Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1185

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,  

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Д...., өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Э...., өмгөөлөгч З.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д...., Э.... нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908030201111 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5 дугаар баг, Дулааны ...тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 2 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Сэргэлэн гүн овогт ...ийн ... /РД:.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, өвөө, эх, дүү, хамтран амьдрагч нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ...тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Зүүн хөхийн гөрөөчин овогт ...гийн ... /РД:.../.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.... нь Д....тай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонгконг зочид буудлын гадаа иргэн Б....т хүч хэрэглэж, Самсунг Эс-6 маркийн гар утас, бэлнээр 28.000 төгрөгийг дээрэмдэн, нийт 138.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Д.... нь Э....тай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонгконг зочид буудлын гадаа иргэн Б....т хүч хэрэглэж, Самсунг Эс-6 маркийн гар утас, бэлнээр 28.000 төгрөгийг дээрэмдэн, нийт 138.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 70.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Тэр өдөр бааранд хохирогч над руу доромжлоод, дайраад байсан. Хохирогчийн гар утсыг ... авсан байсан. Дараа нь надад өгснийг би аваад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1908030201111 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б....ын: “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өглөөний 04 цагийн үед харих санаатай Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Хонгконг” зочид буудлын ард явж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёртой таараад эмэгтэй нь надаас “чи нөгөө бааранд байсан залуу байна” гэхээр нь би “үгүй, хүн андуураад байна” гэж хариулаад явж байхад араас хүзүү рүү цохиод авсан. Би эргээд харахад эрэгтэй нь намайг цохисон байсан. Би “чи яаж байгаа юм” гэж асуухад “яадаг юм” гэсэн. Би нөгөө эрэгтэйтэй ноцолдоход эмэгтэй нь халааснаас гар утас, 28.000 төгрөг аваад зугтаасан. Эмэгтэй нь 160-165 см өндөртэй махлаг, бүлтгэр нүдтэй, шардуу царайтай, хар өнгийн савхин куртиктэй, 20-25 орчим насны, хар царайтай, 165-170 см өндөртэй саарал, өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн малгайтай 30-35 орчим насны эрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Хохирогч болох Б.... нь 1 дугаарын этгээдийг шууд зааж харуулав. Би харвал шууд танина. 165-170 см өндөртэй, бор царайтай, хар өтгөн хөмсөгтэй зэргээр нь таньж байна...

...Хохирогч болох Б.... нь 1 дугаар этгээдийг шууд зааж харуулав. 165-170 см өндөр, шар царайтай махлаг биетэй, бүлтгэр нүдтэй эмэгтэй мөн байна...” гэх /хх-21-23/,  

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.06.11-ний өдрийн СХД3-19-448 дугаар тайланд: “Samsung S6 маркийн хуучин хэрэглэж байсан утас 110.000 төгрөг, мөнгө 28.000 төгрөг. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019.05.10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 138.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-25-26/,

Шүүгдэгч Э....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 28-ны үүрийн 04 цагт найз ... “би нөхөр ...тэй /... хоч/ муудалцаад явж байна, хүрээд ирээч, “Кензо” баарнаас гараад явж байна” гэсэн. Бид хоёр 8 дугаар байрны ойролцоо буюу Хонгконгийн ард талд байх мотелийн хажууд уулзсан. Тэр үед нэг залуу байсан. Тэр залууг ... “энэ надтай бааранд муудалцсан залуу байна, над руу томроод гэсэн билүү, “оролдоод гэсэн билүү” нэг юм хэлсэн. ... очоод нэг алгадсан. Нөгөө залуу нь ... руу дайрсан. Тэгэхээр нь “эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд шууд нөгөө залууг барьж аваад тонгорч унагаасан. Би дээр нь гараад сууж байсан. Тэр үед ... нөгөө залуугийн утсыг халааснаас нь аваад шууд цаашаа явсан. Би харсан. Нөгөө залуу “миний утсыг саяны хүүхэн авчихлаа” гээд надтай ноцолдоод, зодолдож миний духыг халцалсан. Би зугтаагаад ...гийн байгаа “Топаз” буудлын 2 давхарт байдаг өрөөнд очсон. Ороход ... сууж байсан. Би тухайн үед цагаан цамцтай байсан, цамц нил цус болсон байсан. ...Тэр үед ...д утас нь байсан. ...Танихгүй хүнд нөгөө утсыг 40.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-43-46/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Б....ын өргөдөл /хх-3/, гэрч Б....ийн мэдүүлэг /хх-49-50/, гэрч С....ын мэдүүлэг /хх-51-52/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53, 54/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76, 78/, Д....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-79/, гэрлэлт “бүртгэлгүй” лавлагаа /хх-80/, эд хөрөнгө “бүртгэлтэй” лавлагаа /хх-81/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-82/,

мөн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Баттулгаас гаргаж өгсөн хохирол төлсөн тухай банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгч Э.... хохиролд 70.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Д.... хохирол төлөөгүй тул 68.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ганчимэг “Шүүгдэгч Э.... гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “Шүүгдэгч Д.... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул өмгөөлөгчийн хувьд гэм буруу, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.      

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э...., Д.... нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Хонгконг” зочид буудлын орчим иргэн Б....т хүч хэрэглэж, “Samsung S6” маркийн гар утас, бэлэн 28.000 төгрөгийг дээрэмдэн, нийт 138.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б....ын “...эрэгтэй, эмэгтэй хоёртой таараад эмэгтэй нь надаас “чи нөгөө бааранд байсан залуу байна” гэхээр нь “үгүй, хүн андуураад байна” гэж хариулаад буруу хараад явж байхад араас хүзүү рүү цохиод авсан. Би эргээд харахад эрэгтэй нь намайг цохисон байсан. Би нөгөө эрэгтэйтэй ноцолдоход эмэгтэй нь халааснаас гар утас, 28.000 төгрөг аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-10-11/, “Дамно” ХХК-ийн СХД3-19-448 дугаар “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 138.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-25-26/, шүүгдэгч Э....ын яллагдагчаар өгсөн “...... надад “энэ залуу надтай бааранд муудалцсан залуу байна, над руу томроод” гэсэн билүү, “оролдоод” гэсэн билүү нэг юм хэлсэн. ... очоод нэг алгадсан. Нөгөө залуу нь ... руу дайрсан. Тэгэхээр нь “эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд шууд нөгөө залууг барьж аваад тонгорч унагаасан. Би дээр нь гараад сууж байсан. Тэр үед ... нөгөө залуугийн утсыг халааснаас нь аваад шууд цаашаа явсан. Би харсан...” гэх мэдүүлэг /хх-43-46/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Б....ын өргөдөл /хх-3/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-18-20, 21-23/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э...., Д.... нарын бүлэглэн, хохирогч Б....ыг зодож, эд зүйлийг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Э...., Д.... нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б....т 138.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдлоо. Уг хохирлыг шүүгдэгч нар төлсөн болох нь шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн хохирол төлсөн тухай банкны орлогын мэдүүлэг, хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэргийг үндэслэн шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар согтуурсан үедээ, бүлэглэж, хүч хэрэглэж өмчлөх эрхэд халдсан, хохирол төлөгдсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д....д 3 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Э....д 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч Э....ын өмгөөлөгч З.Ганчимэг “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгч Д....гийн өмгөөлөгч Б.Баттулга “Учруулсан хохирлоо төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Өмнө нь 2 удаа ял шийтгүүлсэн ч хугацаа дууссан. 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 жил болгож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.      

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Д....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдаж байна.     

Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, оролцсон оролцоо/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд 138.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн/, шүүгдэгч нарын хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, урьд Э.... 1 удаа, Д.... 2 удаа ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэх улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д....д 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э....д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулж өгнө үү” гэж дүгнэлтээ танилцуулсан боловч шүүх хуралдаанаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.  

Шүүгдэгч Э....ын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 21 /хорин нэг/ хоног, шүүгдэгч Д....гийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 13 /арван гурав/ хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулахаар шийдвэрлэв.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зүүн хөхийн гөрөөчин овогт ...гийн ..., Сэргэлэн гүн овогт ...ийн ... нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д....г 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э....ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э....ын урьдчилан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг, шүүгдэгч Д....гийн урьдчилан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э...., Д.... тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д...., Э.... нарын эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э...., Д....  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР