| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/00501/и |
| Дугаар | 0034 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 0034
| 2016 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/00034 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 16 дугаар байрны 45 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧЙ 72030600, Батжаргал овогт Цолмонгийн Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 13 дугаар байрны 67тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ВЭ 75021519, Дайчин Ван овогт Шаравын Ёндонсүрэнд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 24 225 000төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрцайх, хариуцагч Ш.Ёндонсүрэн, түүний өмгөөлөгч Т.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Үүрцайх шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Гэрэлт-Од 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Ёндонсүрэнтэй зээлийн гэрээ хийж, түүнд 17 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байгаа.Гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дууссан ба зээлдэгч Ш.Ёндонсүрэн зээлийн хүүг төлсөн боловч үндсэн зээлийн төлбөрийг төлөхгүй байна.Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн 105 хоногийн алдангид 8 925 000 төгрөгөөс сүүлд төлсөн 1 700 000 төгрөгийг хасаад алдангид 7 225 000 төгрөг, үндсэн зээлийн 17 000 000 төгрөг нийт 24 225 000 төгрөгийг Ш.Ёндонсүрэнгээс гаргуулна гэв.
Хариуцагч Ш.Ёндонсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ц.Гэрэлт-Одтой 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ хийж, түүнээс 17 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж аваад Б.Золжаргал, З.Мягмарсүрэн нарт өгсөн, би нэг ч төгрөг аваагүй, 7 сард зээлийн гэрээний хугацаа дуусахад З.Мягмарсүрэнгээс мөнгөө төл гэхэд мөнгө байхгүй гэх болсон, Ц.Гэрэлт-Од надаас мөнгө нэхэх болсон.Ц.Гэрэлт-Одод 3 сарын зээлийн хүг бүрэн төлсөн, сүүлд өгсөн 1 700 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулна, алданги төлөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од хариуцагч Ш.Ёндонсүрэнд холбогдуулан үндсэн зээлийн 17 000 000 төгрөг, алданги 7 225 000 төгрөг нийт 24 225 000 өгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж байна.
Дараах үндэслэлээр Ц.Гэрэлт-Одын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Ц.Гэрэлт-Од 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Ёндонсүрэнд 17 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох тэдний хооронд хийгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Ш.Ёндонсүрэн зээлийн гэрээний үүргийн 3 сарын хүү болон 2016 оны 8 дугаар сард 1 700 000 төгрөгийг Ц.Гэрэлт-Одод эргүүлэн төлсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байх боловч Ц.Гэрэлт-Од нь 3 сарын зээлийн хүүг авсан, 1 700 000 төгрөгийг алдангид тооцож авсан гэж байхад Ш.Ёндонсүрэн 1 700 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулж тооцно гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд “хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болно” гэж заасан атлаа нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан байдаг тул талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 4 дүгээр заалтаар зээлдэгч Ш.Ёндонсүрэн зээлийн мөнгийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлбэл 0,5 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл талууд гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцоно гэж тохироогүй байх бөгөөд дээрх гэрээний заалтаар алдангийг хэдийнээс тооцох, ямар үүргээс, ямар үечлэлээр тооцох нь тодорхой бус байна.
Харин зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 4 дүгээр заалтын агуулгаас харахад талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т заасан анзыг тохирсон байна гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчийн 2016 оны 8 дугаар сард нэхэмжлэгчид төлсөн 1 700 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр 17 000 000 төгрөгөөс хасч, үлдэгдэл 15 300 000 төгрөгт 0,5 хувиар алданги тооцож нийт 15 376 500 төгрөгийг Ш.Ёндонсүрэнгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Шаравын Ёндонсүрэнгээс 15 376 500 /арван таван сая гурван зуун далан зургаан мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Цолмонгийн Гэрэлт-Одод олгож, нэхэмжлэлийн шаардагаас үлдсэн 8 848 500 /найман сая найман зуун дөчин найман мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ёндонсүрэнгээс 234 832 /хоёр зуун гучин дөрвөн мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан Ц.Гэрэлт-Одод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН