| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2016/00285/И |
| Дугаар | 146/ШШ2017/00004 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 146/ШШ2017/00004
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, 5 дугаар багт оршин суух, 1973 онд төрсөн, 43 настай, Боржигон овгийн Сосорбурамын Чанцалдулам /РД:ЙЗ73072006/-ийн хүсэлттэй,
Хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Чанцалдулам, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Чанцалдулам шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “....С.Чанцалдулам миний бие Л.Лхагватай 1998 оны 10 дугаар сард гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Гэвч гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Манай нөхөр Л.Лхагва нь 2016 оны 10 дугаар сарын 12-нд нас барсан. Л.Лхагва бид хоёрыг хамтран амьдарч байсныг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч С.Чанцалдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Л.Лхагватай 1998 оноос гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Гэвч гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Манай нөхөр Л.Лхагва нь 2016 оны 10 дугаар сарын 12-нд өвчний улмаас нас барсан. Иймд Л.Лхагва бид хоёрыг хамтран амьдарч байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Чанцалдулам нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
С.Чанцалдулам, Л.Лхагва нар 1998 оноос 2016 он хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан ба нөхөр Л.Лхагва нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баян-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Э.Насанцогт, Л.Дорждэрэм, Л.Ичинхорлоо нарын мэдүүлэг, Харваач овгийн Лутын Лхагвыг нас барсны ¹0000162168 тоот нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрч Э.Насанцогт, Л.Дорждэрэм, Л.Ичинхорлоо нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.
Гэрч Э.Насанцогт, Л.Дорждэрэм, Л.Ичинхорлоо нар нь хүсэлт гаргагч С.Чанцалдуламтай Л.Лхагва нь хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд хүү Л.Энхбаяр, хүү Л.Эрхэмбаяр, хүү Л.Өсөх-Ирээдүй нар төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь хүсэлт гаргагчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа байдал, хүү Л.Өсөх-Ирээдүй төрсний гэрчилгээний хуулбарт эцэг Л.Лхагва гэж бичигдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар Харваач овгийн Лутын Лхагва, Боржигон овгийн Сосорбурамын Чанцалдулам нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Э.Насанцогт, Л.Дорждэрэм, Л.Ичинхорлоо нарын мэдүүлэг, Харваач овгийн Лутын Лхагвыг нас барсны ¹0000162168 тоот нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар Харваач овгийн Лутын Лхагва, Боржигон овгийн Сосорбурамын Чанцалдулам нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА