| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1079/Э |
| Дугаар | 1077 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1077
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Х.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908038491271 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, 124 дүгээр сургуульд багш ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бурдаг овогт ...гийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Х.... нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн ажилчдын байрнаас иргэн Ө....ы “Samsung А-70” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Утас хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна, дахин хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 1908038491271 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ө....ы: “2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ...17 цагийн үед гар утсаа цэнэглэж дуусаад унтдаг орныхоо гудсан завсар хийгээд, ажлаа хийхээр гараад 19 цаг 20 минутын үед өрөөндөө ороод утсаа авах гэтэл байхгүй байхаар нь гайхаад тэр хавиар зөндөө хайгаад олоогүй. Дарга дээрээ орж хэлтэл цагдаад мэдэгд гээд 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 27-нд уг утсыг ээжийн нэр дээр лизингээр авсан. Утсаа олж авчихвал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.07.29-ний өдрийн 823 дугаар тайланд: “Самсунг А70 гар утас 980.000 төгрөг” гэжээ /хх-27-29/,
Шүүгдэгч Х....ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “...” компанийн галч ...ы гар утсыг ажилчдын өрөөний орон дээр дэрний завсар харагдахаар нь нууцаар аваад 3 хоног нууж барьж байгаад Хархорин зах дээр үл таних хүнд 350.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би ...ы гар утсыг хулгай хийсний дараа 1 хоног “...” компанийн ажлаасаа гарсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн газраас дуудаад байхаар нь ирээд уулзсан чинь намайг гар утас хулгай хийснийг мэдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,
“Юнител” ХХК-ийн албан бичиг /хх-5/, иргэн М.Өлзийсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-10/, гар утас худалдан авахтай холбоотой баримтууд /хх-10-12/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-45/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-46/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-47/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-48-52/, хохирогчийн “...... миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй” гэх хүсэлт /хх-58/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг,
мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 6 хуудас баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.... нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн ажилчдын байрнаас иргэн Ө....ы “Samsung А-70” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ө....ы “...утсаа авах гэтэл байхгүй байхаар нь гайхаад тэр хавиар зөндөө хайгаад олдоогүй ......ыг сэжиглэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-17-18/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 823 дугаар “Самсунг А70 гар утас 980.000 төгрөг” гэх тайлан /хх-27-29/, шүүгдэгч Х....ын яллагдагчаар өгсөн “......ы гар утсыг ажилчдын өрөөний орон дээр дэрний завсар харагдахаар нь нууцаар аваад 3 хоног нууж барьж байгаад Хархорин зах дээр үл таних хүнд 350.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/, “Юнител” ХХК-ийн албан бичиг /хх-5/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х....ын хохирогч Ө....ы эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө....д 980.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “...... миний хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо гомдолгүй” гэх хүсэлт /хх-58/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Х....ыг гэм буруутайд тооцуулах, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Гэм буруугийн асуудлаар маргаагүй, анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн, багш ажилтай тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хамт ажиллаж байсан хүний утсыг ажилчдын байрнаас хулгайлсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 980.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Х....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бурдаг овогт ...гийн ...ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Х....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х....д тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР