Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2017/00047/И |
Дугаар | 21 |
Огноо | 2017-01-02 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 21
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллагад холбогдох,
Татварын өр 1.157.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Бямбажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Татвар төлөгчийн 8095124 тоот регистрийн дугаартай “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллагаас 2014-2016 оны хугацаандаа төлөөгүй цалингийн ашгийн 1,157,810 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй байна. Уг өрийг барагдуулахаар татвар төлөгчид 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас гардуулсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хас банкин дахь татвар төлөгчийн дансыг хаасан. Татварын хэлтсийн зүгээс татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг цаг хугацаанд нь авч, зохих шаардлагыг тухай бүр тавьж ирсэн. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д ”Татварын алба нь шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл гаргана” гэсэн заалтын 28.2.6-д “Хууль тогтоомжид заасан бусад асуудлаар” гэсэн заалтыг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрийг барагдуулах шат дараалсан арга хэмжээний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргав. Иймд “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллагаас хугацаандаа төлөөгүй цалингийн ашгийн 1,157,810 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллагын захирал Ц.Батсүх шүүхэд гаргасан тайлбартаа: “8095124 тоот регистрийн дугаартай “Увс аймгийн ХААХХ“ төрийн бус байгууллага нь аймгийн Татварын хэлтэст хүн амын орлогын албан татварын 2014-2016 онд хуримтлагдсан 1.157.810 төгрөгийн өртэй нь үнэн болно. Тухайн төрийн бус байгууллага нь 2014-2015 онуудад түрээсийн орлого тасарч, түрээслэгч нар шинэ зах ашиглалтад орж тэнд нүүж орсноос үүдэлтэй түрээслэгчгүй болж үлдсэн юм. Энэ онуудад 4 ажилтнаа халж цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Одоо тус төрийн бус байгууллага нь 3 түрээслэгч, 1 сахиул, 1 даргын орон тоотой ажиллаж сард 300.000 төгрөгийн орлоготой үйл ажиллагаа явуулж байна. Өвлийн улиралд цахилгаан дулааны өр ихтэй байдаг тул боломж ховор байсан юм. Бид энэ татварын өрийг боломжоороо төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллагаас татварын өр 1.157.810 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллага нь нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох татварын өр 1.157.810 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллагын захирал Ц.Батсүхийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллага нь нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 1.157.810 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.337 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллагаас 16.169 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын өр 1.157.810 /нэг сая нэг зуун тавин долоон мянга найман зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллага хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Увс аймгийн ХААХХ” төрийн бус байгууллагаас 16.169 /арван зургаан мянга нэг зуун жаран ес/ төгрөг гаргуулан Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ