| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0548/и |
| Дугаар | 0548 |
| Огноо | 2016-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 0548
| 2016 оны 4 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2016/00548 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-25-41 тоотод оршин суух Михбайн Кенжебай /ФМ:57021657/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-2-58 тоотод оршин суух Дашнямын Эрдэнэбаяр /УГ:78070613 /
100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Кенжебай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Кенжебай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хуучин таньдаг дүү хүү “Мандах Эрдэнийн хувь” ХХК-ийн захирал гэх Д.Эрдэнэбаяр нь Говил багийн Арбулагт орон нутагтаа жишиг болохуйц, үйлчлүүлэгчдийг татсан, өндөр орлого, ашигтай амралтын бааз байгуулахаар газрын зөвшөөрөл авч, зураг төсөл бэлэн болсноо танилцуулж, таньдаг найдвартай ахын хувьд хөрөнгө оруулж хамтран ажиллаач гэдэг санал тавьсан. Бид хэд хэдэн удаа уулзаж ярилцсаны эцэст Д.Эрдэнэбаяр амралтыг богино хугацаанд ашиглалтад оруулна, эхний ээлжинд таны оруулсан хөрөнгийг буцааж гаргаж өгнө, цаашид хамтран байгуулсан учир ашгийг 70:30 харьцаагаар танд хуваана гэсний дагуу бид 2013 оны 07 дугаар сарын 22-нд гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр оруулах хөрөнгийг хэмжээг тогтоож би 65 000 000 /жаран таван сая/ төгрөг оруулах, энэ нь нийт хөрөнгө оруулалтын 30 хувь болох, амралт баригдаж ашиглалтад орсны дараа би 30 хувийн өмчлөгч байх, хоёр тал амралтын орлогоос эхний ээлжинд оруулсан хөрөнгөө мөнгөн хэлбэрээр буцаан авах. Үүний дараа цэвэр ашгийг 70:30 хувийн харьцаагаар хуваан авч байх, амралтын баазыг барьж байгуулах,үйл ажиллагааны явцад хоёр тал удирдлагыг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө, орлого, зарлагыг сар бүр хамтран хэлэлцэж шийдвэр гаргаж байхаар тохирсон ба энэ гэрээг 2014 оны 03 дугаар сарын 03-нд нотариатаар гэрчлүүлсэн болно. Энэ гэрээ,тохиролцооны дагуу миний бие 65 000 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 23-нд Д.Эрдэнэбаярт хүлээлгэн өгсөн. Д.Эрдэнэбаяр 2014 оны 10 дугаар сард амралтын баазаа нээсэн байдаг бөгөөд гэрээнд заасны дагуу надад мэдээлэл өгсөн, удирдлагад оролцуулсан, нийт хөрөнгө оруулалт, зардлын талаар мэдээлэл өгсөн, солилцсон зүйл байхгүй, бүх зүйлийг дангаар хэрэгжүүлсэн. Би ч гэсэн залуу хүн зориглоод юм хийж байх явцад нь хэл үг хийгээд яахав, ашиглалтад орохоороо гэрээ ёсоороо оруулсан хөрөнгөө буцаан авч, ашгаа хүртэнэ гэдэг итгэлтэй байсан. Гэвч Д.Эрдэнэбаяр зангаа хувирган, гэрээгээ үл хүндэтгэн надаас зугатаж, утсаа авахаа больсон ба хөөцөлдсөөр уулзахад тохиролцсон асуудал түүнээс хамаарч хэрэгжих боломжгүй болсон тул таны мөнгийг хохирол, алданги тооцон буцааж өгнө гэсэн. Б тал буюу миний бие амралтын баазын үйл ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй болсон тул хамтран ажиллах гэрээнээс гарах саналаа хэлснийг А тал Д.Эрдэнэбаяр зөвшөөрсөн. Д.Эрдэнбаяр бид хоёр хамгийн сүүлд уулзахад 65 000 000 төгрөг дээр, гэрээний 4.2 дахь заалтыг үндэслэн алданги тооцон нийт 100 000 000 төгрөг өгч авахаар тохиролцсон. Энэ тохиролцоогоо хэрэгжүүлэх гэтэл Д.Эрдэнэбаяр утас, хаягаа өөрчилж надад олдохоо больсон. Би гэрээний хаягаар шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч энэ хаягтаа байхгүй байснаас нэхэмжлэл буцаж, улмаар шүүхэд дахин хүсэлт гаргаж эрэн сурвалжлуулж түүний хаягийг Тахарын албаны үйл ажиллагаагаар тогтоогоод байна. Би 65 000 000 төгрөгөө зах зээлийн эргэлтэд оруулаад өөр хэлбэрээр ашигласан эсхүл үл хөдлөх хөрөнгө болгосон бол өнөөдөр наад зах 130 000 000 төгрөг болгох боломжтой байсан. Гэвч би гэрээ, тохиролцоо, хуульд заасныг баримтлан Д.Эрдэнэбаяраас 100 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Кенжебайгийн нэхэмжлэлтэй Д.Эрдэнэбаярт хариуцагдах иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Д.Эрдэнэбаяр, М.Кенжбай нар нь 2013 онд харилцан тохиролцож Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан, Говил баг ПДУ-ын арын Цагаанчулуутын ам гэх газар амралтын бааз байгуулахаар харилцан тохиролцож нийт хөрөнгө оруулалтын хэмжээг буруу тооцон тогтоож хамтран ажиллах гэрээ гэх гэрээг байгуулан нэхэмжлэгч М.Кенжебай 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийг гаргаж Д.Эрдэнэбаярт өгсөн байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг тухайн амралтын баазын 30% гэж тогтоосон нь эхнээсээ алдаатай, буруу тооцсон тооцоолол байсан бөгөөд дахин хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа, хөрөнгө оруулж чадахгүй бол амралтын баазын ашиглалтанд орох хугацаа хойшлох талаар мэдэгдэж саналаа Д.Эрдэнэбаяр нь хэлэхэд М.Кенжебай нь дахин хөрөнгө оруулж чадахгүй, гэрээнээс гарна, 65 000 000 төгрөгөө эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс хойш хариуцагч Д.Эрдэнэбаяр нь эдийн засгийн хямралтай байдлаас болж түүний оруулсан мөнгийг гаргаж өгч чадаагүй нь үнэн болно. Нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болоход М.Кенжебай нь хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд үүнээс болж амралтын баазын үйл ажиллагаа явагдаагүйгээр барахгүй, Д.Эрдэнэбаяр нь өөрөө маш их хэмжээний алдагдалд орсон байгаа болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 100 000 000 төгрөгөөс Д.Эрдэнэбаярын хүлээн авсан 65 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги гэх нэрээр нэмж нэхэмжилсэн 35 000 000 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Кенжебай нь хариуцагч Д.Эрдэнэбаяраас 100 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 65 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 35 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Сайн танил дүү Д.Эрдэнэбаяр нь Эрдэнэт хотод жишиг болохуйц амралтын газар байгуулахаар зөвшөөрөл авсан газарт хөрөнгө оруулалт хийж, ашиг орлогоос хувь хүртэх боломжтой гэж зөвлөсний дагуу амралтын газрыг байгуулах нийт хөрөнгийн 30 хувь болох 65 000 000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Д.Эрдэнэбаярт өгсөн. Бид 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр амаар байгуулсан гэрээг нөхөж бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан ба энэ өдрөө нотариатаар гэрчлүүлсэн. Иймд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу алданги, Д.Эрдэнэбаярын өөрийх нь хүлээн зөвшөөрч байсан хэмжээ болох 100 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Зохигчид 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 65 000 000 төгрөг өгч авалцсан. Хожим 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээ 60 000 000 төгрөгийн үнийн дүнтэй байсан, буруу бичсэн боловч 65 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Хамтран ажиллах гэрээнд адил эрх үүрэг хүлээхээр тохирсон байтал нэхэмжлэгч нь үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй. Хамтын ажиллагааны явцад эрсдэл гарсан. Үүнийг нэхэмжлэгч хамтран хариуцах ёстой. Д.Эрдэнэбаяр 100 000 000 төгрөг өгнө гэсэн нь худлаа, алдангийг ямар хугацаанаас тооцох нь тодорхойгүй тул 35 000 000 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.
Д.Эрдэнэбаяр нь Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Ар булагт байрлах газарт амралтын газар байгуулахаар болж хөрөнгө оруулалт хийж, түүнээсээ ашиг хүртэх тухай санал тавьсны үндсэн дээр М.Кенжебай нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нийт хөрөнгө оруулалтын 30 хувь болох 65 000 000 төгрөгийг Д.Эрдэнэбаярт хүлээлгэн өгсөн ба зохигчдын хооронд хамтран ажиллах иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 476.2-д хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэжээ.
Зохигчид амаар байгуулсан гэрээгээ хожим бичгийн хэлбэрт оруулан нотариатаар гэрчлүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус батлагдаж байна. Гэрээ байгуулсан хийгээд 65 000 000 төгрөг өгсөн авсан талаар талууд маргаагүй хүлээн зөвшөөрч байна./хх 4-6/
Нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтдээ хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул уг гэрээг цуцалж, оруулсан хөрөнгө мөнгөө буцааж авах, 65 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд ашигласны зохих хувийг нэмж авна гэснийг хариуцагч Д.Эрдэнэбаяр нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авлаа гээд гарын үсэг зурсан байна./хх-7/
М.Кенжебай уг хүсэлтийн дагуу Д.Эрдэнэбаяр нь 100 000 000 төгрөг өгнө гэж тохирсон тул нэхэмжлэлээ тохиролцсон үнэ болох 100 000 000 төгрөгийн хэмжээнд гаргасан, би өөрөө ямар нэг хэлбэрээр мөнгөө ашигласан бол 130 000 000 төгрөгийн ашиг олох боломжтой гэсэн тайлбараа нотлож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл 100 000 000 төгрөгийг Д.Эрдэнэбаяр өгнө гэсэн ямар нэгэн тодорхойлолт, гарын үсэг бүхий баримт хэрэгт байхгүй, уг хүсэлтэнд 100 000 000 төгрөгийн талаар дурдаагүй, хүлээж авлаа гэдэг нь 100 000 000 төгрөгийг төлнө гэсний илэрхийлэл болж чадахгүй юм. Мөн нэхэмжлэгч нь хугацаатай болон хугацаагүй хадгаламжаа цуцалж мөнгө өгсөн эсэх нь тодорхойгүй, өөр салбарт хөрөнгө оруулбал 130 000 000 төгрөгийн ашиг гарна гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн Д.Эрдэнэбаяр 100 000 000 төгрөг өгнө гэж хэлсэн гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байх тул зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний нөхцөлийг буруутгах боломжгүй юм.
Д.Эрдэнэбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тооцоо буруу байсан тул дахин хөрөнгө оруулах шаардлагатай болсон, одоо ч гэсэн амралт бүрэн ашиглалтанд ороогүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа гэж тайлбарлаж байгаа нь Улсын бүртгэл статистикийн газрын лавлагаагаар нотлогдож байх боловч хариуцагчаас тооцооны талаар нэхэмжлэгчтэй уулзаж тооцоо нийлсэн баримт байхгүй, нэхэмжлэгчээс тодорхой хөрөнгө нэмэх талаар шаардаж байсан нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл амралт хугацаандаа ашиглалтанд ороогүй нь нэхэмжлэгч М.Кенжебайтай холбоогүй гэж дүгнэв.
Гэрээнд ашиглалтанд орох хугацааг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэсэн ба заасан хугацаанд ашиглалтанд ороогүй, цаашид хамтран ажиллах итгэл үгүй болсон тул хөрөнгө оруулалтаар өгсөн 65 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд ашигласны зохих хувийг эргүүлэн төлнө гэснийг хариуцагч Д.Эрдэнэбаяр хүлээн авлаа гээд гарын үсэг зурсан байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т алданги тооцохоор талууд тохирсон, анзын үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан хариуцагч Д.Эрдэнэбаяраас 97 500 000 төгрөг /65 000 000 +32 500 000/ гаргуулан нэхэмжлэгч М.Кенжебайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Д.Эрдэнэбаяр нь шүүхэд төлөөлөх эрхийг М.Ганзоригт олгосон нь хуульд нийцсэн байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ