Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0106

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 775 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 775 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг баримтлан “А” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан” Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь “А” ХХК-ийн XV-013176 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “А” ХХК-ийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах...” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... “А” ХХК-ийн XV-013176 дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах...” болгон өөрчилсөн.

          Нэхэмжлэгчийн зүгээс анх гаргасан “... холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ...” тухай нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэг “... Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох...”-т үндэслэсэн бөгөөд маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн шинжээрээ мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5, 37.6 дахь хэсгүүдэд заасан эрх зүйн зөрчилтэй, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсгүүдэд зааснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шаардлагаа дэмжсэн.

          Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож 395 дугаартай шийдвэр гаргасан.

          Анхан шатны шүүхийн 395 дугаар шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгүүдийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд 468 дугаар магадлалын хууль зүйн үндэслэл болон дүгнэлтэд “...Шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь хэргийн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй, дээрх байдлаар нэхэмжлэгчийн сэргээлгэхийг хүссэн эрх ашиг сонирхол нь шийдвэрийн хүрээнд бодитой сэргэх, шийдвэрлэгдэх эсэх нь тодорхойгүй...” гэж дүгнэсэн бөгөөд маргаан бүхий акт нь хуульд заасан шинжээрээ “... Эрх зүйн зөрчилгүй захиргааны акт ...” байна гэж дүгнэсэн.

          Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн 468 дугаартай магадлал болон хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3 дахь хэсгүүдийг үндэслэж хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох буюу шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах болгон өөрчилсөн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцээд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхээс маргаан бүхий асуудлыг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 775 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсгүүдэд зааснаар хүчингүй болох үндэслэлтэй шийдвэр гарсан.

          Зүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн хууль зүйн үндэслэл болсон Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “... Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан захиргааны актыг ижил агуулгаар дахин батлах шаардлагатай, эсхүл хууль зүйн үндэслэлгүй бол цуцлахгүй ...” гэсэн нөхцөл байдал нь “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд цаашлаад нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн хүрээнд ч тогтоогдох боломжгүй нөхцөл байдал бөгөөд захиргааны актыг дахин батлах болон хууль зүйн үндэслэлгүй гэж хэргийн оролцогчид маргаагүй, шаардлагагүй энэ талаарх үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдох боломжгүй болох нь тодорхой байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарахгүй хууль зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

          Нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгүүдэд зааснаас үүсэх хууль зүйн үр дагавар нь хариуцагчаас ижил агуулгаар дахин захиргааны акт батлахыг шаардахгүй, нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар маргадаггүй “... Тухайн цаг хугацаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тусгайлан зохицуулсан харилцааг зохицуулах зорилгоор гаргасан ...” шинжээрээ эрх зүйн зөрчилгүй акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсоор байгаад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

          Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч Д.Ё, С.Э нар өвчний учир 2010 оноос 2013 онуудад нас барж компанийг хууль ёсны дагуу өв залгамжлан авах эрх бүхий этгээдэд хуулийн дагуу өв нээгдэх хугацаа болоогүй байхад иргэн Д.С гэгч нь бусадтай бүлэглэн хууль бус үйл ажиллагаа явуулж компанийн эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээнүүдийг хуурамчаар үйлдэж улсын бүртгэл хийлгэн компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн авсан үйлдэл 2014 онд тогтоогдож тухайн асуудлыг 2014 оноос эхлэн эрүүгийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлүүлж эцэст нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 344 дугаартай шийдвэрээр компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигчээр Д.Ё, С.Э нарын төрсөн хүү Э.Нямцэрэнг бүртгэхийг даалгаж маргаан бүхий асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд хууль ёсны ав залгамжлагч буюу хувьцаа эзэмшигчийн зүгээс 2013 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд дээр дурдсан хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд тодорхой харж болно.

          Хэргийн хүрээнд тогтоогдож буй дээрх үйл баримтыг ч давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ дүгнэсэн бөгөөд “... Энэ талаарх хариуцагчийн ... тухайн үед тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул хуульд зааснаар шийдвэрлэсэн ... энэ тохиолдолд захиргааны байгууллага компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх маргааныг мэдэх түүнийг шийдвэрлэхийг хүлээх боломжгүй гэх давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна. Гэвч энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхийг сэргээхгүй байх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангахгүй боломжгүй юм” гэж магадлалын ХЯНАВАЛ хэсэгт дурдсан байгаа нь хариуцагчийн татгалзлын гол үндэслэл болсон хувьцаа эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл нь захиргааны акт гаргахад нөлөөлөхгүй гэж үндэслэлийг үйл баримтын хувьд тодорхой няцааж өгсөн үндэслэл бүхий дүгнэлт хийсээр байхад анхан шатны шүүх энэ талаар бодитой дүгнэж чадахгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөхөд хүргэсэн байна.

          Иймд гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 775 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож нэхэмжлэгчээс гаргасан “” ХХК-ийн XV-013176 дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаар шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь “А” ХХК-ийн XV-013176 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2012 онд өвлөх эрхийн гэрчилгээгээр “А” ХХК-ийн 100 хувь буюу дүрмийн сангийн 1.200,000 төгрөгийг Д.Ё-ийн нөхөр С.Э-д шилжүүлж, шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Үүний дараа 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн компанийн эрх бэлэглэх гэрээгээр С.Эрдэнэсүх нь “А” ХХК-ийн 100 хувь буюу дүрмийн сангийн 1.200,000 төгрөгийг Д.С-д бэлэглэх гэрээг үйлдэж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Н.Н-г “А” ХХК-ийн 50 хувьцаа эзэмшигчээр мөн бүртгэсэн байна.

Д.Ё, С.Э нарын төрсөн хүү Э.Н-ээс дээрх Д.С, Н.Н нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 344 дүгээр шийдвэрээр дээрх бүртгэлүүдийг дахин шалган шийдвэрлэх хүртэл дөрвөн сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Э.Нямцэрэнг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийн XV-013176 дугаартай тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй, ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилийн хугацаагаар гурван удаа сунгуулах эрхтэй”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчныг хамгаалах тухай төлөвлөгөө, тайлан түүнийг хүлээлгэн өгсөн баримтуудын хавсарган төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр заасан байна.

“А” ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч Д.С 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “...Хөдөө орон нутагт цас ихтэй зудын байдалтай. Засаг дарга болон Байгаль орчны байцаагч нар нь гадагш явсан тул байгаль орчны төлөвлөгөө батлуулаагүй, тодорхойлолт авч чадаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 18-нд хугацаа сунгуулах өргөдлөө өгч чадаагүй...” гэх 151 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлж байжээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч компанийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч Д.С 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт гаргаж өгөөгүй байх ба захиргааны байгууллагаас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан 158 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий 158 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргадаггүй “... Тухайн цаг хугацаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тусгайлан зохицуулсан харилцааг зохицуулах зорилгоор гаргасан ...” шинжээрээ эрх зүйн зөрчилгүй акт гэж үзэж буй талаараа давж заалдах гомдолдоо дурджээ.

Нэхэмжлэгчийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг цуцлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 158 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч компанийн хувьд гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгч буй шинжээрээ Захиргааны ерөнхий 37 дугаар зүйлийн 37.5-д “эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэж заасны дагуу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно”, 49.3.3-д “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” гэж заасныг үндэслэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах эрх зүйн орчин бүрдэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарахаар байгаа талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв тайлбарлаж, нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ.

Мөн түүнчлэн шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж, сэргэх ёстой атал энэ маргааны хувьд нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй нөхцөл байдал байна.

Тухайлбал, нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл сэргэхгүй ба хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн төлөх эрх зүйн үндэслэл бүрдэхгүй.

          Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарласан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР   

 

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР