| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1115/Э |
| Дугаар | 1117 |
| Огноо | 2019-10-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1117
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Ж.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908034041281 дүгээр хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа үзмэрч, зурхайч хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, охины хамт Ховд аймгийн Жаргалант сум, 7 дугаар баг, Магсаржавын ...дүгээр байр, 20 тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Ховд аймгийн ардын шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнссэн,
Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,
Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 2 сар 06 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2-т зааснаар 1 жил 8 сар 6 хоногийн хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,
Ховд аймгийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт ...гийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ж.... нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн ...тоот хашаанд байрлах гарааш дотор гал тавьж улмаар иргэн А....ийн эзэмшлийн хөрөнгийг буюу ...улсын дугаартай “Ланд крузер 100” маркийн автомашин, буйдан, автомашины хучлага, төмөр сейф болон уг гараашийн ислэг хавтан, хөөсөнцөр, фасадны тор, хар замаска, модон материал, дээврийн төмөр, дотор хаалга, туслах материал зэрэг эд зүйлүүдийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад нийт 24.627.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэг үнэн тул мэдүүлэг өгөхгүй. Тэр айл эзгүй гэдгийг хамтран амьдрагчаас мэдсэн. Хохирлыг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908034041281 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А....ийн: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 50 минутын орчим над руу “цагдаагаас залгаж байна, тээврийн хэрэгсэл чинь гарааш дотроо шатсан байна, та яаралтай ирэх шаардлагатай байна” гэж хэлсэн. Намайг очиход гараашид байсан тээврийн хэрэгслийн урд нүүр мотор, салхины шил зэрэг урд хэсэг бүхэлдээ шатсан байсан. ...Миний бодлоор гадны нөлөөтэй байж болзошгүй гэж бодож байна. Гараашид байсан ногоон өнгийн буйдан машинаас 50 см орчим зайтай байдаг гэтэл машины гупертэй нийлчихсэн, тээврийн хэрэгслийн улсын дугаар буйдантай наалдсан байсан. Хаалганы дээд хэсгийн хоёр банз ховхорч унасан байдалтай, 4-50 см өргөнтэй онгорхой хэсэг гарсан байсан ба уг зайгаар хүн нэвтэрч гал тавьсан байж болзошгүй.
Манай төрсөн эгч ...гийн хамтран амьдрагч ... гэх залуу үзмэрч гэж өөрийгөө танилцуулаад 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан 112-н автобусны буудал дээр надтай 22:00 цагийн орчим уулзаад чулуугаар мэргэлээд “удахгүй чамаас маш том гарз галаас болж гарч магадгүй, чи засал ном сайн хийлгэх хэрэгтэй” гэж хэлсэн. Би тухайн үед “лам хуварга нэг их шүтдэггүй, засал ном хийлгэж чадахгүй” гээд хоёр тийшээ салсан. Мөн эгч ...тэй эхнэр ... 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр утсаар гараашийн түлхүүр асуухад эгч “зүгээр үү” гэхэд “Гараашид байсан тээврийн хэрэгсэл шатчихлаа” гэхэд эгч “баларсан юм бэ, манай хүн өнөөдөр гал гарч магадгүй гэж надад хэлж байсан, баларсан юм бэ гээд утсаа тасалсан” гэж надад хэлж байсан. ...Ж.... надад манай гараашид орж гал тавьсан гэдгээ хэлээд уучлалт гуйгаад “чамд учирсан хохирлыг барагдуулна” гэж хэлсэн.
...Сүүлд эхнэрээс асуухад “надад хиншүү үнэртэх шиг боллоо, гал гарах гээд байх шиг байна” гэж хэлсэн юм байна лээ. ... надтай уулзаад би гарааш дотор буйданг машин доогуур оруулж дээр нь хучлага дэлгэж тавиад шатаасан гэдгээ хэлээд уучлалт гуйж байсан. Учруулсан хохирлоо төлж дууссан тохиолдолд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-38-39, 42, 45/,
Гэрч Ч....ийн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би хашаандаа бохирын нүх ухаж байхад 14 цаг 10 минутын орчим манай гудамны ...тоотоос юм дэлбэрч байгаа юм шиг чанга дуу чимээ гарахаар нь ...тэдний хашаа руу явган хаалгыг нь түлхэхэд онгорхой байсан. Тэдний амбаарын хаалганы дээд хэсэг нь 40-50 см зайтай, уг зайгаар утаа саагаад хаана юу байгаа нь харагдахгүй байсан. Цахилгаанаас болсон байж магадгүй гээд цахилгааны утсыг таслах санаатай хөөж харахад хоёр цахилгааны утас байхаар нь би гайхаад мэргэжлийн алба хаагчид нь ирж үзэг гээд таслахаа болисон. Удалгүй цагдаа, онцгой байдлын алба хаагчид ирж гараашийн цоожийг эвдэж ороод гал унтраасан. Гал унтрааж дууссаны дараа гарааш дотор тээврийн хэрэгсэл байсныг харсан...” гэх мэдүүлэг /хх-51/,
Гэрч А....гийн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний хамтран амьдрагч ... Хандгайтад байдаг хүүхдийн зусланд хамт байж байгаад 10 цагийн үед “Баянхошууны Хөтөлд айлд очиж засал ном хийж өгнө” гээд өөрийн Тоёота примо ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад өдөр 16-17 цагийн хооронд ирээд “хиншүү үнэртэх шиг боллоо, гал гарах гээд байх шиг байна” гэж надад хэлээд санаа нь зовсон байдалтай байсан. Би ...ид “манай дүү А....ийн машин гарааш дотроо шатсан байна” гэхэд “тийм байх, нэг юм болсон юм шиг санагдаад байсан юм” гэсэн. ...2019 оны 6 дугаар сард Баянхошууны 112-ын автобусны буудал дээр уулзаад салах үед ... ...ид мэргэлүүлсэн гээд 500 төгрөг өгсөн. ... буцаж байх үедээ надад “Миний сахиус миний мөрөн дээр суугаад миний балчирыг баслаа даа” гэж хэлсэн. Тухайн үед ... өс санасан юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг /хх-56-57/,
Шинжээчийн 2019.08.14-ний өдрийн 266/1923 дугаар дүгнэлтэд: “1. Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материалаас үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байна. 2.Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материалаас үзэхэд гал түймэр нь уг гарааш дотор шатсан автомашины нүүрэн хэсэгт байрлуулсан буйдангийн хэсгээс үүсвэрлэн гарч автомашины хөдөлгүүр болон гараашийн хойд хана, тааз руу тархсан байна. 3,4,5. 00-ын цаасанд ороосон умлаж байгаа арцыг нилонон материалтай машины хучлага дээр тавихад шууд авалцаж асах боломжгүй. 5.Арцнаас цаасанд болон нилонон материалд дамжин гал бүрэн дүрэлзэж асах хүртэл утаа, хиншүү гарна. 6.Цаас болон нилонон материал нь өөрөө шатамхай материал мөн бөгөөд тухайн орчны агаарын даралт, салхины урсгал зэргээс хамаарч дөллөн асна. Гал анх үүсвэрлэн гарч байх үед хүн унтраах боломжтой...” гэжээ /хх-80-81/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.07.01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний 19/165 дугаар тодорхойлолтод: “Нийт хохирлын дүн 22.740.000 төгрөг” гэжээ /хх-94-95/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.08.19-ний өдрийн хохирлын үнэлгээний 19/029 дүгээр тайланд: “Галын ослын улмаас учирсан хохирлын хэмжээг 3.398.550 төгрөгөөр тогтоов” гэжээ /хх-100-106/,
Шүүгдэгч Ж....ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ...Хустайн ...тоот хашааны гадаа очоод явган хаалганы түгжээг түлхэж онгойлгоод, уг хашаан дотор байх байшинтай залгаа амбаарын хаалганы дээд талын модон банзыг төмрөөр хөшиж газар унагаад уг зайгаар авирч орсон. Тэнд байсан цагаан өнгийн хаалгаар гарааш руу орсон. “Ланд крузер 100” загварын цагаан тээврийн хэрэгслийг хойд зүг рүү харуулж байрлуулсан байсан. Хойд хананд тулгаж тавьсан буйданг өргөөд уг тээврийн хэрэгслийн урд хамар доогуур түлхэж оруулаад дээр нь байсан эвхээстэй тээврийн хэрэгслийн хучлагыг дэлгэж тавиад өөрийн өмдний халаасанд байсан 00-н цаасыг гаргаж ирээд нөгөө халаасанд байсан гялгар ууттай арцнаас дотор нь хийгээд ороож байгаад шүдэнзээр гал өгөөд асаж байгаа 00-н цаастай арцаа буйдан дээр байсан машины хучлага дээр тавьсан. Машины хучлага дээр зөөлөн цогшиж асан гал дүрэлзэж асаад утаа ихээр гарсан. Тэгээд би анх орж ирсэн газраараа гарч явсан. ...Би А....тэй урьд нь уулзах үедээ “засал ном хийж өгье” гэж хэлэхэд “би өөрийн гэсэн ламтай” гээд намайг үл тоогоод 500 төгрөг өгсөн. Би тэр явдалд бухимдаад А....ийн гараашид гал тавьж тээврийн хэрэгслийг шатаасан...” гэх мэдүүлэг /хх-114-116, 122-123/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10, 15-19/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /27-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-117-121/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-129/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-136, 150/, нийгмийн даатгалын мэдээлэл /хх-140/, эд хөрөнгө “бүртгэлтэй” лавлагаа /хх-145/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-158, 190/, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /хх-167-189/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг, эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхгийг,
мөн хохирогчийн шүүхэд ирүүлсэн “Надад нийт 26.180.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй, хохирол төлөгдсөн...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэл дээр саналгүй. Маргаангүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.... нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн ...тоот хашаанд байрлах гарааш дотор гал тавьж улмаар иргэн А....ийн эзэмшлийн хөрөнгө болох ...улсын дугаартай “Ланд крузер 100” маркийн тээврийн хэрэгсэл, буйдан, автомашины хучлага, төмөр сейф болон уг гараашийн ислэг автан, хөөсөнцөр, фасадны тор, хар замаска, модон материал, дээврийн төмөр, дотор хаалга, туслах материал зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А....ийн “...миний гараашид байсан тээврийн хэрэгслийн урд нүүр мотор, салхины шил зэрэг урд хэсэг бүхэлдээ шатсан байсан. ...... гэх залуу үзмэрч гэж өөрийгөө танилцуулаад ...“удахгүй чамаас маш том гарз галаас болж гарч магадгүй, чи засал ном сайн хийлгэх хэрэгтэй” гэж хэлсэн. ...... надтай уулзаад би гарааш дотор буйданг машин доогуур оруулж дээр нь хучлага дэлгэж тавиад шатаасан гэдгээ хэлээд уучлалт гуйж байсан...” гэх мэдүүлэг /хх-38-39, 42, 45/, гэрч Ч....ийн “...дэлбэрч байгаа юм шиг чанга дуу чимээ гарахаар нь ...тэдний хашаа руу хаалгыг нь түлхэхэд онгорхой байсан. ... бөөн утаа урдаас саагаад хаана юу байгаа нь харагдахгүй байсан. ...Гал унтрааж дууссаны дараа гарааш дотор тээврийн хэрэгсэл байсныг харсан...” гэх мэдүүлэг /хх-51/, гэрч А....гийн “...Ж.... “хиншүү үнэртэх шиг боллоо, гал гарах гээд байх шиг байна” гэж надад хэлээд санаа нь зовсон байдалтай байгаад байсан. Ж....ид “манай дүү А....ийн машин гарааш дотроо шатсан байна” гэж хэлэхэд “тийм байх, нэг юм болсон юм шиг санагдаад байсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-56-57/, шинжээчийн 266/1923 дугаар “1. Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материалаас үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байна...” гэх дүгнэлт /хх-80-81/, шүүгдэгч Ж....ийн яллагдагчаар өгсөн “...“Ланд крузер 100” загварын тээврийн хэрэгслийн хучлагыг дэлгэж тавиад өөрийн өмдний халаасанд байсан 00-н цаасыг гаргаж ирээд нөгөө талын халаасанд байсан гялгар ууттай арцнаас дотор нь хийгээд ороож байгаад өөрт байсан шүдэнзээр 00-н цаасанд ороосон арцанд гал өгөөд асаж байгаа 00-н цаастай арцаа буйдан дээр байсан машины хучлага дээр тавьсан. Тэгээд машины хучлага дээр зөөлөн цогшиж хучлаганы дотор талын хөвөн мэт зүйлд авалзаад гал дүрэлзэж асаад утаа ихээр гарсан. Тэгээд би анх орж ирсэн газраараа гарч явсан. ...Би А....тэй урьд нь уулзах үедээ “засал ном хийж өгье” гэж хэлэхэд ...намайг үл тоогоод 500 төгрөг өгсөн. Би тэр явдалд бухимдаад А....ийн гараашид гал тавьж тээврийн хэрэгслийг нь шатаасан” гэх мэдүүлэг /хх-114-116, 122-123/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10, 15-19/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /27-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-117-121/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан СД, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж....ийн хохирогч А....тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас өс санан, түүний гараашид гал тавьж, эд хөрөнгийг шатаан устгасан, гэмтээсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Алтангэрлийн эд хөрөнгөд 24.627.550 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн шүүхэд ирүүлсэн “Надад нийт 26.180.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, энэ хэрэгт хохирогчид өс санасан, хохирол төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шууд сэдэлттэй, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг галдан шатаах аргаар устгаж, гэмтээсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд 24.627.550 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж....ийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 2 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ...гийн ...ийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж....ийг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 2 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж....ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР