Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0525

 

2016 оны 4 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/00525

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6-124 тоотод оршин суух А.Бямбаагийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 43-02 тоотод оршин суух Я.Жигжидэд холбогдох 1 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Бямба, хариуцагч Я.Жигжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Бямба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 06-нд иргэн Я.Жигжидэд 2 160 000 төгрөгийг цахим үнэмлэх visa картыг барьцаалж сар бүр цалингаас нь 150 000 төгрөг авахаар тохиролцож гэрээ байгуулж гарын үсгийг зуруулсан. Ингээд 2015 оны 10 сард 73 000 төгрөг, 2015 оны 11 сард 50 000 төгрөг, 2015 оны 12 сард 130 000 төгрөг, 2016 оны 1 сард 100 000 төгрөг тус тус өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 07-нд Жигжидын гуйлтаар 33 000 төгрөг өгсөн. 2 160 000 төгрөгнөөс 320 000 төгрөгийг өгч 1 840 000 төгрөг үлдсэн. 2016 оны 02 сарын 05-нд цалинг нь авах гэтэл visa картаа хаалгасан байсан. Утасруу нь залгаж асуухад би мэдэхгүй, манай хүүхэд хаалгасан гэсэн. Тэгээд яаж өгөх вэ? гэтэл шүүхдээ өгөөд ав гэсэн. Иймд хариуцагч Жигжидээс 1 840 000 төгрөгийг гаргуулж өгч тусална уу гэжээ.

 

Хариуцагч Я.Жигжид шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү Эрхэмзаяа, бэр Амаа хоёр нь Я.Жигжид миний виза карт, цахим үнэмлэх, хоёрыг барьцаалан, ам гэрээ хийж, сар бүр миний цалингаас 150 000 төгрөг авахаар тохиролцсон байсан. Д.Энхцацрал нь 2014 оны 05 сараас, 2016 оны 02 сар хүртэл виза картаар бэлэн мөнгө авдаг байсан. Энэ хоёр жилийн хугацаанд хүү Эрхэмзаяа, бэр Амаа хоёрын зээлсэн 1 500 000 төгрөг дарагдаад зогсохгүй бүр хүүтэй нь тооцоод ч илүү гархаар мөнгийг Д.Энхцацрал нь завшсан байна. Энэ хэргийн үнэн зөвийг хуулийн дагуу шалгаж өгнө үү гэжээ.

            Зохигчид шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулав. Уг гэрээнд 1 840 000 төгрөгийг сар бүрийн 15-ны өдрийн дотор 100 000 төгрөгийн хэмжээгээр төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байх ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэсэн болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

                Нэхэмжлэгч А.Бямбагийн нэхэмжлэлийн шаардлага 1 840 000 төгрөгийг, хариуцагч Я.Жигжид нь сар бүрийн 15-ны өдөр 100 000 төгрөгөөр төлөхөөр тохирч, улсын тэмдэгтийн хураамж болох 44 400 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй гэж эвлэрсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчын зөвшөөрлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 44 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахгүй гэснийг батлах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. А.Бямбаагийн нэхэмжлэлийн шаардлага 1 840 000 төгрөгийг, хариуцагч Я.Жигжид нь сар бүрийн 15-ны дотор 100 000 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч Я.Жигжидээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэсэн болохыг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

      4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

           ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ