Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1076

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Нарангуа,

хохирогч Б....,

шүүгдэгч Л.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908042651253 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Л.... нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоот хашааны гадна Б....ыг хашааны хаалга хааж машин тавьлаа гэх шалтгаанаар маргалдан улмаар машины данхраадны иш төмрөөр тохой руу нь цохиж эрүүл мэндэд нь зүүн шууны богтос ясны сэртэнгийн бяцарсан хугарал, баруун сарвуунд шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогч эхлээд намайг 2 удаа түлхэж унагаасан. Гэм буруугаа хүлээж байна. Хохирлыг төлнө” гэв.

Хохирогч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Би шүүгдэгчийг цохиж, түлхээгүй, тийм жудаг байхгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг тухайн үед болсон зүйлтэй таарахгүй, зөрөөд байна” гэв.

 

Эрүүгийн 1908042651253 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б....ын: “2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим ...гэрт гаднаас хүн ирээд машинаа гудамжинд хашааны үүдэнд тавьчихсан байсан чинь хашааны хаалга нэг хүн чанга нүдэхээр нь би гараад очтол хажуу айлын ах согтуу машинаа шахаж тавьсангүй гэж уурласан байдалтай “Пизданууд машинаа шахаж тавьсангүй” гэхээр нь “Миний машин бишээ, манайд ирсэн хүний машин. Би шахаад тавьчихъя” гээд гэр лүү ороод хүргэн ...ээс машины түлхүүрийг аваад машиныг хашаа руу шахаж тавих гээд машинаа асаагаад хөдлөх гэж байтал жолоочийн эсрэг талын хаалгыг тэр хүн онгойлгоод ...“Пизда, танайх дандаа машинаа ингэж тавьдаг” гэх зэргээр харааж зүхэхээр нь ...“Миний машин бишээ, ахын машин байгаа юм. Та одоо машины хаалга хаачих, хөдлөх гээд байна” гэхэд “Өөрөө бууж ирээд хаа” гэж хэлэхээр нь би буугаад хаалга хаах гэтэл юу юугүй гартаа барьж байсан автомашины данхраадны иш төмрөөр миний зүүн гарын тохой руу нэг удаа цохисон. Би төмрийг нь авах гэж зууралдахад намайг дахиж цохих гээд далайгаад дайраад байхаар нь би төмрийг булааж авах үед миний тохой сонин гэмтчихсэнг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-13/,

Гэрч Д....ийн: “...Гудамжинд хаалганых нь ойролцоо машинаа тавьчихаад ...ын гэрт сууж байтал хашааны хаалга хүн цохисон. ... машиныг зайлуул гэж байгаа юм байна гээд надаас машины түлхүүр аваад гарсан. Төд удалгүй ... “Гар луу хажуу айлын эрэгтэй машины данхраадны иш төмрөөр цохьчихлоо” гээд орж ирсэн. Би гарсан чинь архи уучихсан 55-60 орчим насны хүн зогсож харагдсан. Би ...ын хашаа руу шахаад тавьчихсан байсан. Цаад талаар нь машин зөрөх зай байсан...” гэх мэдүүлэг /хх-15/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.15-ны өдрийн 9901 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б....ын биед зүүн шууны богтос ясны сэртэнгийн бяцарсан хугарал, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/,

Шүүгдэгч Л....гийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр архи уучихаад 17 цагийн үед гэртээ ирсэн. Ирэхдээ архи уусан айлаасаа машины данхраад авчирсан юм. Хашааны үүдэнд нэг машин хаалга голлуулаад зогсчихсон байхаар нь хажуу айлын хаалгыг цохиж нэг залуу гараад ирэхээр нь “Машинаа хажуу тийш шахаад тавьчих” гэсэн чинь “миний машин биш, өвөөгийн машин” гэсэн. Тэгснээ шууд намайг мангасдаж нуруугаар унагаасан. Тэгэхээр нь би “Чи ахыгаа яаж байна” гэж хэлээд гарт байсан машины данхраадны иш төмрөөр цохих гэсэн чинь зүүн гараараа хааж шуугаараа шувталж иш төмрийг булааж авч “Та согтуу байна, цагдаа дуудна” гээд гар утсаараа цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-32-33/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-7-8/, хохирлын баримтууд /хх-40-44/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад: “G56 Дээд мөчний мононевропати оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь” гэжээ /хх-49/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-50/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, тээврийн хэрэгсэл “бүртгэлгүй” лавлагаа /хх-55/, депозит дансны хуулга /хх-56/, эд хөрөнгө “бүртгэлтэй” лавлагаа /хх-58/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж,

мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан данхраадны иш төмөр 1 ширхгийг оролцогчдоор таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Л....г гэм буруутайд тооцуулах, хохирлын 751.536 төгрөгийг гаргуулж олгуулах, цалин, цаашид гарах эмчилгээтэй зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хохирлын 509.286 төгрөгийг төлнө. Буруугаа хүлээж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.... согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 14-ний 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 2 дугаар гудамж, 34 тоот хашааны гадна иргэн Б....ыг данхраадны иш төмрөөр тохой руу нь цохиж зүүн шууны богтос ясны сэртэнгийн бяцарсан хугарал, баруун сарвуунд шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б....ын “...үүдэнд хажуу айлын ах согтуу ...уурласан байдалтай ...юу юугүй гартаа барьж байсан автомашины данхраадны иш төмрөөр миний зүүн гарын тохой руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-13/, гэрч Д....ийн “...... “Гар луу хажуу айлын эрэгтэй машины данхраадны иш төмрөөр цохьчихлоо” гээд орж ирсэн. Би гарсан чинь архи уучихсан 55-60 орчим насны хүн зогсож харагдсан...” гэх мэдүүлэг /хх-15/, шүүх эмнэлгийн 9901 дүгээр “1. Б....ын биед зүүн шууны богтос ясны сэртэнгийн бяцарсан хугарал, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-20/, шүүгдэгч Л....гийн яллагдагчаар өгсөн “...гарт барьж байсан машины данхраадны иш төмрөөр далайж цохих гэсэн чинь зүүн гараараа хааж...” гэх мэдүүлэг /хх-32-33/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-7-8/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримт болох шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан данхраадны иш төмөр болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л....гийн согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б....ын зүүн шуу хэсэгт данхраадны иш төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос 751.536 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 250.250 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай гар бичвэрээр тогтоогдсон. Харин үлдэх 501.286 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.... /Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 2 дугаар гудамж, 34 тоотод оршин суух, РД-ХЗ82122717/-т олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэнэ” гэх тул хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л....д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байна” тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан данхраадны иш төмрөөр хүний эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд 250.250 төгрөг төлөгдсөн, бүрэн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /55 настай, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л....г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан данхраадны иш төмрийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт ...ын ...г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л....г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг данхраадны иш төмрийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л....гээс 501.286 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.... /Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 2 дугаар гудамж, 34 тоотод оршин суух, РД-ХЗ82122717/-т олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР