Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1096

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, 

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч О.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908041221432 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хархорин” зах дээр комиссын бэлэн хувцас зардаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бортолгойн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Пэлжээ овогт ...ын ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч О.... нь 2019 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, ... тоотод намайг хүндэлж харьцсангүй гэх шалтгааны улмаас иргэн Н....ийг гараараа нүүр болон цээж рүү нь цохиж, өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогч намайг доромжилсон зүйл байхгүй. Нүд рүү нь цохиод, чирээд гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1908041221432 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н....ийн: “Би 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам бор толгой 5-1 тоот гэртээ байхад хамаатны ах ... найзын хамт согтуу ирээд тал шилтэй архи гаргаж ирээд надад өгөөд бид 3 тэр архиа хувааж уусан. ...01 цагийн үед ...ын гэрт орсон. Бид 4 юм ярьж байгаад ...ын найз нь орон дээр хэвтээд “чи чаддаг юм бол ирээд миний боовыг хөхчих” гээд байсан. Би “юу гэж чиний боовыг хөхдөг юм, балай юм яриад бай” гэхэд ... ирээд “чи юун боов яриад байгаа юм” гээд согтуу над руу дайраад хувцаснаас чирээд газар унагаагаад гараараа нүүр, цээж рүү цохиж өшиглөсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Ч....ийн: “...Бид 4 архи хувааж уусан. Шөнө 01 цагийн үед ... орон дээр хэвтэж байгаад ...ийг “ирж боов хөх” гээд байсан. ... “юу яриад байгаан, дуртай юм бол найз ...аараа хөхүүлэхгүй юу” гэж хэлэхэд ... уурлаад ...ийн нүүр лүү гараараа нэг удаа цохиод, чирээд гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг /хх-44/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.02-ны өдрийн 9371 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Н....-н биед цээж, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/,

Шүүгдэгч О....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ...бид 4 архиа ууж дуусгаад манай гэрт ороод юм ярьж суусан. ..., ... хоорондоо юм ярьж байгаад “бид 2 нэг анги юм байна” гээд байсан. Тэр үед ... би “унтаж хэвтдэг хүн биш, би бүдүүн залуу сонирхдоггүй” гээд согтоод байсан. Удалгүй ... “миний боовыг ирээд хөх” гээд ...т хэлээд байсан. ... над руу хараад “та очиж хөх” гэсэн. Тэр үед миний уур хүрээд “чи юу яриад байгаа юм” гээд ...ийг нэг удаа алгадаад, гарнаас нь барьж үүд рүү чирч гаргасан. ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-51-52/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-56/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-57/, эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа /хх-58/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-59/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-61-69/, хохирогчийн “...бид 2 сайн дураар эвлэрсэн. 35.000 төгрөг бэлнээр авав...” гэх хүсэлт /хх-74/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.... согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Бортолгойн ...тоот гэртээ иргэн Н....ийг зодож, цээж, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

  Энэ нь хохирогч Н....ийн “...Бид 4 архи хувааж уусан. ... ...согтуу над руу дайраад хувцаснаас чирээд газар унагаагаад гараараа нүүр, цээж рүү цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-24/, шүүх эмнэлгийн 9371 дүгээр “1. Н....-н биед цээж, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-20/, гэрч Ч....ийн “...Бид нар архи хувааж уусан. ... уурлаад ...ийн нүүр лүү гараараа нэг удаа цохиод, чирээд гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг /хх-44/, шүүгдэгч О....ын яллагдагчаар өгсөн “...миний уур хүрээд ......ийг гараараа нүүр лүү нь нэг удаа алгадаад, гараас нь барьж үүд рүү чирч гаргасан...” гэх мэдүүлэг /хх-51-52/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О....ын согтуурсан үедээ, хохирогч Н....ийг чирж унаган, алгадах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-24/, “...бид 2 сайн дураар эвлэрсэн. 35.000 төгрөг бэлнээр авав...” гэх хүсэлт /хх-74/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй, 550.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд архидан согтуурсан, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 35.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /Хархорин зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог (хх-61-69)/-ийг үндэслэн шүүгдэгч О....ыг 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пэлжээ овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....ыг 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР