Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2017/00018/И |
Дугаар | 20 |
Огноо | 2017-01-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 20
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 8-8 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ70012011, Булгадар овогт Нацагийн Дүгэрсүрэн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 8-8 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ68022702, Тугтан овогт Гэцэлийн Мижид нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.443.657,66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаангом тооцооны төвийн захирал Д.Рагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн банкны Увс салбарын харъяа Улаангом тооцооны төвийн харилцагч Н.Дүгэрсүрэн нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №160000416299 тоот зээлийн гэрээ байгууулан нийт 3,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 26,4%-ийн хүүтэй нөхцөлөөр авсан. Зээлийн барьцаанд 160000416299 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Увс аймаг Улаангом сум 9-р баг тоотод байрлалтай Г-1520000876 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар /хашаа/ 700 м.кв талбайтай, 160000416299 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрэний дагуу элентра маркын суудлын автомашин улсын дугаар 94-88 УВА, гэр 8 ханатай битүү шалтай 2010 онд шинэчилсэн, зурагт сони 21 инч, хөлдөөгч /хятад/, багана тулгууртай оёдлын машин тус тус барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч иргэн Н.Дүгэрсүрэн нь үндсэн зээлийн төлбөр болон, үндсэн хүүний төлбөрийг 327 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1,709,219.27 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 719,603.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,835,09 төгрөг болно. Зээлдэгч Н.Дүгэрсүрэн нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 160000416299 тоот зээлийн гэрээний 6.2.3-д заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 2,443,657,66 төгрөг, тэмдэгтийн хураамж 54,048,52 төгрөг, нийт 2,497,706.18 төгрөгийг зээлдэгч Н.Дүгэрсүрэнгээс гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 160000416299 тоот зээлийн гэрээнд заасан барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Дүгэрсүрэн, Г.Мижид нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Н.Дүгэрсүрэн, Г.Мижид нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.443.657,66 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Дүгэрсүрэн, Г.Мижид нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.443.657,66 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Н.Дүгэрсүрэн, Г.Мижид нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Дүгэрсүрэн, Г.Мижид нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.443.657,66 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.048 төгрөгийн тал хувь болох 27.024 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 27.024 төгрөг, хариуцагч Н.Дүгэрсүрэн, Г.Мижид нараас 27.024 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.443.657,66 /хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга зургаан зуун тавин долоон төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Дүгэрсүрэн, Г.Мижид нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 27.024 /хорин долоон мянга хорин дөрөв/ төгрөг, хариуцагч Н.Дүгэрсүрэн, Г.Мижид нараас 27.024 /хорин долоон мянга хорин дөрөв/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, 27.024 /хорин долоон мянга хорин дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Дүгэрсүрэн, Г.Мижид сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ