| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1083/Э |
| Дугаар | 1085 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1085
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908020681310 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум,...дугаар баг, Зурагтын 4 дүгээр гудамж, 40 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..., “...” ХХК-ийн хашаанд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б.Х /РД:АЮ00300210/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны баруун талд иргэн Б.О ийн Самсунг эс-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч, 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө ...-ын буудал дээрээс харьж явах замдаа 1 эгчийн гар утсыг шүүрсэн. Мөнгөний хэрэг их байсан учраас гэмт хэрэг үйлдсэн. Гэмшиж байна. Ахиж ийм хэрэг үйлдэхгүй. Миний хийсэн хэргийг уучлаарай. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908020681310 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.О ийн: “2019 оны 4 дүгээр сарын 12-ны орой гэр лүүгээ өөрийн найз Э ийн гэрээс гараад ...-н автобусны буудал өнгөрөөд утсаар яриад явж байсан чинь саарал өнгийн малгайтай цамц өмссөн залуу миний гарнаас утас шүүрээд аваад гүйсэн. Тэр үед хэдэн хүүхдүүд барьж өгсөн. Тухайн үед би гар утсаа авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-14/,
Гэрч Б.С ын: “2019 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед ажлаа тараад Д , Б дарга, Т нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны баруун талд явж байхад хажуугаар 2 банди байран дундуур гүйгээд орсон. Араас нь удалгүй нэг эгч гарч ирээд “туслаач миний утсыг булаагаад зугтаачихлаа” гэж хэлэхээр нь би шууд араас нь гүйхэд нэг банди гүйж байхаар нь би хөөгөөд бариад авсан. Тэр эгчийн гар утас миний барьсан залууд байсан...” гэх мэдүүлэг /хх-...-18/,
“Дамно” ХХК-ийн 2019.08.15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний СХД3-19-627 дугаар тайланд: “Samsung S7 маркийн гар утас 140.000 төгрөг” гэжээ /хх-30-31/,
Шүүгдэгч Б.Х ын яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрны хажууд буюу зам дээр явж байсан нэг эгчийн гар утсыг булааж зугтаагаад баригдсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Хөнгөн ял зэмлэл оноож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-50-51/,
гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, үзлэгийн тэмдэглэл /хх-8/, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх-9/, эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11/, гэрч Б.Хонгорзулын мэдүүлэг /хх-22/, гэрч Ч.Батчимэгийн мэдүүлэг /хх-24/, гэрч У.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/, хуулийн этгээд “бүртгэлгүй” лавлагаа /хх-37/, тээврийн хэрэгсэл “бүртгэлгүй” лавлагаа /хх-38/, эд хөрөнгө “бүртгэлгүй” лавлагаа /хх-39/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг,
мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “...” ХХК-ийн “Б.Х нь тус компанид туслах ажилтнаар ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас зэргийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны баруун талд явж байсан иргэн Б.О ийн “Samsung S7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.О ийн “...саарал өнгийн малгайтай цамц өмссөн залуу миний гарнаас утас шүүрээд аваад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч Б.С ын “...нэг эгч гарч ирээд “туслаач миний утсыг булаагаад зугтаачихлаа” гэхээр нь би араас нь хөөгөөд бариад авсан. ...Тэр эгчийн гар утас миний барьсан залууд байсан...” гэх мэдүүлэг /хх-18/, “Дамно” ХХК-ийн СХД3-19-627 дугаар “Самсунг Эс-7 маркийн гар утас 140.000 төгрөг” гэх тайлан /хх-30-31/, шүүгдэгч Б.Х ын яллагдагчаар өгсөн “...зам дээр явж байсан нэг эгчийн гар утсыг булааж зугтаагаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-50-51/, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Х ын хохирогч Б.О ийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О д 140.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “Би гар утсаа буцааж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Х ыг гэм буруутайд тооцуулах саналтай. 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгч түрээсийн төлбөрийг олох ёстой гэж бодон гэмт хэрэг үйлдэж алдсан. Өрх толгойлсон эцэг, залуу хүн, мөн хөдөлмөр эрхэлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шөнийн цагаар хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, илээр булааж зугтсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 140.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, 19 настай/-ыг болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д овогт Б.Х ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Х т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР