Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1086

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Д....,

хохирогчийн өмгөөлөгч А.Батмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Г....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Г....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903008380374 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Угалз овогт ...ийн .../РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Г....нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг 02 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол барагшун” ХХК-ийн баруун замд Тоёота Приус-20 маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчиж, явган зорчигч Д....ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт Сонсголонгоос явж байхдаа хохирогчийг мөргөсөн. Их гэмшиж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Өөрийн хариуцлагагүй, болгоомжгүй үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсанд уучлаарай” гэв.

Хохирогч Д.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бие гайгүй байгаа. Хоёрдогч түүхий эд авдаг ажилтай, өдрийн 30.000 төгрөг олдог байсан. 3 сарын хугацаанд 5.400.000 төгрөг олох ёстой байсан. Үүнийг гаргаж өгнө үү. Сүүлийн 400.000 төгрөг авснаас хойш эм тариагаа авч чадахгүй байгаа. Гомдолгүй. Нэн яаралтай эм тарианы мөнгө 1,2 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Эрүүгийн 1903008380374 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д....ын: “2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг 02 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Монгол барагшун” ХХК-ийн баруун талын явган хүний гарцаар гарч явтал Т.Приус маркийн ...улсын дугаартай автомашин ирж мөргөөд би ухаан алдсан. Дэлгүүр орж тамхи аваад гэр лүүгээ зам хөндлөн гарах гэж байгаад явган хүний гарц дээр мөргүүлсөн. Тухайн үед 2 дугаар эгнээгээр явж байсан машин надад зам тавьж өгөөд, гарцаар зам хөндлөн гарах гэж байхад 1 дүгээр эгнээгээр явсан машин ирж мөргөсөн. Миний зам хөндлөн гарч явсан газарт явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэл байсан. Миний биед дух болон нүдний ухархайн ясны хугарал, ууцны 1-5-р нугалмын хугарал, бүсэлхийн сэртэнгийн хугарал, хоёр талын умдаг ясны хугарал зэрэг гэмтлүүд гарсан. Толгой хагарч хүнд гэмтэл учирсан зэрэг гэмтлүүд учирсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай биеийн байдал муу байна, цаашид хийх эмчилгээний мөнгөө нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-18-20/,

Гэрч В....ын: “2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол барагшун” ХХК-ийн баруун замд Т.Приус маркийн ...улсын дугаартай автомашины жолооч ...тай хамт явж байсан. Би автомашины арын суудалд эгчийн хойно сууж явсан. Гэнэт түс тас гээд дуу гараад манай автомашинд сууж явсан хүмүүс сандраад зогссон. Автомашинаас буугаад иртэл автомашины хойд хэсэгт зам дээр нэг эрэгтэй хүн дайруулсан байдалтай хэвтэж байсан. Явган зорчигч хаанаас яаж гарч ирснийг мэдэхгүй. Хүн мөргөсөн гэх газарт явган хүний гарц, тэмдэг тэмдэглэл байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч Т....ы: “......тай хамт 21 дүгээр хороолол орохоор явж байсан. “Монгол барагшун” ХХК-ийн баруун замд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал гэнэт түс тас гээд над руу шил үсрээд урд шил харанхуйлаад явсан. Тэгээд машин зогссон. Гэтэл ард сууж явсан хүн “хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд ...машинаас буугаад, би араас нь гараад иртэл замын зорчих хэсгийн голд хүн хэвтэж байсан. Хүн мөргөсөн гэх газарт явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэл байсан. Явган зорчигч мөргүүлээд газарт унасан гэх газар нь явган хүний гарцнаас жаахан хойд хэсэгт байсан. Машин явган хүний гарцнаас хойш нилээд яваад зогссон...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.22-ны өдрийн 8646 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д....-н биед дух яснаас духны хөндийн гадна болон дотор ялтас дайрч баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана этмойд хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархи доргилт, ууцны 1-5-р нугалмын хугарал, бүсэлхийн 5-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр талын умдаг ясны дээд салаа их бие доод салаа хамарсан симфизийн үе дайрсан бяцарсан хугарал, хоёр талын суудал ясны дээд салааны зөрөө багатай хугарал, духанд шарх, баруун зовхи, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун хацар, хамар, дух, зүүн шанаа, эрүү, хоёр тавхай, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-31/,

Иргэний хариуцагч Д....ын: “Т.Приус маркийн ...улсын дугаартай автомашин нь миний эзэмшилд байдаг. Тухайн үед “...” ХХК-аас зээлийн гэрээ хийж Г....т худалдаж авч өгсөн. Г....зээлийн хуваарь ёсоор зээлээ төлж барагдуулж байгаа” гэх мэдүүлэг /хх-23/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019.08.30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “1. Уг автотээврийн хэрэгслийн тоормосны аппарат, гар тоормос хэвийн, жолооны механизм гэмтэлгүй, явах эд анги эвдрэл гэмтэлгүй, дуут дохио хэвийн ажиллагаатай, зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгал хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээ, хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Автотээврийн хэрэгслийн зүүн гар талын их гэрлийн гадна шил хагарч цайр хагарсан, зүүн гар талын оврын гэрэл асахгүй, баруун гар талын оврын гэрэл ягаан өнгөтэй, доод талын нэмэлт гэрлийн шил хагарч асахгүй болсон, урд салхины шил зүүн гар талын хэсгээсээ дээш цөмөрч, цацарч хагарсан, зүүн гар талын шил арчигч мурийсан байна. 3. ...Урд салхины шил зүүн гар талын хэсгээсээ дээш цөмөрч, цацарч хагарсан, копуд зүүн гар талын ирмэг хэсгээрээ нугаларсан, зүүн гар талын шил арчигч мурийсан, зүүн гар талын их гэрлийн гадна шил хагарч цайр хагарсан, зүүн гар талын оврын гэрэл асахгүй зэрэг гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой...” гэжээ /хх-37-40/,

Шүүгдэгч Г....ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол барагшун” ХХК-ийн баруун замд Т.Приус маркийн ...улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ явган хүний гарц дээр явган зорчигч мөргөсөн. Тухайн үед эмнэлэг, түргэн дуудсан, хохирогчийг Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд хэвтүүлсэн. Хохирогчийн эм тариаг болон бусад бүхий л тусламж туслалцаа үзүүлж байсан. Эмнэлэгт хэвтэж байх үед нийт 1.362.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Сүүлд 8 сард эмнэлэгт хэвтэнэ гэхэд нь хохирогчийн гаргаж өгсөн 483.700 төгрөгийн баримтыг үндэслэн хохирогчийн төрсөн охин Уранчимэгийн данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Өчигдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 400.000 төгрөгийг эмчилгээнд хэрэглэ гэж шилжүүлсэн. Нийт одоогийн байдлаар 2.262.083 төгрөгийг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-52-53/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-12/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, жолоочийн лавлагаа /хх-58/, тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ /хх-65/, иргэний нэхэмжлэл, холбогдох хохирлын баримтууд /хх-81-82, 83-91/, зээлийн гэрээний хуулбар /хх-93-95/, хохирол төлсөн баримт /хх-98-111, 118/, түүний хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-117/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” хүсэлтийг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг шүүгдэгч Г.... үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах, эмчилгээний зардал 1,2 сая төгрөгийг гаргуулах, 5,4 сая төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Хохирлын баримт ажил олгогч гаргаж өгөхгүй, гэрчээр асуулгая гэхэд ирэхгүй байх зэргээр нотлох баримт бүрдүүлэхэд төвөгтэй асуудал бий болсон. Тархины эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 1,2 сая төгрөгийг гаргуулж өгөхийг гуйж байна. Цалин хөлсийг хүртэл бодож үзнэ үү. Хохирлын мөнгө шийдэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Бодит хохирлыг төлсөн. Төлөх төлбөргүйг дурдаж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд энэ эрхийг нь тогтоолд нээлттэй үлдээж өгнө үү. 1,2 сая төгрөгийг төлүүлнэ гэж миний хувьд бодож байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г....нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг 02 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол барагшун” ХХК-ийн баруун талын замд “Тоёота Приус-20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж, явган зорчигч Д....ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д....ын “...явган хүний гарцаар гарч явтал Т.Приус маркийн ...улсын дугаартай автомашин ирж мөргөөд би ухаан алдсан. ...Тухайн үед 2 дугаар эгнээгээр явж байсан машин надад зам тавьж өгөөд, гарцаар зам хөндлөн гарах гэж байхад 1 дүгээр эгнээгээр явсан машин ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-19-20/, гэрч В....ын “...гэнэт түс тас гээд дуу гараад манай автомашинд сууж явсан хүмүүс сандраад зогссон. Автомашины хойд хэсэгт зам дээр нэг эрэгтэй хүн дайруулсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Т....ы “...1 дүгээр эгнээгээр явж байтал гэнэт түс тас гээд над руу шил үсрээд урд шил харанхуйлаад явсан. ...замын зорчих хэсгийн голд хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/, шүүх эмнэлгийн 8646 дугаар “1. Д....-н биед дух яснаас духны хөндийн гадна болон дотор ялтас дайрч баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана этмойд хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархи доргилт, ууцны 1-5-р нугалмын хугарал, бүсэлхийн 5-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр талын умдаг ясны дээд салаа их бие доод салаа хамарсан симфизийн үе дайрсан бяцарсан хугарал, хоёр талын суудал ясны дээд салааны зөрөө багатай хугарал, духанд шарх, баруун зовхи, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун хацар, хамар, дух, зүүн шанаа, эрүү, хоёр тавхай, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-31/, шүүгдэгч Г....ийн яллагдагчаар өгсөн “...автомашин жолоодож явах үедээ явган хүний гарц дээр явган зорчигч мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-52-53/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-12/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-16/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар,

шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримт CD, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г....ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигчид зам тавьж өгөлгүйгээр хохирогч Д....ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д....ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 2.262.086 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-99, 103, 118/ зэргээр тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн “нэн яаралтай байгаа эм тарианы мөнгө 1.200.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, олох ёстой байсан орлого 5.400.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл нэн яаралтай хийлгэх эмчилгээ, эм тариа шаардлагатай талаар бичсэн эмчийн тодорхойлолт, эмч нарын зөвөлгөөний хурлын шийдвэр гэх мэт, өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог байсан, хэдий хугацааны олох ёстой байсан орлогыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж дүгнэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Г....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Хөнгөн ял өгнө үү. Гомдолгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “Гомдолгүй” гэж байгаа, эхнэр нь жирэмсэн байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. 1.200.000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх давуу эрхтэй замын хөдөлгөөнд оролцогч болох явган зорчигчийг явган хүний гарцан дээр мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эмчилгээний бодит баримтаар тогтоогдсон зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн гэмтэл бүрэн эдгэрээгүй, хохирогч “Гомдолгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр нь жирэмсэн гэх, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа буюу үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх давуу эрхтэй замын хөдөлгөөнд оролцогч болох явган зорчигчийг явган хүний гарцан дээр мөргөсөн, хохирогчийн гэмтэл бүрэн эдгэрээгүй, биеийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г....т тухайн зүйл, хэсгийг хэрэглэж хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагагүй байна гэж үзсэн болно.  

Шүүгдэгч Г....ийн жолоочийн В, М ангиллын 933861 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж байна.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г....урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Угалз овогт ...ийн ...ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г....т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г....урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Г....ийн жолоочийн В,М ангиллын 933861 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Хохирогч Д.... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР