тогтоолын оныг “2019” гэж буруу бичсэн байгааг тус тус тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 92 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Д нарын нэр бүхий иргэдийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтын “…70200 төгрөгийн 35100 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН