Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1127

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, 

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Л.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908043501350 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Бөөний худалдаа ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...гийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.... нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ...тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р....тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, завьжинд шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Болсон явдлаа, өөрийн бурууг мэдэж байгаа. Хохирогчтой хамтран амьдраад 5 жил болж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм үйлдэл гаргахгүй. Хувийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Цалингийн зээлтэй, өртэй байдлыг харгалзан торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908043501350 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Р....гийн: “2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр миний хамтран амьдрагч ... бид хоёр ...гийн ээж дээр очих ёстой байсан. Айлд 5 литр сүү хөргөгчинд нь хийчихсэн чинь айл нь цоожлоод явчихсан чинь “чи айлын хүнтэй хуйвалдаж ээжид сүү өгсөнгүй” гэж үглэж хэрүүл өдөж эхэлсэн. Би эхлээд дуугараагүй. Өдөр нь ээж дээр очиход ээжид “наадах чинь танд сүү өгөх байсан, айлд үлдээчихээд авч ирсэнгүй” гэж дахин хэрүүл өдсөн. Би гарсан хойно “чи яах гэж ингэж байдаг юм бэ” гээд гэртээ харьтлаа бид хоёр хэрэлдэж маргалдсан. Гэрт ороод хэрүүл улам ихсэх үед ... уурандаа үснээс зулгааж толгой руу гараараа цохиж, ам руу хуруугаа хийж татах үед завьж шалбарсан. ...Биеийн байдал зүгээр, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21, 22-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.09-ний өдрийн 9564 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2. Р....гийн биед тархи доргилт, завьжинд шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.5. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 6.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Амь насанд аюулгүй гэмтлүүд байна. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-14/,

Шүүгдэгч Л....гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ......гийн хамт ээж дээрээ очих гэтэл аваачиж өгөх сүүг ... хөрш айлын хөлдөөгчинд хийчихсэн, тэр айл нь гэрээ цоожлоод байхгүй эзэнгүй байхаар нь бид хоёр маргалдаж, сүү аваачиж өгөөгүй. Тэгээд ээжийнд очоод буцаж гэртээ ирэхдээ дахин маргалдаж байтал ... “танай ээж сүүтэй цай уух буян байдаг юм уу” гэхээр нь би уурлаж хоорондоо ноцолдож эхлэх үед би гараараа ам руу нь түлхэж, үснээс нь зулгааж татаж зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-33-34/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-39/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-40/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-41/, “...” ХХК-ийн “Л.... нь манай байгууллагад худалдааны төлөөлөгч албан тушаалд сарын 1.450.000 төгрөгийн үндсэн цалинтай...” гэх тодорхойлолт /хх-45/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-46/, аюулын зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-48-49, 58-59, 60-64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.... нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 114 дүгээр гудамж, 14 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р....г зодож, тархи доргилт, завьжинд шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Р....гийн “...... уурандаа үснээс зулгааж толгой руу гараараа цохиж, ам руу хуруугаа хийж татах үед завьж шалбарсан...” гэх мэдүүлэг /хх-21/, шүүх эмнэлгийн 9564 дүгээр “1.2. Р....гийн биед тархи доргилт, завьжинд шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-14/, шүүгдэгч Л....гийн яллагдагчаар өгсөн “...... “танай ээж сүүтэй цай уух буян байдаг юм уу” гэхээр нь би уурлаж хоорондоо ноцолдож эхлэх үед би гараараа ам руу нь түлхэж, үснээс нь зулгааж татаж зодсон...” гэх мэдүүлэг /хх-33-34/, аюулын зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-48-49, 58-59, 60-64/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л....гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Р....г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Р....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Биеийн байдал зүгээр, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч ажилтай, тогтмол орлого олдог нь тогтоогдож байх тул 1.000.000 төгрөгөөр торгох, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Цалингийн зээлтэй, өр шир ихтэй байгааг харгалзан торгох ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л....д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /“...” ХХК-д сарын 1.450.000 төгрөгийн цалинтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Л....г 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ...гийн ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л....г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л....г 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР