Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0144

 

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

           захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 749 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Э-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 713 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.7.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Э-оос, Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/260 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.Э-ийг тус газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг зохих журмын дагуу тооцон гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх”-ийг хариуцагчид даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

          Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо: “...    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0749 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1, 121.3.3, 121.3.4, 121.3.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн зэрэг үйлдэл гаргаж байгаад гүнээ харамсаж байна. Шүүх шударга байх ёстой, шүүгч гаргаж байгаа шийдвэр болгондоо хариуцлагатай хандаж байж шударга ёс тогтоно гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгүүдийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч Э.Э-ийн гаргасан гэх зөрчлийн талаар Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Э-ын гаргасан, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01-03/96 тоот илтгэх хуудсаар “Улсын байцаагч Э.Э нь ОХУ-ын иргэн Токарев Дмитрийтэй холбоотой зөрчил шалтгаан шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийсэн...” гэж дүгнэсэн атал Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Давааням дангаараа хяналт шалгалт явуулж гаргасан, 2020 оны 8 дугаар сарын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах, эсэх, улмаар байгууллагын ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх санал оруулсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Гадаадын иргэн, харьяатын газрын захиргаа, удирдлагын газрын дарга Д.Давааням нь Э.Э-ийн гаргасан гэх зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, нотлох баримтын хүрээнд дүгнээгүй байхад уг дүгнэлтийг үндэслэн Э.Э-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Тухайлбал, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам ”-ын 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараахь дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна”, 2.5.1-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүй тухай”, 2.5.2-т “сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэж заасан байхад Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д нь Э.Э-ийн гаргасан үйлдлийг Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхдээ сахилгын шийтгэл оногдуулах эсэх, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн асуудлыг байгууллагын Ёс зүйн зөвлөлд шилжүүлэх саналыг тус тус гаргасан нь дээрхи журмыг зөрчсөн байна....” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Хууль зүй , дотоод хэргийн яамны 2020 оны 08 дугаар сарын 06 - ны өдрийн “Гомдол шилжүүлэх тухай” 1-4/282 дугаартай албан бичгээр иргэн Л.Б-ийн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж гаргасан гомдлыг шийдвэрлэхийг харьяаллын дагуу шилжүүлсэн байсан. Уг гомдлыг шалгахыг Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Даваанямд цохолт хийсэн бөгөөд шалгалтыг ахлах мэргэжилтэн Ш.Э хийж 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01 03/96 дугаартай илтгэх хуудсыг танилцуулсан боловч хяналт шалгалтыг гомдлын дагуу хийж чадаагүй байсан. Ингээд хяналт шалгалтыг Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д нь удирдлагаас өгсөн үүргийн дагуу хяналт шалгалтыг нэг бүрчлэн хийж, нотлох баримтуудыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай” 01-09/104 дугаартай илтгэх хуудас бичсэнийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан дээр танилцуулж, хуралдаанаар гишүүд авч хэлэлцсэн. Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 87.5 хувийн саналаар хяналтын улсын байцаагч Э.Э-ийг төрийн албанаас халах саналыг дэвшүүлсэн тул түүнийг дахин байгууллагын ёс зүйн зөвлөлөөр авч хэлэлцэх шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл, хяналтын улсын байцаагч Э.Э-ийн асуудлыг даргын дэргэдэх зөвлөл авч хэлэлцээд асуудал шийдвэрлэгдсэн учраас түүнийг байгууллагын ёс зүйн зөвлөл рүү шилжүүлэх шаардлагагүй юм.

Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-09/104 дугаартай илтгэх хуудсандаа... Хяналтын улсын байцаагч Э.Э-ийн гаргасан үйлдлийг Даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар Хэлэлцүүлэн шийдвэрлүүлж сахилгын шийтгэл оногдуулах эсэх” гэж бичсэн ч уг хуралдаан дээр хяналтын улсын байцаагч Э.Э-ийг төрийн албанаас халах саналаа танилцуулсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүй талаар санал гаргаагүй, энэ талаар илгээх хуудсанд бичигдээгүй байгаа. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.5-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.

Байгууллагын даргын хувьд хяналтын улсын байцаагчийг ажилд томилох, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд ажлаас халах зэрэг арга хэмжээ авах эрх нь хуулиар олгогдсон учраас хууль журамд заасны дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон холбогдох хууль, журмыг үндэслэн хяналтын улсын байцаагч Э.Э-ийг төрийн албанаас халсан.

Эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01-03/96, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-09/104 дугаартай илтгэх хуудас болон Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Даргын дэргэдэх зөвлөл"-ийн 13 дугаартай хурлын тэмдэглэлээр тус тус нотлогдоно.

Үүнийг олон талын мэдлэг эзэмшсэн өндөр мэдлэг ур чадвартай шүүгч битгий хэл хууль мэдэхгүй энгийн иргэд хүртэл уншиж танилцахад ойлгогдохоор байгаа гэж үзэж байна. 

Гэтэл шүүх "01-03/96 тоот илтгэх хуудсаар... “Улсын байцаагч Э.Э нь ОХУ-ын иргэн Токарев Дмитрийтэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийсэн...” гэж дүгнэсэн атал,” гэж “...01-09/104 дугаар илтгэх хуудсанд Э.Э-ийг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах эсэх, улмаар байгууллагын ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх санал оруулсан нь ойлгомжгүй,” гэж зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, нотлох баримтын хүрээнд дүгнээгүй байхад уг дүгнэлтийг үндэслэн Э.Э-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй,” гэж “...Э.Э-ийн гаргасан үйлдлийг Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхдээ сахилгын шийтгэл оногдуулах эсэх, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн асуудлыг байгууллагын Ёс зүйн зөвлөлд шилжүүлэх саналыг тус тус гаргасан нь дээрхи журмыг зөрчсөн байна” гэж тус тус дүгнэлт хийж байгаад маш их гомдолтой байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Түүнчлэн уг журмын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан шалгаж тогтооно” гэж заасан байхад Захиргаа удирдлагын газрын дарга уг хяналт шалгалтыг биечлэн явуулсан нь журмын дээрхи заалтад нийцээгүй, өөрөөр хэлбэл хяналт шалгалт явуулах эрхгүй этгээд явуулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Э.Э нь Хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, түүний дээд шатны албан тушаалтны хувьд Хяналт шалгалтын газрын дарга нь, эсхүл тус байгууллагын Дотоод хяналтын газар нь тухайн асуудлыг шалгахаар байх тул Захиргаа удирдлагын газрын дарга Д.Давааням нь уг шалгалтыг явуулах эрх бүхий субьект биш.... " гэснийг эс зөвшөөрч байна .

Учир нь, Гадаадын иргэн, харьяатын газрын захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т зааснаар хяналтын улсын байцаагчийн дээд албан тушаалтан юм. Дээд албан тушаалтан энэхүү журамд зааснаар хяналт шалгалт хийх эрх олгогдсон байгаа учраас иргэний гаргасан гомдлыг байгууллагын даргын өгсөн үүргийн дагуу тухайн хяналт шалгалтыг хийж зөрчил дутагдлыг илрүүлсэн. Энэхүү журмаас үзэхэд шат дараалсан албан тушаалтан шалгалт явуулах талаар огт заагаагүй байгаа. Захиргаа, удирдлагын газрын дарга буюу дээд албан тушаалтныг шалгалт явуулж болохгүй гэсэн хориглосон хууль тогтоомж, журам байхгүй. Тэгэхээр Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д нь энэхүү журамд зааснаар хяналт шалгалт хийх дээд албан тушаалтан мөн.

Энэ нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тооны дээд хязгаар баталсан гуравдугаар хавсралт, Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалтын бүтэц, Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт, шалгалтын газрын албан хаагчдын томилгооны талаарх судалгаагаар тус тус тогтоогдож байгаа.

Гэтэл шүүх Захиргаа, удирдлагын газрын дарга уг хяналт шалгалтыг биечлэн явуулсан нь журмын дээрхи заалтад нийцээгүй,” гэж хяналт шалгалт явуулах эрхгүй этгээд явуулсан гэж үзэхээр байна” гэж “...түүний дээд шатны албан тушаалтны хувьд Хяналт шалгалтын газрын дарга нь, эсхүл тус байгууллагын Дотоод хяналтын газар нь тухай асуудлыг шалгахаар байх тул Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д нь уг шалгалтыг явуулах эрх бүхий субьект биш гэж тус тус дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх ямар ч үндэслэлгүйгээр дээрх журмыг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Үүнээс үзвэл нэхэмжлэгч Э.Э-оос ОХУ-ын иргэн Токарев Дмитрийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй” гэх үндэслэлээр саатуулах хүсэлт гаргасан нь дээрхи хууль болон түүний албаны чиг үүрэгт заасантай нийцсэн, уг хүсэлтийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хянан үзээд хангаж шийдвэрлэсэн, ийнхүү Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ОХУ-ын иргэн Токарев Дмитрийг албадан саатуулсан асуудал нь Хяналтын улсын байцаагчийн хүсэл зоригийн асуудал биш бөгөөд ийнхүү шүүхийн шийдвэрлэсэн асуудалд Э.Э-ийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь, Хуульд гадаадын иргэнийг саатуулах гурван үндэслэлийг тодорхой зааж өгсөн байгаа. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 д “ энэ хуулийн 35.2-т заасан хугацаанд гараагүй бол, 7 36.1.2-т “албадан гаргах ажиллагаанд саад учруулж, эсхүл гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргаж болзошгүй бол,” 36.1.3-т "паспорт буюу паспортыг орлох баримт бичиггүй, эсхүл хэн болох нь тогтоогдохгүй байгаа бол гадаадын иргэнийг саатуулж болно” гэж тус тус заасан. Хяналтын улсын байцаагч Э.Э ОХУ-ын иргэн Токарев Дмитрий Николаевичид Монгол Улсаас сайн дураараа гарахыг сануулаагүй, мөн албадан гаргах ямар ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байхад /өөрөөр хэлбэл, хяналтын улсын байцаагч Э.Э тухайн гадаадын иргэнийг албадан гаргах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй болох нь даргын дэргэдэх хуралдаан болон хяналт шалгалтаар тогтоогдсон/, түүнчлэн хэн болох нь тогтоогдож байхад дээрх хуулийг зөрчин гадаадын иргэнийг саатуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Тухайн гадаадын иргэнийг саатуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа хураан авсан гадаад паспортын хувийг хуульд заасан журмын дагуу хавсаргаагүй учраас шүүхээс гадаадын иргэнийг саатуулах тухай захирамж гаргах шалтгаан болгосон. Хэрвээ тухайн гадаадын иргэний бичиг баримтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана.” гэж заасны дагуу энэхүү зөрчлийн хэргийг бие даан явуулж байгаагийн хувьд ажлаа хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэсэн бол тухайн гадаадын иргэнийг саатуулах арга хэмжээ авах тухай хүсэлт гаргах шаардлагагүй байсан бөгөөд гаргасан хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хяналтын улсын байцаагч Э.Э нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт заасан “холбогдогчийн бичиг баримтыг хураан авч” тухайн гадаадын иргэнд эрх хязгаарлах арга хэмжээ авсан байдаг. Энэхүү үйл баримтын талаар шүүхэд үнэн зөв тайлбар, мэдээлэл өгч ажлаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй учраас түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм. Мөн хяналтын улсын байцаагч Э.Э нь ОХУ-ын иргэн Токарев Дмитрий Николаевичид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 00505016 тоот шийтгэлийн хуудсаар визийн хугацааг 636 хоног хэтрүүлсэн гэх үндэслэлээр 2 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гэтэл үүнээс өмнө албадан саатуулах ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс буюу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гадаадын иргэнээс 2 сая төгрөгийн торгуулийн төлбөрийг төлөхийг шаардсан байдаг. Өөрөөр хэлбэл, торгууль ногдуулаагүй байхдаа торгууль төлөхийг шаардсан, шийтгэлийн хуудсанд заасан гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад торгуулийн төлбөр төлөхийг шаардсан, торгуулийн төлбөр төлөхийг шаардах эрх бүхий субьект биш атлаа торгуулийн төлбөр төлөхийг шаардсан, торгуулийн төлбөрийг төлөөгүй учраас албадан гаргаж болохгүй байсан гэх үндэслэлээр албадан саатуулах хугацааг сунгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан зэрэг үйлдэл нь хууль тогтоомж, ажлын байранд заасан чиг үүрэг, өргөсөн тангарагаа ноцтой зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Хяналтын улсын байцаагч хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй.

Эдгээр нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа. Хэрэгт авагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн 13 дугаартай хуралдааны тэмдэглэлд хяналтын улсын байцаагч Э.Э нь яаж ийгээд 2 сая төгрөгийн торгуулийг төлүүлээд Монгол Улсаас албадан гаргах шаардлагатай байсан, бичиг баримтыг 06  дугаар сарын 09-ний өдөр хурааж авсан, ... тийм тэмдэглэл үйлдээгүй,... 14 хоног нь дуусчихлаа, албадан гаргах гэтэл 2 сая төгрөгөө төлж чаддаггүй, албадан гаргах боломжгүй болчихоод байна тэр болтол сунгах хэрэгтэй байна гэж хэлсэн,... Хоёр сая төгрөгийг төлтөл албадан гаргаж болохгүй болчихоод байгаа юм.... Төлбөрийг төлүүлэх гээд л явсан.... гэх зэрэг тайлбараар хууль зөрчиж хяналт шалгалт явуулсан болох нь хангалттай нотлогдож байна.

Гэтэл шүүх “...саатуулах хүсэлт гаргасан нь дээрхи хууль болон түүний албаны чиг үүрэгт нийцсэн, уг хүсэлтийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хянан үзээд хангаж шийдвэрлэсэн ...” гэж, “... албадан саатуулсан асуудал нь Хяналтын улсын байцаагчийн хүсэл зоригийн асуудал биш бөгөөд ийнхүү шүүхийн шийдвэрлэсэн асуудалд Э.Э-ийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж тус тус дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нөгөө талаар улсын байцаагч Э.Э-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, ОХУ-ын иргэн Токарев Дмитрийг албадан саатуулах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг улсын ахлах байцаагч Н.Д хянаж зөвшөөрөл олгосны дээр уг хүсэлтэд “бичиг баримтжуулах” гэсэн үг байхгүй нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түүний хүсэлтээр тогтоогдсоноос үзвэл хяналт шалгалтын явцад тогтоовол зохих ажиллагааг гүйцэд хийгээгүй гэж үзэхээр байна. Зүй нь шүүхэд Э.Э-ийн гаргасан гэх хүсэлтийг шалгалтын явцад нотлох баримтаар цуглуулж дүгнэх шаардлагатай байснаас гадна зөрчлийг шалгах ажиллагаа дуусгавар болоогүй үргэлжилж байсан, тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурорын зүгээс энэ асуудлаар ямар нэгэн хориг тавиагүй асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь буруу гэж үзнэ. ...” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Гадаадын иргэнийг саатуулсан хугацааг сунгах тухай” 05а дугаартай захирамжид “...тухайн иргэнийг бичиг баримтжуулах, буцах зардлыг шийдвэрлэх ажиллагаанууд хийгдэх шаардлагатай тул түүнийг саатуулах хугацааг 30 хоногоор сунгаж өгнө үү” гэж бичигдсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг үгүйсгэх боломжгүй . Хяналтын улсын байцаагч Э.Э ОХУ-ын иргэн Токарев Дмитрийн гадаад паспортын хуулбарыг шүүхэд гарган өгч зөрчлийн хэрэгт хавсаргаагүй учраас шүүх дээрх захирамжийг гаргасан гэж үзэж байгаа. Гэхдээ хяналтын улсын байцаагч Э.Э-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэд “торгууль болон буцах зардлыг шийдвэрлэх” гэж байгаа боловч тухайн гадаадын иргэнд торгуулийн шийтгэл ногдуулах шийдвэр гаргаагүй байсан. Өөрөөр хэлбэл, торгууль болон буцах зардлыг шийдвэрлүүлэхийн тулд хүнийг албадан саатуулах тухай үндэслэл Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд тус тус заагаагүй. Хяналтын улсын байцаагч Э.Э нь оногдуулаагүй торгууль шийтгэлийн мөнгийг төлүүлэх гэж 7 хоногийн өмнө албадан саатуулах санал өгсөн байдаг. Эдгээр нь хяналт шалгалтаар тогтоогдсон үйл баримт юм. Иймд шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.

5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Үүнээс үзвэл нэхэмжлэгч Э.Э-ийг ОХУ-ын иргэн Токарев Дмитрий Николаевичид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг ямар хуульд заасан ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөнийг иргэн Л.Баярмаагийн дээрх гомдолд дурдсан үндэслэлээр уг гомдлын хүрээнд шалгаж тогтоосон гэж үзэх учир дутагдалтай байна....” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Хяналтын улсын байцаагч Э.Э нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 5, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.4, 3, Зөрчлийн тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3.3, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.10, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг тус тус зөрчсөн болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, хяналтын улсын байцаагч Э.Э нь тухайн гадаадын иргэний бичиг баримтыг хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй, зөрчлийн хэрэгт бичиг баримтын хувийг хавсаргаагүй, бичиг баримтыг хураан авч эрх хязгаарлах арга хэмжээ авсан талаар шүүхэд мэдэгдээгүй, албадан саатуулах тухай хүсэлт гаргах шаардлагагүй байхад шүүхэд хүсэлт гаргасан, торгуулийн шийтгэл ногдуулаагүй байхдаа торгууль төлөхийг шаардсан, торгуулийн төлбөр төлөөгүй үндэслэлээр гадаадын иргэнийг албадан саатуулах тухай хүсэлт гаргах шалтгаан болгосон, албадан саатуулах ямар ч үндэслэл тогтоогдохгүй байхад албадан саатуулах хүсэлт болон хугацааг нь сунгуулах тухай хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан, тухайн зөрчлийн хэргийг бие даан явуулж чадаагүй, орчуулагчаар томилсон хяналтын улсын байцаагчаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгүүлсэн, байгууллагын жолоочийг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцуулсан гэх зэрэг зөрчил гаргасан болох нь түүний гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн өргөдөл, Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн 13 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0050516 дугаартай шийтгэлийн хуудас, Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-09/104 дугаартай илтгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдоно. Иймд шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Тухайлбал, шалгалтын дүгнэлтэд, “орчуулагч томилох эрхгүй атлаа тус байгууллагын Р.Зоригоог орчуулагчаар томилж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан” гэх тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.3-д холбогдогч нь "эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, хэлмэрч орчуулагч авах эрхтэй ” гэж заасан бөгөөд уг зөрчлийн эрх бүхий албан тушаалтны хувьд Э.Э нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 5/18004 тоот “Орчуулагч, хэлмэрч томилох тухай” тогтоол гаргаж, Р.Зоригоог ОХУ-ын иргэн Токарев Дмитрий Николаевичийн орчуулагчаар томилсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцжээ. ...” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Хяналтын улсын байцаагч Р.З-г тухайн зөрчлийн хэрэгт орчуулагчаар томилсон гэж буруутгаагүй. Харин тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчаар томилсон хэргийн оролцогчоор зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгүүлсэн нь буруу гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, орчуулагчаар томилогдсон хэргийн оролцогч тухайн хяналт шалгалтыг явуулсан.

Орчуулагч нь зөрчлийн хэргийг бие даан явуулах эрхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.10-т тодорхой заасан байгаа.

Энэ нь Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-09/104 дугаартай илтгэх хуудас, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн 13 дугаартай хуралдааны тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож байгаа.

Гэтэл шүүх зөвхөн орчуулагчаар оролцсон гэдэгт дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм.

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Түүнчлэн ОХУ-ын иргэн Токарев Дмитрий Николаевичийн бичиг баримтыг хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй гэх тухайд, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Э.Э нар нь ОХУ-ын иргэн Токарев Дмитрий Николаевичийн паспорт баримт бичигт үзлэг хийж Монгол улсад байх хугацааг 636 хоногоор хэтрүүлсэн гэх зөрчлийн хэргийг нээхээс өмнө түүний паспортыг хурааж авсан талаар тэмдэглэл үйлдээгүй нь тогтоогдож байна. Гэвч шалгалтын явцад, ийнхүү тэмдэглэл үйлдээгүйгээс шүүх бичиг баримтжуулах” гэсэн үндэслэлээр харгалзан саатуулах хугацааг сунгасан Шүүгчийн захирамж гаргахад нөлөөлсөн гэж дүгнэсэн боловч Э.Э “бичиг баримтжуулах үндэслэл”-ээр хүсэлт гаргаагүй нь тогтоогдсон болно.

Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.2-т зааснаар хяналтын улсын байцаагч нь “ гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх” эрхтэй байх бөгөөд уг эрхийн хүрээнд зөрчилд холбогдогч этгээдийн гадаадын иргэний паспортыг хадгалахаар авсан нь түүний албаны чиг үүрэгт нийцсэн, ийнхүү авахдаа тэмдэглэл үйлдээгүйн улмаас сөрөг үр дагавар үүсгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.... ” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь , Хяналтын улсын байцаагч Э.Э 2020 оны 06 дугаар сарын 09- ний өдөр хяналт шалгалт явуулж ОХУ-ын иргэн Токарев Дмитрий Николаевичийн гадаад паспортыг хураан авсан. Хураан авсан баримт бичгийг хадгалж болно. Гэхдээ тэмдэглэл үйлдэж, хуулбарыг зөрчлийн хэрэгт заавал хавсаргах ёстой байсан. Хэрвээ тухайн гадаадын иргэний бичиг баримтыг хураан авсан талаар тэмдэглэл үйлдээд, зөрчлийн хэрэгт хавсарган хуульд заасан журмын дагуу ажлаа хийсэн бол өнөөдөр тухайн гадаадын иргэний хувь заяа арай өөр байх байсан гэж үзэж байгаа. Хяналтын улсын байцаагч Э.Э тухайн гадаадын иргэнд эрх хязгаарлах арга хэмжээ авсан талаар шүүхэд үнэн зөв мэдээлэл хүргүүлээгүй, бичиг баримтыг нь хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүйн улмаас албадан саатуулах арга хэмжээ авагдаж, улмаар хүний амь нас хохирсон. Үүнд шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад маш их гомдолтой байна.

8. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Дээрхи шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар ОХУ-ын иргэн Токарев Дмитрий Николаевичийг албадан саатуулсан талаар Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан байна. Нэхэмжлэгч энэ үүргийг би хүлээдэггүй, ажлын байрны тодорхойлолтод ийм чиг үүрэг заагаагүй, ахлах улсын байцаагч хариуцна гэж маргаж улмаар нотлох баримтаар өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн бөгөөд уг баримтаас үзвэл энэ үйл ажиллагаа нь Э.Э-ийн хариуцах ажлын чиг үүрэгт хамаарахгүй гэж үзэхээр байна. Тухайлбал, шүүгчийн захирамжид тус үүргийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан байхад энэ үйл ажиллагааг тус газрын улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн хэн нь хариуцах чиг үүрэгтэй болохыг шалгалтын явцад нарийвчлан шалгаж тогтоогоогүй нь буруу....” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Гадаадын иргэнийг саатуулах хугацааг сунгах тухай” 05а дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2-т “Оросын холбооны Улсын иргэн, Токарев Дмитрийг саатуулсан хугацааг сунгасан талаар Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасугай” гэжээ.

Дээрх шүүгчийн захирамжийг гарснаас хойш 24 цагийн дотор Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байх бөгөөд үүнийг мэдэгдэх үүрэг нь Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт гэж заасан боловч тухайн зөрчлийн хэргийг бие даан явуулж байгаагийн хувьд хяналтын улсын байцаагч Э.Э-ийн хийж гүйцэтгэх ажил үүрэг юм. Харин хяналтын улсын байцаагчийн боловсруулсан баримтыг хянах эрх нь Хяналт шалгалтын газрын дарга болон хяналтын ахлах байцаагчийн хийж гүйцэтгэх ажил үүрэг байдаг.

Гэтэл хяналтын улсын байцаагч Э.Э нь шүүгчийн захирамжаар үүрэг болгосон хугацаанд ажил үүргээ хийж гүйцэтгэж чадаагүй байж би хийх ёсгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хяналтын улсын байцаагч Э.Э-ийн албан тушаалын тодорхойлолтод “Гадаадын иргэнийг шүүгчийн захирамжаар саатуулах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх, саатуулагдсан этгээдийн хувийн хэргийн бүрдлийг хангах, Эрхэлсэн ажлын чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хариуцаж, зөрчил дутагдал гарсан тохиолдолд хариуцлага хүлээх, хариуцсан ажлын чиглэлээр боловсруулан гаргасан албан бичгийг стандартын дагуу цэгцэлж, байгууллагын архивт хүлээлгэн өгөх” гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд хяналтын улсын байцаагч нь шалгаж байгаа хэргийн бичиг баримтыг боловсруулах, бүрдлийг хангах, ажлын чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хариуцаж, хариуцсан ажлын чиглэлээр боловсруулан гаргасан албан бичгийг цэгцэлж, архивт хүлээлгэн өгөх үүрэгтэй болохыг тодорхой зааж өгчээ. Гэтэл шүүх хяналтын улсын байцаагч Э.Э-ийн ажлын чиг үүрэгт хамаарахгүй байна гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй.

9. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Түүнчлэн уг дүгнэлтийн 3-д нэхэмжлэгчийг зөрчлийн хэрэгт орчуулагчаар Р.З-г 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/18-004 дүгээр тогтоол гаргаж томилсон нь буруу гэж үзсэн үү, эсхүл орчуулагчаар томилогдсон Р.З-оор өөрийн хийж гүйцэтгэх зарим үүргийг гүйцэтгүүлсэн нь буруу гэж үзсэн үү гэдэг нь тодорхой бус, энэ үйлдэл нь ямар хууль болон журмын заалтыг хэрхэн зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй байна гэж шүүх дүгнэв. ... ” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Хяналтын улсын байцаагч Р.З-г орчуулагчаар томилсон гэдэгт хяналтын улсын байцаагч Э.Э-ийг буруутгаагүй. Харин тухайн зөрчлийн хэрэгт орчуулагчаар томилсон хяналтын улсын байцаагч Р.З-оор тухайн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгүүлсэн. Жишээлбэл, хяналтын улсын байцаагч Р.З саатуулах байранд ганцаараа очиж тухайн гадаадын иргэнээс тайлбар, хүсэлт бичүүлж авсан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцуулсан, хэргийн материалыг танилцуулсан, шийтгэлийн хуудас танилцуулсан, торгуулийн 2 сая төгрөгийг төлөхийг шаардсан гэх зэрэг ажиллагаануудыг хийсэн байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "эрх бүхий албан тушаалтан, орчуулга хийх, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр оролцуулж болно” гэж заасан. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй” гэж, мөн хуулийн 10.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, түүнчлэн орчуулга хийж, хэлмэрчилж болохгүй бусад байдал илэрвэл орчуулагч, хэлмэрчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй” гэж тус тус заасан учраас орчуулагчаар томилогдсон хэргийн оролцогч зөрчлийн хэргийг биечлэн гүйцэтгэж болохгүй гэж тодорхой заасан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлыг эрүүгийн процессын хуулиар зохицуулж болохоор хуульчилсан. Тэгэхээр дээрх хуулийн заалтыг хяналтын улсын байцаагч Э.Э зөрчсөн болох нь тогтоогдож байгаа юм. Гэтэл шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

10. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Уг хурлын тэмдэглэлд “...Э.Э нь 07 дугаар сарын 09-ний өдөр Токарев Дмитрий Николаевичийн гадаадын иргэний паспорт, баримт бичгийг өгөөгүйгээс гомдол гаргагч Л.Б-ийн, “07 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрүүдэд эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй, боломжгүй байсан гэх гомдол тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал иргэн Л.Б-ийн өргөдөлд “... баривчлах байрны орчин нөхцөл муу, эмнэлгийн тусламж хангалтгүй, эмч нь удаан хугацаагаар ээлжийн амралттай байсан гэх шалтгаанаар, халуун усны өрөөний цонх шилгүй, нэвт салхилж... хатгалгаа авсан, 07 сарын 10-16-ны өдрүүдэд бүгд амарсан, хүлээж авах, тусламж үзүүлэх газар олдоогүй, 15-ны өдөр яаралтай тусламж дуудсан, “Улаанбаатар интермэд” эмнэлэгт хандсан боловч төлбөр маш өндөр, сайд нарын 2-р эмнэлэг ор байхгүй гээд аваагүй, 17-нд эмнэлэгт хэвтсэн ..." гэж дурдсанаас үзвэл зөвхөн Э.Э-ийн үйлдлээс шалтгаалж эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй гэх боломжгүй, гомдолд дурдсан нөхцөл байдлыг гүйцэд хангалттай шалгаж тогтоогоогүй байна ....” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Хэрвээ хяналтын улсын байцаагч Э.Э нь ОХУ-ын иргэн Токарев Дмитрий Николаевичийг албадан саатуулах байрнаас хуульд заасан журмын дагуу өөрөө гаргаж авсан бол түүнийг энэ үндэслэлээр буруутгахгүй байсан . Гэтэл албадан саатуулах байрнаас гадаадын иргэнийг гаргахдаа өөрөө очиж аваагүйгээс болж, тухайн гадаадын иргэний бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүй байдаг. Бичиг баримтыг нь өгөөгүйгээс болоод тухайн гадаадын иргэн эмнэлгийн тусламж авах боломж хязгаарлагдсан байдаг. Харин тухайн гадаадын иргэнийг саатуулах байрнаас байгууллагын жолооч Л.Г гаргаж авсан болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Үүнийг хяналтын улсын байцаагч Э.Э хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хяналтын улсын байцаагч Э.Э-ийн гаргасан алдааг харахгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

11. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хяналтын улсын байцаагч Э.Э-ийн гаргасан гэх сахилгын зөрчлийг шалгах эрхгүй этгээд шалгалтыг явуулсны дээр Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39.1.2-д "албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.... хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. ....” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Гадаадын иргэн , харьяатын газрын захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т зааснаар хяналтын улсын байцаагчийн дээд албан тушаалтан мөн. Дээрх журамд заасны дагуу иргэн Л.Б-ийн гаргасан гомдлыг байгууллагын даргын өгсөн үүргийн дагуу хяналтын улсын байцаагч Э.Э-ийн шалгасан 2002000311 дугаартай зөрчлийн хэрэгт хяналт шалгалт хийж явуулсан. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадаагүй, өргөсөн тангаргаа зөрчсөн учраас түүнийг хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас халсан. Эдгээр нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. Гэтэл шүүх шалгалт хийх эрхгүй этгээд шалгалтыг явуулсан, хууль зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

12. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...сахилгын шийтгэлгүйд тооцогдох хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгааг дурдах нь зүйтэй....” гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь, Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй." гэсэн тайлбар өгсөн учраас түүнийг ажиллаж байх хугацаандаа хоёр удаа сахилгын шийтгэл авч байсан талаар холбогдох баримтыг хариу тайлбарын хамт шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүхийн үндэслэл болгоод байгаа баримтыг хяналтын улсын байцаагч Э.Э-ийг ажлаас халахдаа баримтлаагүй. Гэхдээ хяналтын улсын байцаагч Э.Э нь ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж байсан, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглах үйлдэл гаргаж байсан нь эдгээр баримтуудаар нотлогдоно. Иймд шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй юм.

13. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт түүнд шүүх хуралдааны товыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 50 минут, 13 цаг 12 минут, 13 цаг 37 минутад тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ... "гэснийг эс зөвшөөрч маш их гомдолтой байна.

Учир нь, шүүгчийн туслах Т.Б 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг 13 минутад 99673151, 88053725 дугаарын утаснаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-н 99070100 дугаарын утас руу “шүүхээс ярьж байна. Эргэж залгаарай” гэсэн мессеж илгээсэн байсан. Ингээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С 11 дүгээр сарын 27-ны орой 20 цаг 10 минутад 99673151 дугаарын утас руу залгахад шүүгчийн туслах Т.Б шүүх хуралдаан зарласан 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минутад товлосон санагдаж байна. Би гэртээ байна. Тийм, тийм та шүүх хуралдаанд биечлэн оролцох уу, онлайнаар оролцох уу гэж асуусан. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэхэд нь хүмүүс харин дандаа л биечлэн оролцоно гээд байна” гээд утсаа салгасан байсан. Түүний дараа 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 14 минутад 99673151 дугаарын утаснаас 99070100 дугаарын утас руу залгасан байсан бөгөөд буцаагаад 11 цаг 21 минутад 99673151 дугаарын утас руу залгахад шүүгчийн туслах “та шүүх хуралдаанд биечлэн оролцох уу, онлайнаар оролцох уу” гэж дахин асуусан. Би шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэдгээ хэлсэн ш дээ” гэж хэлэхэд за за гээд утсаа салгасан байдаг. Гэтэл шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 50 минутад хийсэн байна.

Харин шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн гэж дүгнэлт хийсэн шүүх хуралдааны товыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 50 минут, 13 цаг 12 минут, 13 цаг 37 минутад тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй,..." гэж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр өдөр, цаг, минутад шүүхээс шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй. Ийм үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад маш их гомдолтой байна.

Түүнчлэн шүүх уг захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11:30 цагт товлосон боловч тухайн өдөр соvіd-19 Монгол Улсад дотоодод бүртгэгдсэний улмаас Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоосон байсан. Ингээд тухайн өдрийн өглөө шүүгчийн туслах Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С утсаар холбогдож ярихад бүх шүүх хуралдааныг хойшлуулж байна. Ирэх шаардлагагүй гээд утсаа салгасан байдаг. Гэхдээ энэхүү шүүх хуралдаанд ирэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-аас Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын элчин сайдын яам руу явуулсан хоёр ширхэг баримтыг шүүгч нотлох баримтаар авч ир гэж хэлсэн шүү гээд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ыг шүүх дээр очиход шаардсан байсан. Шүүх нотлох баримтыг хэргийн оролцогч нараас амаар болон бичгээр шаардах эрхтэй. Ингээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгууллага дээр ирж Гадаадын иргэн, харьяатын газраас Оросын холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд хүргүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/1135 дугаар албан бичиг, Оросын холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Консулын хэлтэст хүргүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 05/1205 дугаартай албан бичгийг тус тус хуулбарлан авч байгууллагын хуулбар үнэн тэмдэг даруулж шүүхэд өгөхөөр авч явсан. Гэтэл шүүх шаардсан нотлох баримтуудаа авалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн байна. Энэ талаар шүүгчийн туслахаас итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэр гардаж авахдаа асуухад “... тийм, баримтууд ирээгүй билүү гэж байгаа нь” шүүх баримт шаардсан, шаардсан баримтаа авалгүйгээр шүүх хуралдаан хийсэн болох нь тогтоогдож байна.

Мөн шүүх Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/260 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэгч Э.Э-ийг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 дугаартай тушаалаар ажлаас халсан болно. Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газраас маргаан бүхий захиргааны актыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж хүргүүлсэн. Энэхүү тушаал дээр Б/250 дугаартай тушаал болох нь тодорхой харагдаж байгаа.

Шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, хууль тогтоомж, журмыг буруу тайлбарлаж байгаад маш их гомдолтой байна .

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0749 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 749 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан гомдлын дагуу хянав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Э нь  “...Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/260 дугаар тушаалыг хүчингүй болгож, хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу тодруулах, өөрөөр хэлбэл, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь төрийн захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэрхэн зөрчигдсөн, түүнийгээ захиргааны хэргийн шүүхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан аль шийдвэрийг гаргуулж, хэрхэн сэргээхийг хүсч байгааг тодруулах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан дээрх ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/260 тоот тушаалыг хүчингүй болгох” гэж тодорхойлж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч уг маргаан бүхий акт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болохыг шүүх анхаараагүй нь нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх эрх олгогдоогүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/260 тоот тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүх эдгээр зөрчлийг арилгаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 749 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                  

 

ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

      ШҮҮГЧ                                              Э.ЗОРИГТБААТАР