Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 26

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 30-277 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ59010773, Жалган овогт Ноосройн Алтантуяагийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамиран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Н.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамиран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1959 онд төрсөн, 57 настай. Би цэргийн алба хааж ирээд 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс Увс аймгийн Тээврийг удирдах газрын 9 дүгээр баазад цистернийн жолооч, засварчнаар ажиллах болсон. Цистернийн жолооч, засварчнаар 5 жил ажиллаад манай байгууллага нь тусдаа засварын багтай болсон тул дараа нь цистернийн жолоочоор ажиллах болсон. Манай байгууллага нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Шатахуун тээврийн бааз, Нефьт бааз болохдд миний бие мөн л цистернийн жолоочоор ажиллаж байсан. Миний анх ажилд орсон тушаалд цистернийн жолоочоор гэж бичигдээгүй жолоочоор ажилд авснаар бичигдсэн байдаг. Иймд миний дээрх байгууллагуудад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цистернийн жолооч, засварчнаар тасралтгүй ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Миний бие гадаад улс оронд ажиллаж амьдарч байсан тул өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй нас өндөр болсон юм. Надтай хамт ажиллаж байсан Г.Басан, Р.Цэдэнбалжир нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Алтантуяа нь 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оныг дуустал  Увс аймгийн Тээврийг удирдах газар болон Шатахуун тээврийн бааз, Нефть баазад цистернийн жолооч, засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Ноосройн Алтантуяагийн 1981 оны 9 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газар болон Нефть баазад цистернийн жолоочоор ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

       Увс аймгийн Тээврийг удирдах газрын Боловсон хүчний тасгийн даргын тушаалын хуулбарт: “Ноосройн Алтантуяаг Тээврийг удирдах газрын даргын 1981 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 124 дүгээр тушаалаар 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жолооч, засварчнаар авч ажилд авсан” гэжээ.

       Түүнчлэн Зам тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1982 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар “1981 оны төлөвлөгөө биелүүлсэн ажилчид шагнах тухай” тушаалд: “1981 оны ажилдаа амжилт гаргаж ажилласан хавсралтад заагдсан нэр бүхий хүмүүсийг шагнасугай. Хавсралтын 2-т Алтантуяа...” гэжээ.

          Зам тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1984 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр “Жилийн ажиллагааны үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалд: “1983 оны төлөвлөгөө биелүүлсэн 206 жолооч, кондуктор, 59 засварчинд 81999 төгрөгийн шагналыг 1, 2, 3, 4-р хавсралтын дагуу олгосугай. Хавсралтын 35-д Алтантуяа...” гэжээ.

      Увс аймгийн Нефть баазын даргын 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаар ”Ажилчид томилох тухай” тушаалд: “Шатахуун тээврийн баазын захиргаа аж ахуйн ажилчдыг хавсралт 1-ээр, жолооч нарыг хавсралт 2-оор, засварчдыг хавсралт 3-аар 1990 оны 7 дугаар сарын 01-нээс тус тус томилсугай. 2 дугаар хавсралтын 14-т Ноосрой Алтантуяа...” гэжээ.

       Мөн Зам тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаалд: “Зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хавсралтад 1-д дурдсан хүмүүсийг 1990 оны 7 дугаар сарын 01-нээр тасалбар болгон Нефть баазын мэдэлд хавсралт 2-д дурдсан хүмүүсийг аймгийн Тээврийг удирдах газрын мэдэлд, хавсралт 3-д дурдсан хүмүүсийг аймгийн авто тээврийн 9-р баазын мэдэлд тус тус шилжүүлсүгэй. Хавсралтын 119-д Н.Алтантуяа...” гэжээ.

      Увс аймгийн Тээврийн удирдах газрын Намын үүр, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс 1982-1986 онуудад Н.Алтантуяаг шагнаж байсан баярын бичиг, талархал, сайшаалын үнэмлэх зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Басан, Р.Цэдэнбалжир нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Басан “Миний бие нь 1976 оноос 2010 он хүртэл Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр бааз, Шатахуун тээврийн бааз, Нефьт баазад шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Н.Алтантуяа нь 1981 оноос эхлэн аймгийн Авто тээврийн 9 дүгээр бааз буюу Увс аймгийн Тээврийг удирдах газарт цистернийн жолоочоор ажилласан бөгөөд 1990 оноос тус байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Шатахуун тээврийн бааз болоход Н.Алтантуяа нь үргэлжлүүлэн цистернийн жолоочоор ажилласан бөгөөд 1994 оныг дуустал ажилласан. 1994 оноос уг байгууллага бүтцийн өөрчлөлтөд дахин орж Нефьт бааз нэртэй болж байсан. Тухайн үед Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргаар Сүхбаатар, Шатахуун тээврийн баазын даргаар Сорог, Баатаржав, Нефьт баазын даргаар Мажигсүрэн, Баттөмөр гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Р.Цэдэнбалжир “Миний бие нь 1976 оноос 2010 он хүртэл Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр бааз, Шатахуун тээврийн бааз, Нефьт баазад шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Н.Алтантуяа нь 1981 оноос эхлэн аймгийн Авто тээврийн 9 дүгээр бааз буюу Увс аймгийн Тээврийг удирдах газарт цистернийн жолоочоор ажилласан бөгөөд 1990 оноос тус байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Шатахуун тээврийн бааз болоход Н.Алтантуяа нь үргэлжлүүлэн цистернийн жолоочоор ажилласан бөгөөд 1994 оныг дуустал ажилласан. 1994 оноос уг байгууллага бүтцийн өөрчлөлтөд дахин орж Нефьт бааз нэртэй болж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 567 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.

       Н.Алтантуяаг Увс аймгийн Тээврийг удирдах газрын Боловсон хүчний тасгийн даргын тушаалын хуулбарт түүнийг жолоочоор авч ажиллуулсан талаар бичигдсэн байх боловч Н.Алтантуяа нь цистернийн жолоочоор ажиллаж байсан болох нь Г.Басан, Р.Цэдэнбалжир нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

      Нэхэмжлэгч Н.Алтантуяа нь 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оныг дуустал  Увс аймгийн Тээврийг удирдах газар болон Шатахуун тээврийн бааз, Нефть баазад цистернийн жолооч, засварчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тээврийг удирдах газрын Боловсон хүчний тасгийн даргын тушаалын хуулбар, Зам тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1982 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар “1981 оны төлөвлөгөө биелүүлсэн ажилчид шагнах тухай” тушаал, Зам тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1984 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр “Жилийн ажиллагааны үр дүнгийн шагнал олгох тухай” тушаал, Увс аймгийн Нефть баазын даргын 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаар ”Ажилчид томилох тухай” тушаал, Зам тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаал, Увс аймгийн Тээврийн удирдах газрын Намын үүр, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс 1982-1986 онуудад Н.Алтантуяаг шагнаж байсан баярын бичиг, талархал, сайшаалын үнэмлэх, гэрч Г.Басан, Р.Цэдэнбалжир нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Н.Алтантуяагийн хүсэлтийг хангаж, түүнийг Увс аймгийн Тээврийг удирдах газар болон Шатахуун тээврийн бааз,  Нефть баазад 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цистернийн жолооч, засварчнаар 5 жил, 1986 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оныг дуустал цистернийн жолоочоор 8 жил 4 сар, нийт 13 жил 4 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

     Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жалган овогт Ноосройн Алтантуяагийн Увс аймгийн Тээврийг удирдах газар болон Шатахуун тээврийн бааз, Нефть баазад 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цистернийн жолооч, засварчнаар 5 /тав/ жил, 1986 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оныг дуустал цистернийн жолоочоор 8 /найм/ жил 4 /дөрөв/ сар, нийт 13 /арван гурав/ жил 4 /дөрөв/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Н.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ