Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 27

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

               Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 13-31 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ91110414, Бууч овогт Мягмаржавын Ган-Очирын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-48 айлын 2-21 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ90071927, Баавшууд овогт Отгонбаярын Цолмонд холбогдох,

           Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ган-Очир, хариуцагч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч М.Ган-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2010 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр О.Цолмонтой гэр бүл болсон ба 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бидний дундаас хүү Мөнхбаяр төрсөн. Ингээд янз бүрийн хэл амнаас болж гэр бүлийн маргааны улмаас 2011 оны 7 дугаар сараас хойш хамтран амьдрахаа больж одоо бид тус тусдаа амьдралтай болсон. Бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцсон ба хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан байхгүй ба хүүхдээ ээж нь өөрийн асрамжидаа байлгана гэсэн учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

          Хариуцагч О.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М.Ган-Очир бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй, зан харилцааны хувьд таарамж тохиромж муутай байсны улмаас тусдаа амьдраад 4 жил болж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүү Г.Мөнхбаяр төрсөн цагаасаа хойш надтай байсан тул хүүгээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Иймд М.Ган-Очир, О.Цолмон бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч М.Ган-Очир нь хариуцагч О.Цолмонгоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

          М.Ган-Очир, О.Цолмон нарын дундаас 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Г.Мөнхбаяр төрж, зохигчид нь 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

         Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2011 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь тогтоогдож байх тул М.Ган-Очир, О.Цолмон нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

      Мөн гэрлэлт цуцалж шийдвэрлэсэн тул зохигчдын саналыг харгалзан хүү Г.Мөнхбаярыг эх О.Цолмонгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

        Гэрлэгчдийн хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч О.Цолмон нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

        Шүүх хүүхдийг эх О.Цолмонгийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ган-Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цолмонгоос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ган-Очирт олгож шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:          

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бууч овогт Мягмаржавын Ган-Очир, Баавшууд овогт Отгонбаярын Цолмон нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 12 дугаар  сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Мөнхбаярыг эх О.Цолмонгийн асрамжид үлдээсүгэй.

         3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйл зааснаар зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч О.Цолмон нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

       4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

       6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.  

        7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ган-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цолмонгоос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ган-Очирт олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ