Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

 

 2020         04           09                                                  2020/ШЦТ/108

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Гд холбогдох 1921008610046 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................... ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. овогт Г. /РД: ......................../

 

Шүүгдэгч Г нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут” гэх газарт Toyota Allion маркийн 32-38 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалт, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э, С нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирч, О-ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Гд гомдолтой байна. Манай бэр 2 хүүхэдтэйгээ үлдлээ. Цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй л байна. Г оршуулгын зардлын мөнгийг бүрэн өгсөн. Би Гаас цаашид мөнгө нэхэмжлэх эсэхээ мэдэхгүй байна. Одоогийн байдлаар хохиролтой холбоотой нотлох баримт байхгүй байна. Би бэр, ач нараа ойрын хугацаанд байртай болгуулах саналтай байна. Миний бодлоор шүүгдэгчид заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

 

Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би машиныг нь Анхбаяр ахаас аваад талийгаачийнд очиход Г нь хамт явна гэсэн, мөн талийгаачийн найз Э хамт явна гэсэн. Хотоос гарахдаа талийгаач нь хол замд явж байгаа юм чинь арай настай, туршлагатай нь Г байна, Г машинаа барьчих гэсний дагуу машиныг Г жолоодож, би хажууд нь суун, арын суудал дээр талийгаач, Э гэх хоёр хүн суусан. Ингээд замдаа талийгаачийн төрсөн өдөр гээд Э ах, талийгаач 2 пиво ууж явсан. ...Ингээд Булган сумын ойролцоо явж байхад машин гэнэт замын хажуу талын шороон замын хөвөө рүү ороход би хөөе Г ах гээд биед нь хальт хүрсэн чинь Г ах жолоогоо буцаж дарахад машин бөгсөө хаяад шарвасан, хурд нь удаашраад зогслоо гэж бодоход гэнэт шидэгдээд замын урд тал руу унаад хэд хэдэн удаа хөрвөөсөн. Тэгээд нэг сэрэхэд Г ах зүгээр үү гэж байсан мөн арагш хараад нөгөө хоёр чинь хааччихваа гээд машинаас буусан, би хамгаалалтын бүсээ тайлаад буух гэхэд толгойноос цус гараад ухаан балартсан, тэгээд юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

 

Иргэний нэхэмжлэгч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн зам тээврийн осолд орсон Аллион маркийн тээврийн хэрэгсэл нь миний худалдаж авсан миний эзэмшлийн авто машин байсан ба 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарын дагуу Н гэх хүнээс худалдаж аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан юм аа. ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/

 

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 154 дугаартай дүгнэлтэд:.

            1.О-ын цогцост цээж, хэвлийн хөндийн эрхтэнүүдийн хавсарсан гэмтэл, баруун 1-7 дугаар хавирганы хугарал, зүүн 1-11 дүгээр хавирганы хугарал, хугарал орчмын гялтан, булчингийн цус хуралт, уушгины эдийн цус хуралт, баруун уушгины эдийн цус хуралт, элэгний эдийн бяцрал, язрал, дэлүүний эдийн бяцрал, өрцний урагдал, цус хуралт, гол судасны цус хуралт, 2 талын бөөрний өөхөн эдийн цус хуралт, ходоодны урд ханын цус хуралт, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт /1700мл/ , сээрний 3-р нугалмын их биеийн хугарал, баруун чамархайн булчингийн цус хуралт, хуйханд орой хэсгийн няцарсан шарх, духны зулгаралт, баруун хацар, уруул орчмын няцарсан шарх, хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зүүн хацрын зулгаралт, дээд уруулын цус хуралт, эрүү, хүзүүний цус хуралт, цээжний зулгаралт, цус хуралт, цээж, хэвлийн зулгаралт, баруун ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Баруун 1-7 дугаар хавирганы хугарал, зүүн 1-11 дүгээр хавирганы хугарал, хугарал орчмын гялтан, булчингийн цус хуралт, уушгины эдийн цус хуралт, баруун уушгины эдийн цус хуралт, элэгний эдийн бяцрал, язрал, дэлүүний эдийн бяцрал, өрцний урагдал, цус хуралт, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт /1700мл/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, сээрний 3-р нугалмын их биеийн хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

            4.Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            5.Талийгаач дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

            6.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

            7.Талийгаач В III бүлгийн цустай байна. /хх-ийн 65-66/

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай дүгнэлтэд:

 

1.ЦЕГазрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /....................../ регистрийн дугаартай ................ овогтой Г нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 265237 дугаартай жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй байна.

2.Жолооч Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалт тус тус зөрчсөн байна.

3.Жолооч Г нь аранхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн замын хөдөлгөөнд аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчиж яваагүйн улмаас зам тээврийн осол болох гол шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй.

4, 5.Хэрэг, ослын газарт очсон ЗЦТасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улз хэргийн газрын үзлэгийн дүгнэлтэд жолооч Г жолоодож явсан Тоёота аллион маркийн 32-38 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзсэн тул тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ гэжээ. /хх-ийн 75-76/

 

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/

-Зам тээврийн ослын үзлэгийн схем зураглал /хх-ийн 10/

-Зам тээврийн осолд холбогдсон Toyota Allion маркийн 32-38 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/

-Гэрч Э-ийн мэдүүлэг /хх-ийн 41-42/

-Яаралтай тусламжийн хуудас, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 59-60/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 63-64/

-Вендо хөрөнгийн үнэлгээний компаний автомашин техникийн үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16224147 дугаартай тайлан /хх-ийн 79/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 103-116, задгай 1 хуудас/

- Шүүгдэгч Гы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-92/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Г нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут” гэх газарт Toyota Allion маркийн 32-38 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалт, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ  хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ЛС-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А, гэрч О.С, Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын үзлэгийн схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон Toyota Allion маркийн 32-38 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 154 дугаартай дүгнэлт, Вендо хөрөнгийн үнэлгээний компаний автомашин техникийн үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16224147 дугаартай тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Гд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Гыг автотээврийн хэрэгслийг жолоодож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Гыг автотээврийн хэрэгслийг жолоодож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч А-т авто машины техникийн эвдрэлийн шууд зардалд 7995000 төгрөг, шууд бус зардалд 2067000 төгрөг, нийт 10242000 төгрөгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн энэ гэмт хэргийн улмаас О-ын амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С-т шүүгдэгчээс 8000000 төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Гы ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .................. овогт Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг жолоодож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Гыг тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Гд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Гы .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ