Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1188

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,  

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908000000713 дугаар 2 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний ...тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 518 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 631 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 25 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 408 дугаар таслан               шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар нэмж нэгтгэн 3 жил 3 сарын хорих ял шийтгүүлж ялын хугацаа дуусч суллагдсан, Бичээч овогт ...гийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.... нь Б....тай бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн ... тоотод оршин суух иргэн Д....гийн амины орон сууцанд нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн зурагт, “Эл Жи Жи3” маркийн гар утас, өмд, пүүз зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 254.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы ...тоотод оршин суух иргэн Б....ын амины орон сууцны бүргэд хаалгыг эвдэн нэвтэрч, 14 инчийн ЛСД зурагт, индүү, өмд, цамц зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 244.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Нэг айлын зурагтыг буцааж өгсөн. Хөнгөн ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1708003720165 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч Б.... нь Б....тай бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 25-28-ны орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 4 дүгээр гудамж, 94 тоотод байрлах иргэн Д....гийн амины орон сууцанд нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн зурагт, “LG J3” маркийн гар утас, өмд, пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 254.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Д....гийн: “...2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгаас ээж, ах хүүхдүүдийн хамт гэртээ иртэл урд талын өрөөний эд хогшлуудыг онгичсон, том өрөө рүү ороод үзтэл зурагт байхгүй байсан. Хойд талын өрөө рүү орж үзэхэд хамаг шүүгээ онгичиж ухсан байдалтай байсан. 32 инчийн ЛСД өнгөт зурагт, өмд, пүүз зэрэг байхгүй байсан. Гомдолтой байна. Хохирлоо авмаар байна...

...Би хэрэг үйлдэгдээд удаагүй байхад 32 инчийн зурагтаа буцааж бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Мөн хэзээ билээ дээ манай гэрт хулгай орсон хүнээс үлдэгдэл хохирлын мөнгөө бүгдийг бүрэн гүйцэд хүлээж аваад хохиролгүй болсон. ...Нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-93-95, 228/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.02.08-ны өдрийн СХЗ-18-43 дугаар тайланд: “Тус үнэлэгдэж буюу хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 254.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /1 дүгээр хавтас, хх-106-107/,

Шүүгдэгч Б....ын: “2017 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд 22 цагийн орчим ... бид хоёр ...уулзаад “хоёулаа айл ухъя” гэж ярилцаад хойшоо гэр хороолол руу ороод цэнхэр өнгийн төмөр хаалгатай, банзан хашаатай, хашаандаа цагаан өнгөөр шохойдсон байшин байсан. Уг байшингийн таамбарны цонхны төмөр сараалжин торыг татаж цонхыг түлхэж онгойлгоход ... түрүүлээд нэвтэрсэн. Би араас нь орсон. Байшингийн хойд хэсэгт цонхны доор байх хүрэн өнгийн шүүгээн дээр байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй, 32 инчийн зурагт байсныг аваад, мөн газраар байсан улаан өнгийн пүүзийг ... аваад, би шар өнгийн кет маягийн пүүзийг авсан. Цүнхэнд байсан эрэгтэй хүний жинсэн өмд, цагаан өнгийн ноосон цамц, эмэгтэй хүний өмд, цамц зэргийг ... аваад байшинд орсон цонхоороо хулгайлсан эд зүйлсээ гаргаад ... бид хоёр гудмаар уруудаж явж...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-114-117, 120-121/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-86-89/, эд мөрийн баримт “32 инчийн зурагт” хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-102-103/,

2. Шүүгдэгч Б.... нь Б....тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамж, 303 тоотод байрлах иргэн Б....ын амины орон сууцны бүргэд хаалгыг эвдэн нэвтэрч, 14 инчийн ЛСД зурагт, индүү, өмд, цамцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 352.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б....ын: “...2017 оны 7 дугаар сарын 07-08-ны хооронд үүдний бүргэд хаалганы доод талын буланг эвдэж онгойлгоод 14 инчийн саарал өнгийн зурагт, цагаан өнгийн индүү, аавын цамц, жинсэн өмд алдагдсан байна. Гомдолтой байна...

...Би нийтдээ хохирлын мөнгө гэж 200.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-17, 227/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.05.04-ний өдрийн СХЗ-18-231 дүгээр тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын 2017 оны 7 дугаар сарын 07-08-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 352.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /1 дүгээр хавтас, хх-31-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.08.10-ны өдрийн 4168 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ...“4” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000710013630 дугаараар бүртгэгдсэн ... овогтой ...ын зүүн гарын алганы дардастай тохирч байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-38-43/,

Шүүгдэгч Б....ын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 7 дугаар сард наадмын өмнө ...найз ...ын хамтаар 22 цагийн үед гэр хорооллоор явж байхад дотроо 1 улаан өнгийн тоосгон байшинтай, төмөр хаалгатай модон хашаа байсан. Байшингийн гэрэл унтраалттай байхаар нь хүн байхгүй байна гэж мэдээд ...... бид хоёр бүргэд хаалганы доод талаас нь тэр хашаанд байсан төмөр арматур төмрөөр хөшиж зай гаргаад ороод жижигхэн саарал өнгийн гэж санаж байна ЛСД зурагт 1 ширхэг, цагаан өнгийн индүү авч, ... нэг цагаан өнгийн ноосон цамц аваад өмссөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-74-75/,

Шүүгдэгч Б....ын яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдөр ...... бид хоёр 21 цаг өнгөрч байхад 1 дүгээр хорооллын арын дэнж даваад нилээд хойно очоод модон хашаатай, дотроо улаан өнгийн тоосгон байшинтай айлын цонх гэрэлгүй байхаар хүнгүй байна гэж мэдээд дотогш ороход нохойгүй байсан. Байшингийн бүргэд хаалгыг түгжээний доод талаас хашаанаас нь нарийн төмөр олж эвдэлж ороод жижигхэн цагаан өнгийн зурагт, индүү, жинсэн өмд, сорочкин цамц байсныг би өмсөөд ...хаалгаар буцаад гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 78-80/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар зураглал /1 дүгээр хавтас, хх-7-9/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18-19/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /1 дүгээр хавтас, хх-245/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-20/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-229/, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжуудын хуулбар /1 дүгээр хавтас, хх-223-243/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн тухай 2 ширхэг баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг ...тай бүлэглэн үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч ...д 152.000 төгрөг, ...д 62.000 төгрөгийн төлбөртэй. ... өөрт ногдох хохирлоо төлсөн. Б.... хохирлыг төлөхөөр ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хавтаст хэргийн 227, 228 дугаар хуудсанд хохирогч нар “нэхэмжлэх зүйлгүй” гэж хуульд заасан нэхэмжлэх эрхээ эдэлж байна гэснийг харгалзан Б....ыг төлөх төлбөргүй гэж үзэж байгаа. Шүүх хохирлыг тогтоовол төлөхөд бэлэн байгаа. Хохирлын хэмжээг шүүх тогтооно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч, хохирогч нар нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж би ойлгосон. Тиймээс миний хувьд төлөх төлбөргүй гэж ойлгосон...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... нь Б....тай бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 25-28-ны хооронд, 7 дугаар сарын 07-08-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдад нийт 606.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б....ын бусадтай бүлэглэн хохирогч Б...., Д.... нарын хүн байнга амьдрах орон сууцны хаалгыг эвдэн, цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай 2 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б....д 352.000 төгрөгийн, хохирогч Д....д 254.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.... нь уг хохирлын өөрт ногдох хэсгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хохирогч нар нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүгдэгч Б....ыг бусдад төлөх төлбөргүй” гэх гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.... “...Нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэж, хохирогч Б.... “...Одоо надад нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлсэн /1 дүгээр хавтас, хх-227, 228/ хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим /Б.... хохирол төлсөн, Б.... хохирол төлөөгүй байж болохгүй/-д болон эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б....од ногдох хохирлыг буюу 152.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б....д, 62.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д....д олгохоор шийдвэрлэлээ. Шүүхээс тогтоосон дээрх хохирлыг шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.... төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 ширхэг баримтаар тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байгаа. Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч оргон зайлсан, түүний хувийн байдлыг харгалзан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Өмнө нь ял шийтгүүлж байсан ч ялтай байдал, хууль зүйн үр дагавар арилсан тул анх удаа гэж үзэх учиртай. 1 үйлдэл нь 2002 оны, 1 үйлдэл нь 2017 оны хуулийн үйлчлэлд хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан байгаа. Энэ нь хэр зохимжтой вэ. Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч одоо гэр бүлтэй болсон зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, архи уух зорилгоор үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /Хоёр хохирогчид нийт 606.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 3 удаа ял шийтгэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан/ болон шүүгдэгч Б.... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б....од 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх үндэслэлийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б....ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 хоног, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 30 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 53 хоног, нийт цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв. /1 дүгээр хавтас, хх-50, 129-131, 222-223, 2 дугаар хавтас 30, 31/.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дүгээр “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжид Б....ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цагийг цагдан хорих хоногт оруулан тооцсон байх тул тус 48 цагийн урьдчилан хоригдсоныг нийт хоногт оруулж тооцоогүй болохыг тэмдэглэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөнгөгүй, шүүгдэгч Б.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Бичээч овогт ...гийн ...ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б....ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б....ын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б....ын эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б....од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР