Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1078

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч А.Мөнхзул,

хохирогч Э...., Б....,

шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808016361116 дугаар 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Үзэмчин овогт ...ийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.... нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс түүний ээж Д....ийн эзэмшдэг Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны ... данс руу 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс түүний гэр бүлийн хүн болох Г....ийн эзэмшдэг Хаан банкны ...дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны ... данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс түүний гэр бүлийн хүн болох Г....ийн эзэмшдэг Хаан банкны ...дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны ... данс руу 1.900.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс 1.500.000 төгрөгийг бэлнээр авах хэлбэрээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр иргэн Э....ийн 4.970.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан,

Мөн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, гэрээгээр халхавчлан иргэн Б....ын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-19 тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, бусдад 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 29.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тэй компьютер дээр юм хийлгэж танилцсан. Эхлээд 300.000 төгрөг аваад өгсөн. Түүнээс дээрх мөнгүүдийг авсан. 2017 оны 10 дугаар сард буяны ажил зохион байгуулж, 1.000.000 төгрөг аваад буцааж өгсөн. Би залилж аваагүй. ...ын хажуу хашааг нь түрээслэж амьдардаг байсан. Эднийх зарна гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийгээд зээл хөөцөлдөөд бүтээгүй. Нэр усаа ч шилжүүлээгүй. 5 дугаар сард ... нэг хүнтэй уулзуулсан бас боломжгүй гэсэн. 6 дугаар сард ... эд нар байранд орохоор боллоо, байраа аваарай гээд нүүгээд явсан. 2017 оны 10 дугаар сард эдний байранд орж 5,2 сая төгрөгийг шилжүүлсэн. Он гараад 1 сая төгрөг шилжүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас зээлтэй байсан болохоор мөнгө төгрөгийг нь өгч чадаагүй. Гар өргөдөл Улсын бүртгэлийн хэлтэст байгаагүй. Мэдүүлгийг ... бөглөсөн. ... бие муутай учраас ... орох болсон. Түрүүчийн хурлаас хойш 15,2 сая төгрөг төлөхөөр ...той тохирсон. Би тухайн үед хорооны хэсгийн ахлагч хийж 450.000 төгрөгийн цалин авдаг байсан. Миний хувьд хүний нэр барисан зүйл байхгүй. ...ийн хохирлыг төлж барагдуулсан. ...ын хохирлыг тодорхой болгочихвол төлнө. Би залилан хийгээгүй. Ийм юм болсонд их ичиж байна. Ар гэрийн байдал, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч А.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сард анх танилцсан. Өдөр болгон шахуу ирж юм хийлгэдэг байсан. 2017 оны 11 дүгээр сард анх 300.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай аваад 3 хоногийн дараа өгсөн. Нөхөр нь миний данс руу 1,0 сая төгрөг шилжүүлээд би мөнгөө аваад үлдэх 700.000 төгрөгийг ...д өгсөн. Дараа нь 400.000 төгрөг зээлж аваад 7 хоногт өгнө гээд өгөөгүй. Утсаар ярих, ирэх нь ховордоод байсан. Би итгэж л байсан. Бэлэг тараах гэж байгаа юм, 1,0 сая төгрөг өгөөч гэхээр нь өгсөн. 7 дугаар хороонд нийтийн ...түүлэг тавих гэж байгаа, ... дарга харилцаж байгаа, надад 600.000 төгрөг байна, 1,9 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өгсөн. Тэгээд өгөөгүй. Би Голомт банкнаас 10 сая төгрөгийн зээл авснаас 1,5 сая төгрөгийг ...д өгсөн. Хашаа байшингийн бичиг баримтаа аваад явж байна гээд бид 2 хэд хэдэн газраар ороод Монгол банкинд зэрэглэл буурсан байна гээд зээл гарахгүй байсан. Цуг явж зээл хөөцөлдөөд авсан боловч мөнгөө бүрэн аваагүй. 500.000 төгрөгийг өгсөн. 2018 оны 1 дүгээр сард 1 сая төгрөг шилжүүлсэн. Үнэхээр их итгэж байсан. Цагдаад шалгагдаад л мөнгө өгч эхэлсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. 4 хүүхэдтэй эмэгтэй хүний амьдралын төлөө тэмцэж байгааг хараад мөнгөө авч чадаагүй ч итгээд мөнгө өгсөн юм” гэв.

Хохирогч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны намар манайхтай танилцсан. 2017 онд хашаа байшингийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлснийг мэдсэн. Тэрээр өмнө нь 3,5 сая төгрөг зээлсэн байсан. Нөхрийн машин эвдэрчихсэн, энээ тэрээ гээд бага багаар мөнгө авдаг. 2,5 сая төгрөгийг буцааж авсан. Манайх “хашаа байшингаа аваач” гэсэн зүйл байхгүй. Дандаа худал хэлдэг. 18 сая төгрөгөөр тохиролцсон. 15,2 сая төгрөг нэхэмжилнэ. Эднийх орно гэсэн гэхээр нь гэрээ онгорхой орхиод явсан. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

                                                                                        

Эрүүгийн 1808016361116 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс түүний ээж Д....ийн ... дугаар дансаар дамжуулан өөрийн ... данс руу 400.000 төгрөг,

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс түүний гэр бүлийн хүн Г....ийн ...дугаар дансаар дамжуулан өөрийн ... дугаар данс руу 1.000.000 төгрөг, 1.900.000 төгрөг,

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг бэлнээр авах хэлбэрээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5 удаагийн үйлдлээр нийт 4.970.000 төгрөгийг авсан хэргийн талаар:

Хохирогч Э....ийн: “Би хувиараа компьютер каноны газар ажиллуулдаг. ... надаар юм хийлгэдэг байсан. Зээлээр юм хийлгээд мөнгөө удаалгүйгээр төлөөд явчихдаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “хүүтэй мөнгө зээлүүлээч, 4 хонуулаад өгчихнө” гээд 300.000 төгрөг зээлсэн. 3 хоногийн дараа буцаагаад мөнгөө өгсөн. ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ... эгч “Нөхрийн машины мотор нь эвдрээд хөдөө зогсчихсон байна. Моторын сэлбэгийг нь аваад мөнгөгүй болчихлоо, ачуулахад 400.000 төгрөг хэрэг болоод байна, 7 хоногийн хугацаатай зээлээч” гэхээр нь би ...400.000 төгрөгийг би ээж Д....ийн данснаас ...гийн данс руу шилжүүлсэн. Тэр мөнгөө шилжүүлээгүй утсаа ч авахгүй байж байгаад нэг өдөр “манай нөхөр данс руу чинь мөнгө шилжүүлэх гээд хүнд өгөөд явуулсан, нөгөө хүн нь шилжүүлээгүй өөрийнхөө банкны зээлийг хаасан байна. Нөхөр өөрөө ирээд өгнө, нөхөр нь ирээд мөнгөтэй болчихоод алга болчихлоо” гэх мэтээр худал ярьж байгаад “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлэхээр болоод бид хоёр цуг явж зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй. Уг байгууллага зээлийнхээ 15 хувийг дансанд байрлуулдаг гээд ... надаас 170.000 төгрөг бэлнээр авсан.

... нь “... гээд Сонгинохайрхан дүүргийн орлогч байгаа, тэр хүн 7 дугаар хорооны 1000 хүүхдэд бэлэг өгнө, бэлэг гардуулсан зураг, бэлэг авсан баримтуудаа цуглуулаад Азийн хөгжлийн банк руу тайлан явуулна, тайлан явуулангуут мөнгө орж ирнэ, би мөнгөгүй байгаад байна, та энэ ажилд 1 сая төгрөг оруулчихаач, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд мөнгө чинь орчихно, тэгэхээр нь 1 сая төгрөгийг чинь 2 сая төгрөг болгоод өгье” гэж хэлсэн. Тэгээд “Би мөнгө хайж байна, ... найдвартай хүн, чи 1 сая төгрөг оруулах юм бол 1.500.000 төгрөг болгож өгье” гэж хэлээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нөхөр ...ийн данснаас ...гийн данс руу нь 1 сая төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд бид хоёр дараа нь тооцоо нийлээд дээр өгөөгүй байгаа мөнгөнүүдээ нийлүүлээд 2.465.000 төгрөгийг ... надад өгөхөөр болсон ба 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1.400.000 төгрөг бэлнээр өгсөн.

... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “... 7 дугаар хороонд ...түүлэг тавих гэсэн чинь мөнгө орж ирээгүй байна, та саяхан зээл авсан юм чинь мөнгөтэй байгаа биз дээ,  2.500.000 төгрөг түр өгч байгаач, 10 хоногийн дараа танд 4.000.000 төгрөг болгоод өгье гэж байна, надад 600.000 төгрөг байна, чи хэдэн төгрөг зээлээч банкнаас мөнгөө аваад өгье” гэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ...гийн данс руу 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ... “...оос урьдчилгаа орж ирлээ” гээд 1.000.000 төгрөгийг манай нөхрийн данс руу шилжүүлсэн.

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ... надтай таараад “Манай нөхрийн 2 том тэрэг байна, урд хил дээр нүүрс ачаад гарах гээд оочирлож байгаа, нэг машины 1.500.000 төгрөгийн барьцаа байршуулдаг юм, 1 машины барьцаа дутаад байна, 1.500.000 төгрөг зээлээч” гэхээр нь би 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш утсаа авахаа байгаад зугтаагаад эхэлсэн. ... гэдэг хүнтэй уулзахад “Тийм зүйл байхгүй, чамайг залилсан байна” гэсэн. ...Зээлсэн мөнгөө тооцоод үзэхээр 1.655.000 төгрөг авах ёстой. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-25-26, 31-33, 181/,

Гэрч Л....ын: “Би 7 дугаар хорооноос сонгогдсон учраас уг хорооны ажилчдыг бүгдийг танина. ...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 7 дугаар хорооны засаг дарга ...... гэж нэг эмэгтэй дагуулж ирсэн. Уг хүн хэлэхдээ “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн ахлагч ... таны нэрийг барьж надаас 2.439.000 төгрөг зээлсэн. Та энэ хэрэгт ямар холбоотой” талаар асууж ирсэн. ...г албан ажлын зүгээс таньдаг талаараа, уг хүнээр дамжуулаад хүнээс мөнгө зээлсэн асуудал байхгүй талаар хэлсэн. ... рүү залгаад, уулзаж энэ асуудлын талаар тодруулах гэсэн боловч 2 хоног дуудуулаад ирээгүй учир цагдаагийн байгууллагад хандсан. Би ...ээс болон уг хүнээр дамжуулж бусдаас мөнгө зээлж авсан зүйл байхгүй. Тухайн жилд хүүхдүүдэд бэлэг өгсөн, тараасан асуудал байхгүй. ...түүлгийн хувьд ч тийм зүйл болоогүй. Хэрэв уг хүн ийм зүйл ярьж зээлсэн бол худал хэлсэн байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43-44/,

Гэрч Г....ийн: “...Эхнэр Э.... нь ... гэдэг хүнд миний данснаас мөнгө зээлүүлж, миний дансаар мөнгө буцааж авч байсан нь үнэн. Манай эхнэр ... нь өөрөө Хаан банкны дансгүй учраас миний дансаар гүйлгээ хийж байсан” /1 дүгээр хавтас, хх-34/,

СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-20-21/, хохирогч Э...., шүүгдэгч Г.... нарын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтас, хх-67/, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Д....ийн данснаас 400.000 төгрөгийг Г....гийн ... дугаар данс руу шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-70/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г....ийн данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-71/, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г....ийн данснаас 1.900.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-73/, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Э....ээс 1.500.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-93/, шүүгдэгчийн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-98/, Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны Корпусын албан бичиг /1 дүгээр хавтас, хх-109/, Г....ийн дансны хуулга /2 дугаар хавтас, хх-159-160/, Г.... нь хохирогч Б....ээс зээлсэн мөнгөн дээр маргасантай холбоотой “Төрийн банк” ХХК-с ирүүлсэн Б....ийн дансны депозит хуулга /2 дугаар хавтас, хх-176-180/,

2. Шүүгдэгч Г.... нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, иргэн Б....ын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, бусдад 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хохирогч Б....ын: “Манай эхнэр ...ын нэр дээр байсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 23-19 тоотод байрлах 07 га газартай дотроо 2 байшинтай хашаа, байшинг тухайн үед 18 сая төгрөгөөр худалдаж авна гэж манай эхнэр ...той хашаа байшинг банзнаас мөнгө гаргуулна гэж итгүүлэн худалдах худалдан авах гэрээ хийж улмаар нэр дээрээ шилжүүлэн өөрийн өмчлөлд авсан. Түүнээс хойш одоог хүртэл хашаа байшингийн мөнгө гэж өгөлгүй бид нарт худал хэлж өдийг хүртэл хохироосоор байна. Манай эхнэртэй анх 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тохиролцож, гэрээ байгуулсан байгаа юм. Одоо нийтдээ хашаа байшингийн мөнгө гэж 14 сая төгрөг авах ёстой. Маш их гомдолтой байна.

Г.... нь 2015 оны 9 дүгээр сард анх “манай нөхрийн машин эвдэрсэн” гэж 3.450.000 төгрөгийг авсан. 2015 оны 10 дугаар сард 5 сая төгрөгийг Батцэцэг гэх хүний данс руу хийсэн. Уг 5 сая төгрөгөөс зээлүүлсэн 3.400.000 төгрөгөө суутгаад 1.500.000 төгрөг нь хашааны мөнгөнд авсан гэж ойлгож байгаа. Дараа жилийн 11 сард 1 сая төгрөг миний данс руу хашаа байшингийн мөнгө гэж хийсэн. Тэрнээс өөрөөр одоо хүртэл хашаа байшингийн мөнгө өгөлгүй зугтаагаад яваад байгаа. Одоо 15.200.000 төгрөгийг авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-133-134, 2 дугаар хавтас, хх-183/,

Гэрч А....ын: “...... бид хоёр ...ын төрлийн эгч Батцэцэгээс байр худалдаж авсан. Тэгэхдээ урьдчилгаа 20 сая төгрөгийг нь өгөөд үлдсэн 21 сая төгрөгийг ... “таны данс руу хийнэ” гэж хэлээд ...тэй хамт байгуулсан гэрээг үзүүлж байранд нь орсон. ... үүнийг мэдэж байсан. ......тэй хашаа байшингаа 18 сая төгрөгөөр зарна гэж тохирсон. “Капитал банкинд мөнгө байршуулаад танай мөнгийг гаргаж өгөх хэрэгтэй байна, 1.500.000 төгрөг зээлээч” гэсэн. ... ...гийн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн “Танай байшинг худалдаж авах гэхээр татвар төлсөн байх ёстой гэж байна” гээд 600.000 төгрөг зээлсэн. Дараа нь “манай нөхөр том машинаар алтны уурхайд ажилладаг, уурхайгаас тогтмол мөнгө орж ирдэг юм, манай нөхрийн машиных нь бөгс эвдэрсэн 600.000 төгрөг зээлчих” гэхээр нь зээлсэн. Дараа нь ...гийн данс руу гээд 500.000 төгрөг зээлсэн. Бас 150.000 төгрөгийг ...ын ахыг байхад зээлсэн. ...Ингээд нийлээд 3.720.000 төгрөг болсон. Үүн дээр хашаа байшингийн мөнгө 18.000.000 төгрөгийг нэмж бодсон. ...... нь “Танай хашаа байшинг би өөрийн нэр дээр шилжүүлэхгүй бол зээл гарахгүй байна. Шилжүүлчих юм бол Батсайхан захирал зээл гаргаад өгнө гэж байна. Энэ бичиг баримтуудыг бүрдүүлэх ёстой, тэгэхгүй бол зээл гарахгүй” гээд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргах нь гэсэн хоёр хүсэлт бичүүлсэн. Газар байшинг Төрийн банкны зээлээр авна гэж хүсэлт бичүүлсэн. Гэрээ хийхдээ “Хоёулаа 18 сая гэж гэрээ хийхгүй, 15 сая гэж хийе, тэгэхгүй бол манай урьдчилгаа мөнгөнд таарахгүй байна” гэж гэрээ байгуулсан. ...Урьдчилгаа 3 сая төгрөгийг дансанд байршуулсан гэж тусгасан. ...Манай газар байшингийн нэр шилжүүлсэн гэдгийг ч бид хоёр мэдээгүй. ... эгчид маш их итгэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-172-173/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018.12.11-ний өдрийн 19/045 дугаар тодорхойлолтод: “Хувийн сууц, 700 м/кв газрын хамт 25.000.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-74-75/,

Г...., А.... нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтас, хх-122/, А....ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-123/, Г....гийн нэр дээр шилжсэн талаарх баримт /1 дүгээр хавтас, хх-153-156, 159-160/, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс “Г....гийн нэр дээрх газар, хувийн сууц нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байгаа болохыг” тодорхойлсон албан тоот /2 дугаар хавтас, хх-38/, Б....ын дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-194/, А...., Г.... нарын хоорондоо харьцсан мессежний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-198-225/,

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгч, иргэн Г...., А.... нарын гаргасан хүсэлт, өргөдөл /1хх-4-16/, Г....гийн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-87-98, 2 дугаар хавтас, хх-142-155/ иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-54/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /2 дугаар хавтас, хх-140/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтас, хх-141/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.... сарын 450.000 төгрөгийн цалинтай, хүнээс авсан 1,5 сая төгрөг, 1,9 сая төгрөгийг яаж буцаан төлөх вэ, ..., Дэлгэрмаагийн нэрийг барьсан нь хуурч байгааг илтгэж байна. Хашаа байшинг худалдаж авах, төлбөр тооцоог хийх бодит боломжгүй байсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч ...т 4.970.000 төгрөг төлөгдсөн тул төлөх төлбөргүй. Хохирогч ...т 21.400.000 төгрөгийн хохирол учирснаас 6.200.000 төгрөг төлөгдсөн. 15,200.000 төгрөгийн төлөх төлбөртэй...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл алга. ...ын хохирлыг төлнө” гэж,

хохирогч Б.... “Хохирлыг барагдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.      

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.... нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон А....ын итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан хуурч А....ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...тоотод байрлалтай 700м.кв хэмжээтэй газар, 30м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан,

2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс түүний ээж Д....ийн дансаар дамжуулан өөрийн данс руу 400.000 төгрөг,

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс түүний гэр бүлийн хүн Г....ийн дансаар дамжуулан өөрийн данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1.900.000 төгрөг,

2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э....ээс 1.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр авах хэлбэрээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч Г....гийн хохирогч Э...., Б.... нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Э....ийн эд хөрөнгийг, хохирогч Б....ын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Э....т 4.970.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний шүүх хуралдаанд өгсөн “Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн “Төлбөрөө бүрэн барагдуулсан тул цаашид гомдол саналгүй” гэх шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээг тус тус үндэслэн шүүгдэгчийг хохирогч Э....т төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б....т эд зүйлийн үнэлгээгээр 25.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргийн талууд хохирлын үнийн дүнг 21.400.000 төгрөг гэж харилцан тохиролцсон байх тул шүүх энэ үйлдлийн хохирлыг 21.400.000 төгрөгөөр тогтоосон болно. Улмаар 21.400.000 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6.200.000 төгрөг төлөгдсөн, шүүх хуралдаан завсарласан хугацаанд 5.000.000 төгрөг төлөгдөж, нийт 11.200.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна. Иймд үлдэх хохирол 10.200.000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс 2 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.... /Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 82-8 тоотод оршин суух, утас 89690912, РД-РЖ81112634/-т олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирол төлөгдөөгүй, гэмт хэрэг үргэлжилсэн хугацааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “4 хүүхэдтэй, нөхөр хөдөө ажилладаг, би хүүхдээ асарч ханддаг, нойр булчирхай өвддөг. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. 10 хоногт багтаан хохирлыг төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр 2 удаагийн үйлдэл хийсэн, гэмт хэрэг үргэлжилсэн цаг хугацаа/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бусдад нийт 26.370.000 төгрөгийн хохирол учруулсан, Э....т хохирол төлөгдсөн, Б....ын хохирол бүрэн төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Г....гийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Үзэмчин овогт ...ийн ...г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г....гийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 56 /тавин зургаа/ цагийг эдлэх ялаас хасч тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г....д 2 /хоёр/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.... хохирогч Э....т төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г....гээс 10.200.000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.... /Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 82-8 тоотод оршин суух, РД-РЖ81112634/-т олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г....д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР