Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 38

 

 

 

 

М.Ганзориг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой, М.Ганзориг нарт холбогдох эрүүгийн 201721010010 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хүрд овогт Хүдээгийн Ганмягмар,

Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй, Хүрд овогт Майхаагийн Ганзориг нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших Б.Хишгээгийн гэрийн гадна П.Гансүхийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Хүрд овогт Майхаагийн Ганзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Хүрд овогт Хүдээгийн Ганмягмарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Ганмягмарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар 4 тооны үхрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч Х.Ганмягмараас 749400 төгрөгийг гаргуулж хохирогч П.Гансүхэд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар өмгөөллийн хөлс 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд яллагдагч Х.Ганмягмар, М.Ганзориг нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас П.Гансүхийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Н.Ууганцэцэг, хохирогч П.Гансүх нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг мөрдөн байцаалтын явцад гэрч Ж.Пүрэвбаатар, Д.Даваасүрэн, П.Аригбөх, П.Ганцоож, З.Долгоржав, П.Энхдэлгэр, Б.Цэндхүү, Б.Бямцацогт нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Ганмягмар, М.Ганзориг нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас П.Гансүхийг бүлэглэн зодож М.Ганзоригийн үйлдлийн улмаас хохирогчид тархи доргилт хөнгөн гэмтэл Х.Ганмягмарыг өшиглөж, зүүн хавирга руу дэвссэний улмаас зүүн хавирганы зөрсөн хугарал гэмтэл учруулсан нь шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт, мөн шинжээч Б.Цэндхүүг байцаасан мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байхад шүүх шийтгэх тогтоолдоо М.Ганзориг нь Х.Ганмягмартай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Х.Ганмягмарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Хэрэв шүүгдэгч Х.Ганмягмарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэсэн бол 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байтал шүүгдэгч Х.Ганмягмарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтанд тулгуурлан гарч чадаагүй, шүүгдэгч М.Ганзоригийн үйлдлийг хэрхэн няцааж үгүйсгэж байгааг тусгаж чадаагүй, шийтгэх тогтоолд гэрч нарын мэдүүлгүүдийг дурдаж шүүгдэгч М.Ганзориг нь Х.Ганмягмартай бүлэглэн П.Гансүхийг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй гэрч хэн хэний ямар мэдүүлгээр хохирогч П.Гансүх, гэрч М.Ууганцэцэг нарт худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулж авсан тогтовортой өгсөн мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь

            Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

             Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1-т “шүүхийн шийтгэх тогтоолын  тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ”, шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт  “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, “ шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо,”  “ шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралатай , ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”,  “ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”,  “ хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулга” “шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл” зэргийг , харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “ шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндэрүүлэх нөхцөл байдлыг, цагаатгасан шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай зэргийг тус тус тусгахаар заажээ.

             Гэтэл шүүгдэгч Х.Ганмягмар, М.Ганзориг нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн  шийтгэх тогтоол нь дээрхи хуулийн шаардлагад нийцээгүйгээс гадна  хэргийн үйл баримтын талаар шүүхээс ямар нэгэн хуульзүйн дүгнэлт хийгээгүй байна.

              Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 38.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд  энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

             Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг дахин  хэлэлцүүлэхээр  Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа учир прокурорын эсэргүүцлийг энэ удаа хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож , хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

            2.Анхан шатны шүүхэд хэргийг очтол Х.Ганмягмар, М.Ганзориг нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээнг нь хэвээр хэрэглэсүгэй.

3.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧИД                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                    Б.ДАМБА