Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/113

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Б-т холбогдох 2021000960116 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ....., эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, .................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 75А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, ....... овогт Б. /РД: ................/

 

Шүүгдэгч Б нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* тоотод найз Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар архины шилээр толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой...*******, Б, ******* бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Архи ууж байхдаа Б манай нөхөр *******тэй муудаж маргалдаад байсан. ...Тэгээд тэр хоёр муудаад болихгүй болохоор нь “би цагдаа дуудна” гэж тэд нарыг айлгасан. Тэгэхэд ******* миний гар утсыг булааж аваад “битгий цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бямбаагаас гар утсаа булааж аваад гэрээс нь зугтаж гарсан. Тэгээд хашааны хаалганы хажууд очоод утсаар цагдаа дуудах гэж байхад миний араас Б ирж байсан. Тэгээд би утсан дээрээ дугаар хийж байх үед Б миний араас ирж байсан. Тэгээд би утсан дээрээ дугаар хийж байх үед Б миний араас архины шилээр цохисон ба  би тэр үед ухаан алдсан. ...Би эмчилгээний зардал гэж 50.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд уг мөнгийг Б надад ямаа самнаж ирээд өгнө гэж амласан. Би одоо Б-т гомдолгүй. Б надаас уучлалт гуйж, надтай учир зүгээ олж эвлэрсэн тул Бт хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 12-13 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 147 тоот дүгнэлтэд:

1. Г-ийн биед хуйханд дагзны баруун дээд хэсгийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтлийн хуйханд дагзны баруун дээд хэсгийн няцарсан шарх нь дангаараа, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21 тал/

- Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17, 26-28 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ....... овогт Б нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* тоотод хохирогч Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар архины шилээр толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь “хуйханд дагзны баруун дээд хэсгийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 147 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролд 50.000 /тавин мянга/ төгрөгийг хохирогч Г-т бэлнээр төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Б-тай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ын ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ