| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1117/Э |
| Дугаар | 1131 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 1131
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Х.Нарангуа,
хохирогч Б....,
шүүгдэгч Р.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908038911274 дүгээр хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цагаан уул овогт ...гийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Р.... нь иргэн Б....ийг “Би таньдаг замын цагдаатайгаа яриад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг чинь сэргээж, Замын цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байгаа тээврийн хэрэгслийг чинь түргэн гаргаж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 300.000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30.000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус Хаан банкны ... тоот дансаар, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг бэлнээр, нийт 730.000 төгрөг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Р.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Таньдаг цагдаа байна уу гэхээр нь байгаа гээд ...ээс мөнгө авсан. ... гэж хүн байхгүй. Тэр хүнтэй тийм зүйл болоогүй. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 5 дугаар сарын 29-нд машинаа түр хураалгасан талаар найздаа хэлтэл “ажлын ах чадна гэнээ, 5 шар дээр байдаг, урьдчилгаа 300.000 төгрөг өгчих гэнээ” гэсэн. 30-нд ажил дээр нь очоод 300.000 төгрөг өгсөн. Маргааш машин, үнэмлэхээ аваарай гэсэн. Би хүлээгээд байсан. Хүлээх хугацаандаа нэмж мөнгө өгсөн. Миний мөнгийг өгнө гэхээр нь наадам хүртэл хүлээгээд төлөөгүй, худлаа хэлээд байсан. Нэг ч төгрөг өгөөгүй байна. 730.000 төгрөгөө нэхэмжилж байна. 500.000 төгрөг авлаа, үлдэгдэл хохирлоо авчихвал гомдолгүй” гэв.
Эрүүгийн 1908038911274 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б....ийн: “2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Prius-11 загварын тээврийн хэрэгслээ Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэст түр хураалгасан. 5 дугаар сарын 28-ны өдөр багын найз болох Г.... надад “манай ажлын газрын ... ах машиныг чинь аваад жолооны эрхийг чинь сэргээлгэж өгч чадна” гэхээр би 5 дугаар сарын 29-ний өдөр ... гэдэг ахтай уулзахад “урьдчилгаа 300.000 төгрөг өгчих, манай ах ... замын цагдаа, би ахтайгаа ярьчихсан, ... энэ данс руу мөнгөө хийчих, энэ манай цагдаа ахын данс” гэсэн. 5 дугаар сарын 30-ны өдөр би ...ийн ажил дээр очиж бэлэн 300.000 төгрөг өгсөн. ... надад “манай цагдаа ах дээр чиний бичиг баримт оччихсон гэнэ, маргааш машиныг чинь гаргаад өгнө гэсэн” гэж хэлсэн. 6 дугаар сарын 12-нд би 130.000 төгрөг ... данс руу шилжүүлсэн. Тээврийн хэрэгсэл түр саатуулах газар очоод ...тэй уулзахад “манай замын цагдаа ах одоо ирж байна, хүлээж бай” гэсэн. Түүнээс хойш ...тэй уулзаагүй. Утсаар ярихад “маргааш аваад өгнө” гэдэг, сүүлдээ залгахаар гар утсаа авахаа больчихсон. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ ... гэсэн дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн гээд дансны дугаарын тоог андуурч хэлээд мэдүүлэг өгчихсөн байна лээ. Хаан банкны ... дугаарын Г.... гэсэн данс руу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажил дээр нь очиж бэлэн 300.000 төгрөг өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 730.000 төгрөгийг Р....д жолооны эрхээ сэргээлгэхээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-7, 10/,
Гэрч Г....ын: “2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би Р.... рүү залгаад “манай найз машинаа хураалгачихжээ, сэргээгээд өгөх хүн байна уу” гэж асуутал “за болох юм байна, манай ах эрхийг нь сэргээлгэж болно гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ... лүү хэлж дугаарыг нь явуулаад холбож өгсөн. Тухайн үедээ ... нь ... рүү 300.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь бас ...д мөнгө аваачиж өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-20/,
Гэрч Г....ийн: “...Би өөрийнхөө ... дугаар дансаа ашиглахгүй байгаа. Нөхөр ... ашиглаж, хэрэглэж байгаа. ...20 гаран насны нэрийг нь мэдэхгүй залуу манай гэрт Р....ийг асууж ирж уулзаад “танай нөхөр надаас жолооны эрх сэргээж өгнө гэж хэлээд 730.000 төгрөг авсан” гэж хэлэхээр нь ......ээс юу болсон талаар асуутал “би хүнд хөөцөлдөж өгнө гэж хэлээд мөнгө авчихсан, чамд хамаагүй” гээд ямар учраас авсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-16/,
Гэрч П....гийн: “2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр миний утас руу ... өөрийнхөө 90217171 дугаараас залгаж “танд таньж мэддэг цагдаа байна уу, жолооны эрхээ хасуулсан хүний эрхийг яаж сэргээдэг юм” гэж асуухаар нь би “таньж мэдэх цагдаа байхгүй, би мэдэхгүй” гэж хэлсэн. Би ... гэх нэртэй хүнийг танихгүй. ... надтай урьд өмнө жолооны эрх сэргээдэг хүн таньж мэддэг гэж огт ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-18/,
Шүүгдэгч Р....ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь надтай хамт ажиллаж байсан ... гэх залуу над руу залгаж “манай найз согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад жолоодох эрхээ хасуулчихсан байна, танд таньж мэддэг цагдаа байна уу” гэж асуухаар нь “хүнээс асуучихаад эргээд хариу хэлье” гээд танил ... ах руу утсаар залгаж “танд таньж мэдэх цагдаа байна уу, таньдаг хүүхэд эрхээ хасуулчихсан байна” гэсэн. ... ах “таньж мэддэг цагдаа байхгүй” гэхээр нь би 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ...тай уулзаж “манай танил ... гэх ахад таньдаг цагдаа байгаа гэнэ, торгуульгүй машиныг чинь журмын хашаанаас гаргаж өгөөд эрхийн сэргээж өгнө гэнээ, 730.000 төгрөг өгчих гэж байна” гээд худлаа хэлсэн. ...ын найз Б....тэй уулзаж “болох юм байна, 730.000 төгрөг өгчих” гэхэд Б.... эхнэрийн ... дугаарын данс руу эхлээд 300.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өдөр ажил дээр ирж бэлнээр 300.000 төгрөг өгөхөөр нь би “2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө чиний автомашиныг журмын хашаанаас авч өгөөд эрхийг чинь сэргээж өгнө” гэж худлаа яриад 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б....тэй утсаар холбогдож “эрхийг чинь сэргээх гээд байна, яаралтай 130.000 төгрөгөө шилжүүл” гэж хэлээд эхнэрийнхээ данс руу шилжүүлж авсан. Тэрнээс хойш Б.... надаас “миний жолоодох эрх сэргэсэн үү, машин журмын хашаанаас гарах юу болж байна” гэж асуухаар нь би “хөөцөлдөж байгаа” гэж худлаа ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-59-61/,
хохирогчийн данснаас ... данс руу мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга /хх-25/, Г....ийн дансны хуулга /хх-30/, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /хх-31/, Асап сангийн мэдээлэл /хх-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-39/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-46/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-49/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Р.... нь хохирогч Б....ийг жолооны эрх сэргээж, машиныг чинь түр саатуулах байрнаас хурдан гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 730.000 төгрөгийг хууль бусаар авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол 730.000 төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.... нь иргэн Б....ийг “Би таньдаг замын цагдаатайгаа яриад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг чинь сэргээж, түр саатуулах байранд байгаа тээврийн хэрэгслийг чинь түргэн гаргаж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 300.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 30.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 100.000 төгрөг Хаан банкны ... тоот дансаар, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг бэлнээр, нийт 730.000 төгрөг хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б....ийн “...... ахтай уулзахад “урьдчилгаа 300.000 төгрөг өгчих, манай ах ... замын цагдаа, би ахтайгаа ярьчихсан, ... данс руу мөнгөө хийчих...” гэсэн. ... надад “манай цагдаа ах дээр чиний бичиг баримт оччихсон гэнэ, маргааш машиныг чинь гаргаад өгнө гэсэн” гэж хэлсэн. Нийт 730.000 төгрөгийг ...д жолооны эрхээ сэргээлгэхээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-7, 10/, гэрч Г....ын “...би Р.... рүү залгаад “манай найз машинаа хураалгачихжээ, сэргээгээд өгөх хүн байна уу” гэж асуутал “за болох юм байна, манай ах эрхийг нь сэргээлгэж болно гэнээ” гэж хэлсэн. ...Ямар ч байсан тухайн үедээ ... нь Р.... рүү 300.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь бас ...д мөнгө аваачиж өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-20/, гэрч П....гийн “...Р.... өөрийнхөө 90217171 дугаараас залгаж “танд таньж мэддэг цагдаа байна уу, жолооны эрхээ хасуулсан хүний эрхийг яаж сэргээдэг юм” гэж асуухаар нь би “таньж мэдэх цагдаа байхгүй, би яаж жолооны эрх сэргээдэг талаар мэдэхгүй” гэж хэлсэн. ...Р.... надтай урьд өмнө жолооны эрх сэргээдэг хүн таньж мэддэг гэж огт ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-18/, шүүгдэгч Р....ийн яллагдагчаар өгсөн “......тай уулзаж “манай танил ... гэх ахад таньдаг цагдаа байгаа гэнэ, торгуульгүй машиныг чинь журмын хашаанаас гаргаж өгөөд эрхийн сэргээж өгнө гэнээ, 730.000 төгрөг өгчих гэж байна” гээд худлаа хэлсэн. Тэгээд би ...ын найз Б....тэй уулзаж “болох юм байна, 730.000 төгрөг өгчих” гэж хэлэхэд эхнэр Г....ийн ... дугаар данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш Б.... надаас “миний жолоодох эрх сэргэсэн үү, машин журмын хашаанаас гарах юу болж байна” гэж асуухаар нь би “хөөцөлдөж байгаа” гэж худлаа ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-59-61/, хохирогчийн данснаас ... данс руу мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга /хх-25/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Р....ийн хохирогч Б....ийг “жолоочийн эрх сэргээж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр 730.000 төгрөгийг залилан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б....т 730.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд 500.000 төгрөгийг төлсөн нь шүүгдэгчийн гаргаж өгсөн “мөнгө хүлээлгэн өгсөн тухай” гар бичвэр, хохирогчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон тул үлдэх 230.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.... /Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 2 дугаар гудамж, 18 тоот, холбогдох утас 89993793, РД-ЙЖ93061616/-д олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хийдэг, орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р....д 1000 нэгжээр торгох ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна” гэж,
хохирогч “Үлдэх хохирлоо авчихвал гомдолгүй. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 730.000 төгрөгийн хохирол учруулсан, 500.000 төгрөгийг төлсөн, хохирогч “Үлдэгдэл хохирлоо авчихвал гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай гэх, гэр бүлийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /“...” ХХК-д жолооч ажилтай гэх/, бусад орлого олох боломжийг тус тус үндэслэн шүүгдэгч Р....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Цагаан уул овогт ...гийн ...ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р....ийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.... цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р....ээс 230.000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.... /Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 2 дугаар гудамж, 18 тоотод оршин суух, РД:ЙЖ93061616/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР