| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1142/Э |
| Дугаар | 1141 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 1141
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч Д....,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бүдханд,
шүүгдэгч С.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч С....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908037211148 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ТӨХК-д турбины машинист ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олон хүйт овогт ...гийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч С.... нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоот хашааны гадна гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ээж Д....г “миний архи уух танд хамаагүй” гэж согтуугаар агсам тавьж, цэвэр усны саваар гар луу нь цохиж, баруун гарын богтос ясны далд зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн бие хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 7 дугаар сарын 07-нд машинаа цэвэрлэж байгаад 0,5 литрийн хагас шил архи олоод ээжээс “уучих уу” гэж асуугаад уусан. Дахиад 0,33 литрийн архи авч 2 найзтайгаа хувааж уусан. Дахиж гарч архи уух гэж байгаад ийм зүйл болсон. Болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Маш их харамсаж байна. Би 3-4 хундага архи уугаад л ухаангүй болчихдог. Хийсэн хэргээ их ойлгож, гэмшиж байгаа. Архийг амьдралаасаа хасч хаяна. Ээжээ намайг уучлаарай. Ийм байдалд хүрнэ гэж огт бодож явсангүй” гэв.
Хохирогч Д.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 7 дугаар сарын 07-нд хүү халамцуу орж ирсэн. Удалгүй найз нар нь утсаар яриад дуудсан. Очоод ирье гэхээр нь би гаргахгүй гээд загнасан. Тэгээд “цагдаа дуудна” гэж гараад би халтираад унасан. Эргээд хартал хүү барьж байсан устай саваараа цохисон. Би хаатал гар ийм болсон. Тухайн үед их ууртай, миний үгэнд орохгүй байсан. Айлгая л гэж бодсон юм. Бие одоо зүгээр, нэхэмжлэх зүйлгүй. Хүү маань архи уугаад байдаггүй юм. Унтчих болов уу гээд “цагдаа дуудна” гэж айлгах санаатай байсан. Би ганц хүүтэй. Намайг авч явдаг хүү маань байгаа юм. Дахиж уухгүй байх гэж бодож байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908037211148 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д....гийн: “... нь миний ганц хүүхэд юм. ...2019 оны 7 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчим гэртээ ... согтуу орж ирэхээр нь би үглэж “чи сүүлийн үед архи уугаад байна, яах гээд байгаа юм” гэж уурласан чинь “найзуудтайгаа архи уулаа шүү дээ” гэхээр нь “чамайг цагдаад хэлнэ” гээд гэрээс гарч гудамж руу гүйгээд гартал гудамжинд чулуунд таварцаглаж унаад эргээд хартал ... жижиг ундааны устай саваар миний баруун гарын шуу орчим руу нэг удаа цохисон. ...Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь баруун гарын шууны хоёр ясны нэг нь хугарчихсан байна гэсэн. ...Хүүхдээ архи уугаад байхаар нь хашраах гэж байгаад ийм асуудал болчихлоо. Намайг авч явж байгаа, тэжээдэг хүүдээ ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21, 102/,
Гэрч Д....ийн: “...2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад бие засах гээд гартал гудамжинд ... уначихсан. Хүүхэд ... нь гүйж очоод гартаа барьчихсан жижиг усны, тал устай саваар ээж ...гийн баруун гарын шуу орчим руу нэг удаа цохиод авахаар нь би очиж “чи яагаад ээжийгээ цохиж байгаа юм, холд холд” гэж хэлсэн. ... дахиж цохих гэхээр нь би түлхэж холдуулсан. ... эгчийн баруун гарыг ... усны саваар цохиж хугалсан байх гэж би бодож байна. ...ыг цагдаа аваад явсны дараа ... эгч бид хоёр эмнэлэг орж баруун гарын шууны зургийг авахуулсан чинь “хоёр савхан ясны нэг нь хугарчихсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-25/,
Гэрч М....ийн: “2019 оны 7 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчим машинтай эргүүлд үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Овоот ...тоотод “согтуу хүн агсам тавиад ээжийгээ зодоод байна” гэх утгатай дуудлага дээр ...орж шалгахад хашаанд ... гэх залуу согтуу, орилсон байдалтай байхаар нь машиндаа суулгаж, ээж ..., түүний дүү ... гэх хүнтэй уулзаж юу болсон талаар асуусан чинь “манай эгчийн хүүхэд нь усны жижиг хуванцар устай саваар гарыг нь гудамжинд цохисон” гэж, харин ... “намайг хөөж байгаад унах үед хүү ... устай саваар намайг цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалж баруун гараараа хаасан чинь баруун гарын шуу орчим руу цохиж гэмтээчихлээ, одоо гар хөндүүрлээд хөдөлж болохгүй байна” гэхээр нь “та гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлчих” гээд ...ыг эрүүлжүүлэхэд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-23/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.09-ний өдрийн 8412 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д....-н биед баруун гарын богтос ясны далд, зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29/,
Шинжээч Ш.Цэцэгмаагийн: “Тухайн үед ... нь баруун гарын бугалганаас доош хурууны уг хүртэл гипстэй байсан. Усны саваар болон унах үед үүсэх боломжтой. Тэр тусмаа ундааны саваар цохих үед гэмтэл учрах боломжтой юм...” гэх мэдүүлэг /хх-98-99/,
Шүүгдэгч С....ын яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр архи уусан. Яаснаа сайн мэдэхгүй байна. Би согтохоороо их эвгүй ааштай, агсам зантай гэдгээ мэдэж байгаа. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Хариад буцаж гарч архи уух гэхээр ээж ... хориглосон байх. Тэгэхээр нь уурлаад барьж явсан усны саваар цохисон байх. ..Эмнэлэг яваад гараа шохойдуулсан байсан. Би эмчилгээний мөнгийг өгсөн. Ийм хэрэг хийсэндээ их ичиж байна. Маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-37-38/,
гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд ажилласан тухай илтгэх хуудас /хх-6/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-39-47/, “...”-ын тодорхойлолт /хх-52, 58/, дансны хуулга /хх-53-56/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх /хх-57/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт /хх-59/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, Монгол Улсын “Эрчим хүчний тэрүүний ажилтан” тэмдгийн хуулбар /хх-63/, шагнал, сертификатуудын хуулбар /хх-64-67/, Асап сангийн мэдээлэл /хх-69-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/, хохирогчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-105/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-106/, өвчний түүх /хх-107-110/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Шүүгдэгч 1,83 см өндөр бөгөөд ийм өндөр хүн хохирогчийг унасан байхад дээрээс нь цохиж байгаа үйлдлийг анхаарах хэрэгтэй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Анхнаасаа л хэргийн талаар үнэн зөв мэдүүлж ирсэн. Цагдан хоригдсоноор төлөвшиж, хүмүүжнэ гэж бодохгүй байна. Эх, үр 2 гэдгийг харгалзан үзнэ үү. Архийг болино гэх үгэнд нь итгэж байна. Алдаа дутагдлаа засах, эхийгээ асрах боломжийг олгож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.... согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоот хашааны гадна эх 61 настай Д....г зодож, баруун гарын богтос ясны далд, зөрөөтэй хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д....гийн “...... согтуу орж ирэхээр нь би үглэж “чи сүүлийн үед архи уугаад байна, яах гээд байгаа юм” гэж уурласан. ...ууж байсан жижиг ундааны, устай саваар миний баруун гарын шуу орчим руу ундааны устай саваар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-21/, гэрч Д....ийн “...... уначихсан хүүхэд ... нь гүйж очоод гартаа барьчихсан байсан жижиг усны, тал устай саваар ээж ...гийн баруун гарын шуу орчим руу нэг удаа цохиод авахаар нь...” гэх мэдүүлэг /хх-25/, гэрч М....ийн “...... “манай эгчийн хүүхэд усны жижиг хуванцар, устай саваар гарыг нь гудамжинд цохисон” гэж, харин ... “намайг хөөж байгаад унах үед манай хүү ... жижиг цэвэр усны, устай саваар намайг цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалж баруун гараараа хаасан чинь баруун гарын шуу орчим цохиж гэмтээчихлээ, одоо гар хөндүүрлээд хөдлөж болохгүй байна” гэж надад хэлэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-23/, шүүх эмнэлгийн 8412 дугаар “1.Д....-н биед баруун гарын богтос ясны далд, зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-29/, шүүгдэгч С....ын яллагдагчаар өгсөн “...архи уух гэхээр ээж ... хориглосон байх. Тэгэхээр нь уурлаад барьж явсан усны саваар цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-37-38/, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд ажилласан тухай илтгэх хуудас /хх-6/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-39-47/, хохирогчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-105/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-106/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С....ын согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эх, 61 настай буюу өндөр настай, хохирогч Д....г үл ялих зүйлээр шалтаглан цэвэр усны, тал устай саваар цохин хүндэвтэр гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д....гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С....ыг 1 жил 3 сарын хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Бусдаас бурууг хайх, архи руу буруугаа чихэх гэсэн биеэ авч яваа байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь үндэслэлтэй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Тодорхой эрхэлсэн ажилтай, тухайн байгууллагад 21 жил ажиллаж байгаа. Байгууллагын аварга болж байсан. Эхийн хамт хоёулаа амьдардаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, чин санаанаас гэмшсэн, эхийнх нь эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж өгнө үү...” гэж,
хохирогч “Миний хүү л бүгдийг зохицуулдаг. Хөнгөн ял өгнө үү. Дахиж уухгүй байх гэж бодож байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, 61 настай буюу өндөр настай, эхийнхээ эрх, эрх чөлөөнд эд зүйл ашиглан халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, 61 настай эхийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч С....т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч С....т тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олон хүйт овогт ...гийн ...ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч С....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч С....т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР