Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 117

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06641 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох         

Газрын төлбөрт төлсөн 41 536 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг

Хариуцагчийн төлөөлөгч А.Амарбаясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Эм энд Жи констракшн” ХХК-ийн захирал Э.Чимэддагва нь Капитал банкнаас авсан зээлийн төлбөрт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11,8 га ашиглах эрхтэй газрыг шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж, талууд газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр Нийслэлийн засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 256 тоот захирамжаар уг газар ашиглах эрх нь Капитал банкны нэр дээр шилжсэн бөгөөд энэхүү захирамжийг үндэслэн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. “Капитал банк” ХХК  нь уг газрыг нэр дээрээ шилжүүлэн авсан тул өмнө төлөгдөөгүй хуримтлагдсан газрын төлбөр буюу 2010 оны газрын төлбөрийн үлдэгдэл 20 768 000 төгрөг, 2011 оны 1, 2 дугаар улирлын төлбөрт 20 768 000 төгрөг нийт 41 536 000 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Улаанбаатар хотын банкны 2611009722 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 143 дугаар магадлалаар уг газрыг “Капитал банк” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 256 захирамжийг хүчингүй болгосны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 тоот захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлсэн. “Капитал банк” ХХК-иас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан газрын төлбөрт үндэслэлгүйгээр шилжүүлсэн 41 536 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 194 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд “Капитал банк” ХХК-иас газрын төлбөрт шилжүүлсэн “Эм энд Жи констракшн” ХХК-ийн төлөх ёстой төлбөр 41 536 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн хувьд 2010 оны аль нэг 2 улирлын дутуу төлбөр болон 2011 оны эхний 2 улирлын төлбөрийг 2011 оны 7 дугаар сард төлсөн байдаг. Шүүхийн шийдвэрт эдгээр төлбөрийг төлсөн гэдгийг тодорхой заасан тул шүүхэд санхүүгийн баримт гаргаагүй. Мөн банк газрын төлбөр төлсөн бөгөөд буцаан нэхэмжлэх эрхгүй тул хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай газар ашиглах эрхийг захирал байсан хүнтэй үгсэн тохирч шилжүүлсэн байдаг. Ашиглах эрхийг барьцаалж болохгүй гээд буцаасан. Жилд уг газар 41 536 000 төгрөгийн төлбөртэй. 2010 оны үлдэгдэл, 2011 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг манай компанийн өмнөөс нэхэмжлэгч төлсөн гэдэг. Гэтэл бид 2011 оны 01 дүгээр улирлын болон 2010 оны үлдэгдэл төлбөрийг мөн төлсөн нь гүйлгээний утга дээр тодорхой байгаа. Өмнө нь энэ талаар нэхэмжлэгчээс тавьсан асуудлын талаар бид ярилцаад нэхэмжлэгч ойлгоод явсан. Гэхдээ нэхэмжлэгч эхлээд газрын албыг хариуцагчаар татаад дараа нь манай компаниас нэхэмжилж байна. Учир нь манай өмнөөс төлбөр төлсөн баримт байхгүй болохоор эхлээд газрын албаар газрын төлбөр төлөгдсөн гэж хэлүүлсэн гэж ойлгож байна. Хэрэв үнэхээр манай компанийн өмнөөс төлбөр төлсөн бол тэр баримтаа гаргаад төлбөрийг давхардуулан төлсөн талаар ярих ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ”Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох 41 536 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, тоо тооцооллын илт алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...Банк нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар хавсаргаж өгсөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлалын 2 дахь хуудсанд хариуцагчийн тайлбар хэсэгт "...Капитал банк нь 2010 оны газрын төлбөрийн үлдэгдэл, 2011 оны 1,2 дугаар улирлын газрын төлбөрт төлсөн 41 536 000 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас буцаан төлүүлэхээр нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийи 38 дугаар зүйлийн 38.2.2-т заасны дагуу Капитал банк нь газар ашиглах эрхийг шилжүүлэн авахдаа “Эм энд Жи констракшн” ХХК-ийн 2010 оны газрын төлбөрийн үлдэгдлийг төлсөн", мөн тус магадлалын 4 дэх хуудсанд "...Нийслэлийи өмчийн харилцааны газар нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Капитал банкаар газрын төлбөрийг төлүүлсэн..." гэсэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэгт тус тус тодорхой тусгагдсан байхад шүүх бичмэл нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээгүй, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитой үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн. Түүнчлэн "...дээрх газрын ашиглах эрхийн 2010 оны 1 дүгээр улирлын төлбөр 10 384 000 төгрөг, 2011, 2012 оны төлбөрт 72 688 000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон..." гэх хариуцагчийн тайлбар болон холбогдох баримтаар шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй. Дээрх баримтаас үзэхэд 2010 оны үлдэгдэл 20 768 000 төгрөг, мөн 2011 оны 1, 2 дугаар улирлын төлбөр нийт 41 536 000 төгрөгийг төлсөн нь шууд тогтоогдохгүй байхад "шууд төлсөн" мэтээр тооцсон нь илт үндэслэл муутай, тоо тооцооллын алдаатай дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл тус газрын төлбөрт нэг улиралд 31 152 000 төгрөг төлөх ёстой байдаг.

Гэтэл хариуцагч "Эм энд Жи констракшн" ХХК-иас 1 дүгээр улирлын төлбөр гэх гүйлгээний утгатай 10 384 000 төгрөгийг 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тушаасан баримтыг ирүүлсэн боловч энэ нь зөвхөн нэг сарын газрын төлбөр төлсөн баримт байхад шүүх үүнийг тооцож үзээгүй. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэр буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлалын 4 дэх талд хариуцагчийн тайлбар хэсэгт "...нэхэмжлэгч Капитал банк нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 11,8 га газрын орон сууцны зориулалтаар ашиглах эрхийг шилжүүлэн авч, уг захирамжийг үндэслэн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газрын төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, санхүүгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна..." гэж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад анхан шатны шүүх "төлбөр төлсөн баримт болон холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй" гэх ор үндэсгүй тайлбар хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдуулан газрын төлбөрт өмнөөс нь төлсөн 41 536 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Эм энд Жи констракшн” ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11,8 га газрыг “Капитал банк” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар магадлалаар “уг захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй” болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 тоот захирамжаар газрыг хариуцагч “Эм энд Жи констракшн” ХХК-д буцаан шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь 2010 оны 2 улирлын төлбөр, 2011, 2012 оны 1, 2 дугаар улирлын төлбөр нийт 41 536 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч “Эм энд Жи констракшн” ХХК-иас 2011, 2012 оны 11,8 га газрын төлбөр /хх-55/-т 72 688 000 төгрөгийг төлсөн байх тул уг төлбөрийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзнэ.

Харин 2010 оны 1 дүгээр улирлын газрын төлбөр 10 384 000 төгрөгийг хариуцагч “Эм энд Жи констракшн” ХХК-иас 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн баримт авагдсан боловч уг баримтаар хариуцагч тал 2010 оны 2 улирлын газрын төлбөрийг төлсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Эм энд Жи констракшн” ХХК-иас 2010 оны 2 улирлын газрын төлбөрт 20 768 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгох үндэслэлтэй.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06641 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

       1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Эм энд Жи констракшн” ХХК-иас 20 768 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20 768 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  

       2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Эм энд Жи констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 261 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ   

                                                                   ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ      

                                                                                                                           Д.БАЙГАЛМАА