| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1189/Э |
| Дугаар | 1184 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1184
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Л.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908038661579 дүгээр хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, нийтийн байранд түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Хонгороохон овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Л.... нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн” бааранд иргэн Ц....ийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн бугалганд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1908038661579 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц....ийн: “...2019 оны 7 дугаар сарын 05-ны 22 цагийн орчим манай бааранд үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирсэн. Эрэгтэй нь нилээд согтолттой, урьд өмнө нь манай бааранд үйлчлүүлж байхдаа хүмүүстэй маргалдаж байсан, зан характер муутай хүн байхаар нь “манайх танд үйлчлэхгүй, та нилээд согтуу байна” гэж хэлсэн. Тэр хоёр хүн бүжгийн талбай дээр бүжиглээд байсан. Нөгөө залууд хандаж “би танд үйлчлэхгүй гэсэн шүү дээ, та одоо гар” гэж хэлтэл нүүр лүү алгадах гээд оноогүй. “Та яаж байна, одоо гар” гэтэл хоёр гарын булчингаас базаад шалан дээр саваад унагаасан. Толгойны ар дагзаар плитан шалан дээр савж унагаасан. Шууд гараад явахаар нь араас нь очоод “Та яагаад намайг зодчихоод явах гэж байгаа юм” гэхэд ахиад мөрнөөс татаад хана толгойгоор мөргүүлсэн. Манай бааранд үйлчлүүлж байсан хүмүүс бариад баар луу оруулаад цагдаа дуудсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ. ..” гэх мэдүүлэг /хх-19/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.09-ний өдрийн 8362 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2.Ц....ийн биед зүүн бугалганд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6.7.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-28/,
Гэрч Л....ын: “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би хамтран амьдрагч ...ийн хамт 20 цагийн үед “Хэрлэн” бааранд орсон. Бид хоёр “пиво авъя” гэтэл зөөгч нь “согтуу хүнд үйлчлэхгүй” гэж хэлсэн. ...Тэгээд бид хоёр жаахан сууж байтал нөгөө зөөгч эмэгтэй “үйлчлэхгүй гэсэн биз дээ, гар” гээд ...ийн куртикнийх нь баруун мөр хэсгээс чангаасан. Би “Чи аятайхан ярьчихаач, би аваад гарчихна, би эрүүл байна, адилхан согтуу хүмүүс зөндөө л байхад” гэж хэлсэн. Гэтэл ... тэр эмэгтэйтэй барьцалдаж аваад ноцолдож байтал зөөгч эмэгтэй сандалд тээглээд уначих шиг болсноо толгой гээд орилоод босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-25-26/,
Шүүгдэгч Л....ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 05-ны 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Хэрлэн” бааранд хамтран амьдрагч Жаргалтай хамт орсон. Бармен хүүхэн “танд би үйлчлэхгүй, гар зайл” гэхээр нь “надаас өөр зөндөө согтуу хүн байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл “архичин, гуйлгачин минь гар зайл” гээд байсан ...Тухайн үед би дунд зэргийн согтолттой байсан болохоор бүжгийн талбай дээр бүжиглээд байж байтал намайг татаад байхаар нь хоёр булчингаас нь бариад базаад, хоёр гарыг базаж байгаад, доошоо дарж уг эмэгтэйг ар дагзаар нь савж унагаасан. Уур хүрээд гараад явах гэтэл намайг гаргахгүй байхаар нь уурлаад мөрнөөс нь татаад хана толгойгоор нь мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-48-49/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “Л.... нь хохирогч Ц....т 250.000 төгрөг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-53/, яллагдагч Л....ийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-55/, хохирогчийн “Эмчилгээний зардалд 250.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-56/, прокурорын “Л....т 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна” гэх санал /хх-63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. 250.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.... согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Хэрлэн” бааранд иргэн Ц....ийг зодож, зүүн бугалганд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц....ийн “...Нөгөө залууд хандаж “би танд үйлчлэхгүй гэсэн шүү дээ, та одоо гар” гэж хэлтэл нүүр лүү алгадах гээд оноогүй. ...булчингаас базаад шалан дээр саваад унагаасан. Толгойны ар дагзаар плитан шалан дээр савж унагаасан. ...ахиад мөрнөөс татаад хана толгойгоор мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Л....ын “...... тэр эмэгтэйтэй барьцалдаж аваад ноцолдож байтал өнөөх зөөгч эмэгтэй сандалд тээглээд уначих шиг болсноо толгой гээд орилоод босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүх эмнэлгийн 8362 дугаар “1.2.Ц....ийн биед зүүн бугалганд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6.7.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжилгээ /хх-28/, шүүгдэгч Л....ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би дунд зэргийн согтолттой байсан. Бүжиглээд байж байтал намайг татаад байхаар нь хоёр булчингаас нь бариад хоёр гарыг базаж байгаад, доошоо дарж уг эмэгтэйг ар дагзаар нь савж унагаасан. Уур хүрээд гараад явах гэтэл намайг гаргахгүй байхаар нь уурлаад мөрнөөс нь татаад хана толгойгоор нь мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-48-49/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л....ийн согтуурсан үедээ, хохирогч Ц....ийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “... нь 250.000 төгрөг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-53/, хохирогчийн “...оос эмчилгээний зардалд 250.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-56/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л....т 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Сайн дураараа нийгмийн даатгал төлж байгаа тул тодорхой орлого олдог гэж үзэн торгох ял оногдуулах санал гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, олон нийтийн газар маргаан үүсгэж, хохирогчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 250.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л....ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг тус тус үндэслэн шүүгдэгч Л....ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.... цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хонгороохон овогт ...ын ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л....ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л....ийг 460.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.... цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР