| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0528/и |
| Дугаар | 0528 |
| Огноо | 2016-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 0528
| 2016 оны 4 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2016/00528 | Орхон аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хотхон 101-56 тоотод оршин суух З.Оюун-Эрдэнийн /ФА83061567/ нэхэмжлэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 10б-21 тоотод оршин суух Л.Гонгорсүрэнд /ФА54031817/ холбогдох 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Оюун-Эрдэнэ нь иргэн Л.Гонгорсүрэнд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр, 2015 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн ба зээлийн барьцаанд Исузу визард маркын цагаан өнгөтэй, 1985 орх улсын дугаартай авто машиныг барьцаалж зээлдүүлсэн билээ. Гэтэл Л.Гонгорсүрэн нь зээл авсанаас хойш үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн гэрээний алдангид огтхон ч мөнгө төлөөгүй өдийг хүрлээ. Иймээс Л.Гонгорсүрэнгээс нийт 3 900 000 төгрөг гаргуулан надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Гонгорсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 10 сарын 01-ний өдөр З.Оюун-Эрдэнээс 2 500 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй авсан, авахдаа Исузу визард маркын цагаан өнгөтэй 1985 орх улсын дугаартай жип авто машиныг зээлийн барьцаанд тавьсан юм. Тухайн үед бид нар зээл хөөцөлдөж байсан. Гэтэл зээл маань бүтэхээ больж З.Оюун-Эрдэнээс авсан 2 500 000 төгрөгийг хүүтэй нь өгч чадахгүй болсон тул З.Оюун-Эрдэнийг миний утасруу ярихад, бид нар машинаа авч чадахаа болилоо, та нар зар, бид нар гэрчилгээгийн шилжүүлж өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй болохоор, бид машиныг зарсан гэж бодсон гэв.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нөгөө талаас хариуцагч Л.Гонгорсүрэн бид харирцан тохиролцож, дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 900 000 төгрөгөөс 100 000 төгрөгийг бууруулж 3 800 000 төгрөг болгосныг хариуцагч Л.Гонгорсүрэн хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг талууд харилцан тохиролцож шийдвэрлэсэн ба 3 800 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75 750 төгрөгийг хариуцагч Л.Гонгорсүрэн хариуцах, 100 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон байна. Иймд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. З.Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй, Л.Гонгорсүрэнд холбогдох 3 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 100 000 төгрөгөөр бууруулж 3 800 000 төгрөг болгосныг хариуцагч Л.Гонгорсүрэн хүлээн зөвшөөрч байх тул зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гонгорсүрэнгээс 75 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Оюун-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ