Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 64

 

    Д.Лхагва-Очирын нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00995 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Лхагва-Очирын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Алтаннямд холбогдох         

Зээлийн гэрээний үүрэгт 15 921 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Лхагва-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 14 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй, 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй Ц.Алтаннямд зээлдүүлсэн бөгөөд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги төлөхөөр тохиролцсон. Ингээд гэрээний дагуу мөнгийг хүлээлгэн өгч, гэрээний ард Ц.Алтанням гарын үсэг зураад  гэрээний  дагуу  9 300 000 төгрөг төлж, 12 200 000 төгрөг, алданги /61 хоног/ 3 721 000 төгрөг нийт 15 921 000 төгрөг үлдсэн.  Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 15 921 000 төгрөгийг хариуцагч Ц.Алтаннямаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Алтанням шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Алтанням нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Лхагва-Очиртой 14 500 000 төгрөг болон 7 000 000 төгрөгийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан боловч бодитоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар шилжүүлж аваагүй. Учир нь: нэхэмжлэгч Д.Лхагва-Очирын талийгаач эцэг Н.Доржготовоос 2013 онд зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг хамт ажилладаг нэр бүхий хүмүүстэйгээ нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор зээлж авсан байдаг. Энэ мөнгөнөөс Ц.Алтанням 9 300 000 төгрөгийг төлсөн. 2015 онд Н.Доржготов гуайн бие муудаж Ц.Алтаннямаас хүүтэйгээ үлдэгдэл зээлийн талаар гэрээ байгуулахыг гуйсан. Ц.Алтанням нь Н.Доржготов, хүү Д.Лхагва-Очир нарт зээлийн мөнгийг өөрөө болон эхнэр н.Туулаар дамжуулж төлдөг байсан. Тухайн үед талийгаач Н.Доржготовт төлөх зээлийн үлдэгдэл 9 500 000 төгрөг дээр Д.Лхагва-Очир хүү 5 000 000 төгрөг нэмж 14 500 000 төгрөг, мөн тусад нь хүү 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байдаг. Энэ нь зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн баримтаас харагдана. Харин талийгаач Н.Доржготовын зээлээс үлдсэн 200 000 төгрөгийг Д.Лхагва-Очир төлөхийг зөвшөөрч, үлдсэн мөнгийг төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Ц.Алтаннямд холбогдох 15 921 000 төгрөг гаргуулах тухай Д.Лхагва-Очирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лхагва-Очироос тэмдэгтийн хураамжид төлсөн 237 555 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Лхагва-Очироос давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой шийдвэр гаргасан. Д.Лхагва-Очир нь Ц.Алтаннямтай 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хоёр зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулан нийт 21 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Түүнийг зээлийн гэрээний ард Ц.Алтаннямын мөнгө хүлээж авсан өдрийг зээлийг гэрээ байгуулагдсан өдрөөс нэг өдрийн буюу “2015 оны 11 дүгээр сарын 25” гэж тэмдэглэсэн нь  түүний санаатай ба санамсаргүй үйлдлийн улмаас шалтгаалсан байна. Үүнийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, бодит үйлдлээр илэрсэн гэж үзэж байна. Хариуцагч тал мөнгө хүлээж аваагүй гэдгийг ямар нэгэн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр ч нотолж чадаагүй байтал худал тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл хариуцагч талын үндэслэлгүй тайлбарууд буюу тэдний өөр этгээдтэй байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй эцэг, хүү болохыг далимдуулан 2 өөр харилцааг нэг болгон харагдуулах гэсэн тайлбар, 2016 онд нэхэмжлэгчид төлсөн 9 300 000 төгрөгийг талийгаач эцэг Н.Доржготовоос авсан зээлийн үлдэгдэл гэсэн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Мөн Д.Лхагва-Очир нь 15 921 000 төгрөгийг хэрхэн гаргаж ирсэн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой тайлбарласан. Тодруулбал 2 тусдаа зээлийн гэрээний нийт 21 500 000  төгрөгөөс  төлсөн 9 300 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 12 200 000 төгрөгөөс хамгийн сүүлд мөнгө шилжүүлсэн хугацаа буюу 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл гэрээний дагуу 0,5 хувиар алданги тооцож 3 721 000 төгрөг гаргасан. Энэ талаар  шүүх хуралдаанд өмгөөлөгч болон миний бие тайлбарласан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Лхагва-Очир нь хариуцагч Ц.Алтаннямд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 15 921 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариуцагч нь Д.Лхагва-Очирын эцэг талийгаач Н.Доржготовын зээлээс үлдсэн 200 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг зээлийг бодит байдлаар хүлээж аваагүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Д.Лхагва-Очир, Ц.Алтанням нарын хооронд 2015 оны  11 дүгээр сарын 26-ны өдөр 14 500 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1 сарын хугацаатай /хх-3/, мөн өдөр 7 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 сарын хугацаатай /тус тус хүүгүй/ байгуулсан зээлийн гэрээ хэрэгт авагджээ /хх-4/.

Уг зээлийн гэрээнүүдийн ард “2015 оны  11  дүгээр  сарын  25-нд  14 500 000  төгрөг, 7 000 000 төгрөгийг хүлээн авсан Алтанням” гэх тэмдэглэл байх боловч уг мөнгийг зээлдэгч хүлээн аваагүй гэж маргасан ба нэхэмжлэгч нь уг төлбөрийг бодитой шилжүүлэн өгснөө баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Лхагва-Очир нь дээрх 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу нийт 21 500 000 төгрөгийг хариуцагчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг мөнгөн хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг хариуцагчид үүсээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нь 21 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт  хууль зүйн үндэслэлтэй.

          Зээлийн гэрээний дагуу 12 200 000 төгрөг, 61 хоногийн алданги 3 721 000 төгрөг нийт 15 921 000 төгрөг үлдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч эдгээр зээлийн гэрээний дагуу хариуцагчид 21 500 000 төгрөг зээлсэн гэх буцаан төлөх үндсэн үүрэг байхгүй тул эдгээр үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг мөн шаардах эрхгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00995 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лхагва-Очироос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА