Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1155

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Э.Намуун,

хохирогч Ж....,

шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1903009590428 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, хадам эцэг, эх, эхнэр, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хуушаан овогт ...ын ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.... нь 2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22-н товчоо явах замд “Hyundai Avante MD” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.... жолоочтой “Hyundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч 52 настай Ж....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 22 настай Г....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Hyundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 965.000 төгрөгийн шууд, 1.055.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “8 дугаар сарын 12-ны өдөр аавыг авахаар Зүүнхараа яваад 04 цагийн орчимд хот руу орж ирээд осол гаргасан. Гэрэлд гэнэт машин ороод ирсэн. Би 50 км/цаг гаруй хурдтай явсан” гэв.

Хохирогч Ж.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Эрүүгийн 1903009590428 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ж....ын: “2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд ...“Hyundai-Avante-MD” маркийн ...улсын дугаартай автомашинтай хүргэн Б.... автомашинаа жолоодон охин Г.... жолоочийн хажуу талын суудал дээр, би арын суудалд суун Зүүнхараагаас Улаанбаатар хот руу орж яваад буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 22-ын Товчооноос хот руу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчиж яваад гэнэт “түс тас” хийн хүчтэй дуу чимээ гарч автомашин дотор тоос босож би урагш баруун урд талын сандлын ар тал руу унаж гараа гэмтээн, миний толгой тархи манарч яах учраа олохгүй сандраад байж байхад хүргэн Б.... татаж буулгасан. ...Тухайн ослын улмаас баруун шууны богтос ясны далд хугарал, зүүн нүдний салст, зүүн доод зовхи, баруун гуя, тавхайд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл үүссэн.

...Миний хувьд эмнэлэгт үзүүлсэн төлбөрийг хүргэн Б.... төлсөн болохоор Б....ид холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-23-24, 25/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.14-ний өдрийн 9828 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ж....ын биед баруун шууны богтос ясны далд хугарал, зүүн нүдний салст, зүүн доод зовхи, баруун гуя, тавхайд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-71/,

Иргэний нэхэмжлэгч Г....гийн: “...зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр зорчиж явтал гэнэт урд талд зам дээр ямар ч гэрэлгүй “Hyundai-Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд нөхөр ... жолоодож явсан автомашиныхаа хурдыг хасаад зайлуулж дарах гээд амжилгүй уг зогсож байсан автомашины ардаас мөргөсөн. Автомашин дотор тоос босож, толгой тархи манарч эргээд ... эхлээд автомашинаасаа буун, дараа нь намайг, хамгийн сүүлд аав Ж....ыг татаж буулгасан. Нөхөр өөрийн утаснаас цагдаад дуудлага өгсөн. Тухайн ослын улмаас миний баруун нүдний доод талд урагдаж, оёдол тавиулсан. Дух, баруун болон зүүн хөлийн шилбэ хөхөрч хавдсан. Баруун хацар зулгарсан гэмтэл үүссэн.

...Б....ид холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-31-33, 34-35/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.08.13-ны өдрийн 9826 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г....гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины шарх, дух, баруун хацарт зулгаралт, баруун дээд зовхины цус хуралт, баруун шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-67/,

Иргэний нэхэмжлэгч Б....гийн: “...Ах Б....ын хэлснээр автомашин нь унтраад буух гэж байтал ардаас нь автомашин ирж маш хүчтэй мөргөсөн гэж хэлээд ослын талаарх зургаа үзүүлсэн. Машины эвдрэл, гэмтлийн үнэлгээгээр тогтоогдсон 1.055.000 төгрөгийг хүлээн авсан. ...ид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-39, 40-41/,

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2019.09.08-ны өдрийн 474 дүгээр тайланд: ““Hyundai porter” загварын автомашины шууд зардлын дүн 965.000 төгрөг, шууд бус зардлын дүн 90.000 төгрөг, нийт дүн 1.055.000 төгрөг” гэжээ /хх-106/,

Гэрч Б....ын: “2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд өөрийн дүү Б....гийн хувийн эзэмшлийн “Hyundai-Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ...22-ын товчооноос хот руу чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр зорчиж явтал гэнэт автомашины мотор дуугарч байгаад “таг наг” хийн автомашин зогссон. Би автомашиныхаа аваарын гэрлийг асаан буух санаатай сууж байтал ар талд гэнэт “тас няс” хийх чимээ гарч, миний жолоодож явсан машин урагш өнхрөөд 2 дугаар эгнээнд орж зогссон. Тэр үед би цээжээрээ автомашиныхаа жолооны хүрдийг мөргөж, дотор муухайран толгой эргээд явчихсан. Тэгээд бууж чадахгүй байтал миний автомашины ардаас мөргөсөн автомашины жолооч бололтой залуу гүйж ирээд “пизда пизда, дохиогоо асаахад яадаг юм бэ” гэхээр нь “дохиогоо асаасан байсан” гэхэд тэр залуу “анзаарч харсангүй” гээд буцаад гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/,

Гэрч Д....ийн: “...Тэр шөнө ээлжинд Эмээлт рүү дуудлаганд яваад буцаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, хуучин 22-ын товчооноос хот руу явах чиглэлд буюу Толгойтын өнчин цагааны орчимд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд “Hyundai-Avante-MD” маркийн хар өнгийн улсын дугаарыг нь сайн санахгүй байна автомашин “Hyundai-Porter” маркийн чингэлэгтэй мах ачсан авто машины ардаас мөргөж, зам тээврийн осол гарч суудлын автомашинд сууж явсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гэмтсэн байсантай тааралдан эмнэлгийн анхны тусламж үзүүлэн “Hyundai-Porter” маркийн автомашины жолоочийг үзэхэд биеийн байдал гайгүй байсан болохоор нь нөгөө автомашинд сууж явсан 3 хүнийг автомашиндаа суулган Гэмтлийн эмнэлэг рүү авч яван хүлээн авах дээр хүргэж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-56-57/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019.10.14-ний өдрийн 335 дугаар магадлагаанд: “1.“Hyundai-Avante-MD” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. “Hyundai-Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-123-124/,

Шүүгдэгч Б....ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшилийн одоо “Жи-Эс-Би-Капитал” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байгаа “Hyundai-Avante-MD” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр Г...., хадам аав Ж.... нарын хамт ...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, хуучин 22-ын товчооноос хот руу чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр зорчиж явтал урд гэнэт ямар ч гэрэлгүй “Hyundai-Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би автомашиныхаа хурдыг хасаад зайлуулж дарах гэтэл эсрэг урсгалд автомашин зорчиж явсан болохоор уг зогсож байсан автомашинаас зайлуулж дарж чадалгүй ардаас нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-120-122/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/, гэрч С.Наранбат, Ц.Батгэрэл, Б.Халиун, С.Анужин нарын мэдүүлэг /хх-53, 59-60, 62, 64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-127/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-128/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /17, 129/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-130/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-131/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-132/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-133/, хохирогч Ж....ын “...эмчилгээний зардлыг ... нь бүрэн дааж бид хоорондоо эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-165/, шүүгдэгчийн “Гэм буруугаа хүлээж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-166, 167/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад учруулсан хохирлоо төлсөн тул төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... нь 2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 22-н товчоо явах замд “Hyundai Avante MD” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөнөөс Б.... жолоочтой “Hyundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ж....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Hyundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1.055.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ж....ын “...гэнэт “түс тас” хийн хүчтэй дуу чимээ гарч би урагш баруун урд сандлын ар тал руу унаж гараа гэмтээн...” гэх мэдүүлэг /хх-23-24, 25/, шүүх эмнэлгийн 9828 дугаар “1.Ж....ын биед баруун шууны богтос ясны далд хугарал, зүүн нүдний салст, зүүн доод зовхи, баруун гуя, тавхайд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-71/, иргэний нэхэмжлэгч Г....гийн “...... жолоодож явсан автомашиныхаа хурдыг хасаад зайлуулж дарах гээд амжилгүй автомашинаараа уг зогсож байсан автомашины ардаас мөргөсөн. Миний баруун нүдний доод талд урагдаж, оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-31-33/, шүүх эмнэлгийн 9826 дугаар “1. Г....гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины шарх, дух, баруун хацарт зулгаралт, баруун дээд зовхины цус хуралт, баруун шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх шинжилгээ /хх-67/, иргэний нэхэмжлэгч Б....гийн “...Б....ын хэлснээр автомашин нь унтраад буух гэж байтал ардаас нь автомашин ирж маш хүчтэй мөргөсөн гэж хэлээд ослын талаарх зургаа үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-39/, “Ашид билгүүн” ХХК-ийн 474 дүгээр ““Hyundai porter” загварын автомашины шууд зардлын дүн 965.000 төгрөг, шууд бус зардлын дүн 90.000 төгрөг, нийт дүн 1.055.000 төгрөг” гэх тайлан /хх-106/, гэрч Б....ын “...Тэгээд би автомашиныхаа аваарын гэрлийг асаан буух санаатай сууж байтал ар талд гэнэт “тас няс” хийх чимээ гарч, миний жолоодож явсан автомашин урагш өнхрөөд 2 дугаар эгнээнд орж зогссон...” гэх мэдүүлэг /хх-43-44/, мөрдөгчийн 335 дугаар “1.“Hyundai-Avante-MD” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2.“Hyundai-Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-123-124/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-11/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б....ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар заалтыг зөрчсөн буюу хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс “Hyundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, хохирогч Ж....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Hyundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.055.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Хохирогч Ж....ын “...ид холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25/, иргэний нэхэмжлэгч Г....гийн “...ид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-35/, иргэний нэхэмжлэгч Б....гийн “Хохиролд 1.055.000 төгрөг хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-39, 40-41/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /жолооч аюул, саад тулгарсныг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, бусдын тээврийн хэрэгсэлд 1.055.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол мөнгөн хэлбэрээр нөхөн төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа, насны байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Гэвч торгох ялын хэмжээний хувьд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, тээврийн хэрэгсэлд 1.055.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шудрага ёсны зарчимд үл нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Б....ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хуушаан овогт ...ын ...ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б....ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР